Олимпын хөдөлгөөнийг үндэслэгч Пьер де Кубертений хөшөөг нураах уу!

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 22

АНУ-д цагдаа нар хар арьст эрэгтэйн амийг зэрлэгээр хөнөөсний дараа АНУ, Англид боолын худалдаатай холбоотой түүхэн алдарт хүмүүсийн хөшөө, дурсгалыг нураан сүйтгэж эхэлсэн билээ.

Америкийн уугуул иргэдийг хоморголон хядах үйл ажиллагааг эхлүүлэх үндсийг тавьсан хэрэгт алдарт Христофор Колумб ч унаад байгаа. Спортын ертөнцөд нэгэн эрхмийн хөшөө нураалгах аюулд тун ойрхон ирээд байгаа нь орчин үеийн олимпын хөдөлгөөнийг үндэслэгч Пьер де Кубертений хөшөө юм. Түүний хөшөө эсэргүүцлийн хөдөлгөөн ид өрнөж буй АНУ-ын Атлантад байгаа.
 

Олимп, биеийн тамир, спортын тавцанд гаргасан гавьяа, үйл хэргээс гадна Кубертен Гитлерийн фашист дэглэмтэй хамтран ажиллаж байснаараа алдартай. 1936 оны өвөл, зуны олимпын наадамд тэр арьс өнгөөр ялгаварлан гадуурхах нацист үзлийг дэлхий даяар сурталчлах боломж олгосон юм.

Пьер де Кубертен 1937 онд нас барсан тул Гитлерийн дэглэмийн хамгийн харгис гэмт хэргүүдийг хараагүй. Магадгүй тэр дэлхийн дайн хүртэл амьдарсан бол фашизмийг шүүмжлэх байсан ч байж магадгүй. Гэхдээ тэр 1936 оны олимпын наадмыг ивээн тэтгэх мөнгийг Гитлерээс аваад зогсохгүй, нас барах хүртлээ фашистуудын тусламжийн мөнгөөр амиа зогоож байсан нь үнэн. 1935 оны наймдугаар сарын 4-нд Пьер де Кубертен Германы радиогоор лекц уншихдаа Гитлерийг “Орчин үеийн хамгийн агуу хүний нэг” гэж нэрлэж байлаа.

Кубертен Берлинд 400 мянган хүний багтаамжтай том цэнгэлдэх хүрээлэн барьж, олимпын наадмыг Германд байнга байршуулах гэж байсан гэсэн яриа ч бий. Гитлерийн Засгийн газраас түүнийг Нобелийн Энхтайвны шагналд нэр дэвшүүлж, ялагдахад нь хилэгнэн, германчууд хэзээ ч Нобелийн шагнал авахгүй гэж мэдэгдэж байв.

Олимпын хөдөлгөөнийг үндэслэгч Пьер де Кубертенийг буруутгаж байгаа бас нэгэн шалтгаан бол эмэгтэйчүүдийн эсрэг үзэл.  Кубертен эмэгтэйчүүдийг олимпод оруулахыг эсэргүүцэж, “Эмэгтэй тамирчидтай олимп сонирхолгүй, гоо зүйн хэм хэмжээнд таарахгүй, буруу зүйл” гэж мэдэгдэж байсан удаатай.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top