Тамавашигийн талаар фэнүүд юу өгүүлэв

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 12

Японы спортын “Никкан спортс” сонины газраас “Ард түмний хайртай сүмоч” санал асуулга явуулж, озэки Такакэйшёо 3659 саналаар тэргүүлсэн талаар бид мэдээлсэн билээ.

Дээд зиндааны манай бөх Тамаваши 940 саналаар 19-р байрт орсон. Ингээд санал асуулгад оролцогчид түүний талаар юу өгүүлснийг сонирхоцгооё.

“Тамаваши жил болгон цусаа хандивладаг донор хүн. Биедээ анхаарал тавьдаг сайн залуу. Цаашдаа удаан барилдаж, биднийгээ баярлуулж яваарай” 40 настай эмэгтэй

“Маш чадалтай бөх. Хүчтэй цүппаридан дайрахад нь дуртай. Хүнийг татах зан чанартай ухаалаг залуу. Тойргийн барилдааны үеэр хамт зураг авхуулъя гэхэд селфи хийж өгөхөд нь их баярласан. Түрүү бөхийн жагсаал дээрх инээмсэглэсэн царайг нь дахин харах сан” 50 настай эмэгтэй

“Эелдэг зөөлөн зантай мөртөө хүчтэй ширүүн барилддаг. Бөх сонирхогчид, фэнүүддээ хайртай, хэнтэй ч хамт зургаа авхуулдаг. Зан ааш, эр хүний мөн чанар нь ёкозүна гэж хэлэхэд болохоор. Тамавашиг цаашдаа ч дэмжиж байх болно” 20 настай эмэгтэй

“Хөдөө орон нутагт тойргийн барилдааны үеэр үргэлж инээд хөөртэй, эргэн тойрондоо баяр баясгалан хайрладаг, эерэг энергитэй бөх. Хоол хийхдээ сайн, оёхдоо гаргуун гэхээр үнэхээр олон талын авьяастай юм” 20 настай эмэгтэй

“Сүмо болсноосоо хойш нэг ч тэмцээн өнжиж үзээгүй гэхээр ёстой төмөр хүн гэхээс өөр юу гэх вэ” 30 настай эмэгтэй

“Спортоор хичээллэж байгаагүй, хэл мэдэхгүй хүүхэд Японд ирээд маш их хөдөлмөрлөж, энэ амжилтад хүрсэн гэж бодож байна” 30 настай эмэгтэй

“Булчинлаг хүчирхэг бие нь таалагддаг” 60 настай эмэгтэй

“Ярилцлага өгч байхдаа инээмсэглэдэг нь хөөрхөн. Дандаа ялж, дандаа ярилцлага өгч байгаасай. Манай Асакүра хотынхон бүгд баярлана” 30 настай эмэгтэй

“Тамавашигийн хурц ухаан, хөөрхөн төрх, барилдаан гээд бүгдэд нь дуртай” 40 настай эмэгтэй

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top