Паралимпийн тамирчид тусгай үүргийн онгоцоор Японоос ирнэ

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 11

Өнгөрсөн хоёрдугаар сард олимпын эрхийн тэмцээнд оролцохоор Япон улсад очсон манай паралимпийн шигшээ багийн тамирчид цар тахлын улмаас эх орондоо харьж чадаагүй билээ. Тэд Японы Яйзү хотод байрлан, бэлтгэлээ хийсээр байсан. Тус хотын сайхан сэтгэлт иргэд манай тамирчдад бүх талаар тусалж байлаа.

Өнөөдөр паралимпийн шигшээ багийнхан тусгай үүргийн онгоцоор эх нутагтаа ирэх гэж байна. Яйзү хотын дарга Хиромичи Накано манай тамирчдыг үдэн мордуулахдаа “Монгол улсын пара хөнгөн атлетикийн шигшээ баг эх орны зүг хөдөллөө. Коронавирусний тархалтаас шалтгаалан тэд нутаг буцаж чадалгүй дөрвөн сарын турш бэлтгэл сургуулилтаа манай хотод хангасан билээ. Бэртэл гэмтэлгүй эрүүл энх байж хичээнгүйлэн бэлтгэлээ хийж ирсэнд, мөн өнөөдөр нутгийн зүг жолоо залж буйд их баяртай байна. Энэ хугацаанд баг тамирчдыг халуун сэтгэлээр дэмжсэн нийт хотын иргэддээ давхар талархсанаа илэрхийлье. Тамирчид та бүхэн бол шигшээ багийн тамирчид төдийгүй Яйзү хотын иргэн юм шүү. Дахин уулзах өдрийг тэсэн ядан хүлээж байна. Ирэх онд Олимп, паралимпийн наадамд өндөр амжилт гаргахыг, шигшээ багийн болон Монгол улсын хөгжил цэцэглэлтийг чин сэтгэлээсээ хүсэн ерөөе” гэж хэлсэн байна.

Тусгай үүргийн онгоц өнөөдөр 19:15 цагт “Чингис хаан“ олон улсын нисэх буудалд газардана.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top