ФОТО: Н.Номтойбаярыг СУЛЛАХ ХҮСЭЛТИЙГ прокуророос эсэргүүцжээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 06 сарын 11

Өнөөдөр /2020.06.11/ нийслэлийн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Н.Номтойбаяр нарын есөн хүнд холбогдох шүүх хурал боллоо. Хурал 14.00 цагт эхэлж, 16.00 цагт завсарласан бөгөөд шүүгдэгч нарын өмгөөлөгчийн гаргасан хүсэлтийн дагуу шүүх хуралдааныг энэ сарын 17-ны өдөр хүртэл хойшлуулах шийдвэр гаргалаа.

Уг хурлын үеэр Н.Номтойбаярын өмгөөлөгч Р.Базаррагчаа, Н.Мандах нар түүнийг суллах тухай санал гаргасан ч прокурорын зүгээс эсэргүүцсэн тул дээрх асуудлыг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээгүй юм.

Хурлын дараа Н.Номтойбаярыг ШШГЕГ-ын харьяа Урьдчилан хорих 461 дүгээр анги руу авч явсан бол түүнийг суллахыг шаардсан иргэд, дэмжигчид шүүхийн байрны гадна уриа лоозон барьсаар үлдсэн юм.

Харин Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Олон нийттэй харилцах мэргэжилтэн Н.Гэрэлтуяа “Шүүгдэгч Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр буюу 2020 оны зургаадугаар сарын 11-ний өдрийн 14:00 цагт эхэлсэн. Шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Батмөнхийн өмгөөлөгч Д.Мөнхтуяа, шүүгдэгч Н.Ууганбаярын өмгөөлөгч Б.Билгүүн, шүүгдэгч Н.Баттөгсийн өмгөөлөгч Д.Батбаяр, шүүгдэгч Б.Нямдаваа, Н.Номтойбаяр нарын өмгөөлөгч Х.Базаррагчаа нар шүүх хуралдааныг хойшлуулах тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч шүүгдэгч нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2020 оны зургаадугаар сарын 17-ны өдрийн 14:00 цагт товлон зарлалаа.
Мөн шүүгдэгч Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандах, Х.Базаррагчаа нар шүүгдэгч Н.Номтойбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлүүлэх тухай хүсэлт гаргасныг шүүх хүлээн авахаас татгалзаж, шүүгдэгч Н.Номтойбаярт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, бусад шүүгдэгч нарт урьд авсан таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж шийдвэрлэсэн” гэлээ.

Харин дээрх шийдвэрийн тухай Н.Номтойбаярын өмгөөлөгч Н.Мандах "Шүүх бүрэлдэхүүн Н.Номтойбаярт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ. Мөн шүүх хурлыг энэ сарын 17-ны өдрийг хүртэл хойшлуулсан боловч цагаа хэлсэнгүй. Хоногт 24 цаг байдаг, бодвол шөнө хуралдахгүй байлгүй. Би үнэхээр шүүхийн шийдвэрт харамсаж байна. Тэд хуулиа зөрчсөн. Сонгуулийн хууль зөрчсөн эсэхээ тайлбарлаж өгөхийг хүссэн. Тайлбарлаж чадаагүй, шүүхэд хамаагүй гэж хэлсэн. Н.Номтойбаяр нэг зүйлийг надаар дамжуулж хэлүүлж байна. Учир нь, энэ хүн үндэслэлгүй шийдвэрээр цагдан хорьж байгаа боловч нэр дэвшигч хэвээрээ шүү гэдгийг хэлүүлж байна. Хоёрдугаарт, 24-ний өдөр сонгууль болно нэр дэвшигч хэвээрээ шүү гэдгийг дамжуулж өгөөрэй гэж хүслээ. Энэ хүн сонгуульд биечлэн оролцох ямар ч боломжгүй, энэ хүнийг гаргахгүй юм байна. Ямар шалтгаанаар гаргахгүй гээд байгаа нь ойлгомжгүй байна. Шүүх цагдан хорих шийдвэрээ хэвээр л гэж тайлбарлаж байна" хэмээн ярилаа.

Top