“Лос-Анжелес” багийн тоглогч Леброн Жеймс АНУ-ын хар арьст сонгогчдын идэвхийг сэргээх хөдөлгөөн өрнүүлж эхэллээ. Ирэх 11 дүгээр сард Америкт Ерөнхийлөгчийн сонгуультай. Энэ сонгуульд хар арьстнууд идэвхтэй оролцвол арьсны өнгөөр ялгаварлах явдлын эсрэг тэмцэлд хувь нэмрээ оруулж чадна гэж Жеймс үзэж байна. Тиймээс хар арьст дуучин, жүжигчин, тамирчидтай нийлж, “Жирийн нэг санал биш” гэсэн хөдөлгөөн үүсгэн байгуулжээ. АНУ-д Жорж Флойд хэмээх өнгөт арьстан эр цагдаа нарын гарт амиа алдсанаас хойш тэмцэл жагсаал үргэлжилж байгаа.
Леброн “Хүмүүс өнгөт арьстнуудын үгийг сонсдог болж эхэллээ. Биднийг тоож анхаардаг болсон нь анзаарагдлаа. Гэхдээ үйл явдалд нөлөөлж, шийдвэр гаргадаг эрхтэй болоход дутуу зүйл байсаар байна. 11 дүгээр сарын сонгуульд идэвхтэй оролцож байж, бид хар арьстнуудын нийгмийн байдлыг дээшлүүлж чадна” гэж уриалжээ. “Жирийн нэг санал биш” хөдөлгөөнд түүнээс гадна Дрэймонд Грин, Эрик Бледсоу, Трэй Янг, Юдонис Хаслем, Стивен Жексон, Скайлар Диггинс-Смит, Кевин Харт нар элсээд байна.
Сэтгэгдэл ( 1 )
Барак Обама USA гийн түүхэнд хамгийн сайн ерөнхийлөгч байсан гэдэгт хэн ч маргахгүй.