Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Гүйцэтгэх зөвлөлөөс өнгөрсөн Мягмар гарагт цахим хурал хийж, есдүгээр сараас тэмцээн, уралдаанаа сэргээх төлөвлөгөө гаргажээ. Мөн 2020/2021 оны хуваарьт өөрчлөлт оруулах талаар хэлэлцсэн байна. Эцсийн шийдвэрийг дэлхий дахин дахь цар тахлын хэмжээг харгалзан, наймдугаар сард гаргахаар болжээ.
“Бид тамирчид, дасгалжуулагч, шүүгч, үзэгчдийн аюулгүй байдалд бүрэн итгэлтэй болсон цагт л тэмцээн, уралдаанаа зохион байгуулж эхэлнэ” гэж UWW-ийн тэргүүн Ненад Лалович мэдэгдлээ.
Өсвөр үе, 23 хүртэлх насны залуучууд эхлээд тэмцээндээ орно. Есдүгээр сарын 1-нээс аравдугаар сарын 30-ны хооронд өсвөр үе, 23 хүртэлх насны тивийн аваргын тэмцээнийг зохион байгуулна.
Идэрчүүдийн ДАШТ-ийг 11 дүгээр сарын сүүл эсвэл 12 дугаар сарын эхээр Белград хотод хийх болсон. Харин 23 хүртэлх насны залуучуудын дэлхийн аваргын тэмцээнийг хуваарь ёсоор Финландын Тампарад 11 дүгээр сарын 23-29-нд зохион байгуулах юм. 15 хүртэлх нас, өсвөр үе, ахмадын ДАШТ-ийг цуцалжээ. 2020-2021 онд Дэлхийн Цомын тэмцээн хийхгүй.
Насанд хүрэгчдийн ДАШТ-ийг энэ жил зохион байгуулахаар Дэлхийн бөхийн нэгдсэн холбоо төлөвлөж байгаа. Гэхдээ хэзээ, хаана хийхийг ДАШТ-ийг нутагтаа хийх хүсэлтэй холбоодын саналыг үзсэний дараа шийдвэрлэх гэнэ.
2021 оны ДАШТ-ийг Норвегийн Ослод 10 дугаар сарын 2-10-нд хийх болсон талаар бид мэдээлсэн. Харин ямар жинд явагдах нь тодорхой бус. Гэхдээ олимптой жил тул олимпын бус жинд хийх магадлал өндөр.
Токиогийн олимпын чөлөөт бөхийн тэмцээний сугалааны системд өөрчлөлт ороогүй. Жин бүрийн чансааны оноо өндөр дөрвөн бөх хэсэг тэргүүлнэ. Энэ оноог 2019 оны ДАШТ, 2020 онд явагдсан тивийн аваргын тэмцээнүүд, Ромын олимпын эрхийн тэмцээний дүнгээр олгоно. Токиогийн олимп хүртэл чансааны оноогоо Азийн АШТ-д хүндэтгэх шалтгаанаар оролцож чадаагүй Хятад, Хойд Солонгос, Туркменистаны бөхчүүд л нэмэгдүүлэх бололцоотой.
Энэ жил ДАШТ зохион байгуулагдсан тохиолдолд 2020 оны шилдэг бөхчүүдийг тодруулж, мөнгөн шагнал олгох юм. Зохион байгуулагдахгүй бол шагналыг ирэх жилийн шагналд нэмэх юм. Эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдааны гурван төрөлд шилдгээр шалгарсан бөх тус бүр 30 мянган швейцар франк хүртэж, 2-3-р байрныхан 20 мянга, 10 мянган швейцар франкийн шагналтай.
Сэтгэгдэл ( 3 )
монголын бөхчүүд 2019 оны Дэлхийн аваргаас бусдад тэмцээнд оролцоогүй, гэтэл ач холбогдол багатай , Оросод болдог аар саархан,шилдгүүд нь ч ордоггүй , тэмцээнд алгасалгүй оролцдог. 2024 оны олимпийн циклэд шинээр ажиллах дасгалжуулагчид иймэрхүү алдаа давтахгүй байгаасай
хэдэн төгрөг өгөх юм
Манайх авья!