Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос энэ улирлын тэмцээн уралдааны талаар ээлжит онлайн хурлаа зохион байгууллаа. Хуралд тус холбооны тэргүүн Ненад Лалович (Серби), Гүйцэтгэх зөвлөлийн гишүүн Стэн Зизич (АНУ), Ахролжан Рузиев (Узбекистан), Наталья Ярыгина (ОХУ) нар оролцсон байна.
Энэ үеэр Серби улсын 2020 оны ДАШТ зохион байгуулах хүсэлтийг нааштай хүлээн авсан байна. Албан ёсоор зөвшөөрөгдвөл энэ жил 12 дугаар сарын 12-20-нд насанд хүрэгчдийн дэлхийн аваргын тэмцээн явагдах юм.
2020 оны сүүлийн хагаст явагдах бүх тэмцээнд урьд жилийн тэмцээнээс оролцогчдын тоог 30 хувь цөөлөх, 8-10 шилдэг шигшээ багийг заавал оролцуулах шаардлага тавьж байгаа. Гэхдээ цар тахлын хэмжээ тухайн үед ямар байхаас шалтгаалан, тэмцээнийг зохион байгуулах эсэхээ тухайн үед шийдэх гэнэ.
“Бид оролцогчдын аюулгүй байдалд итгэлтэй байх ёстой. Бага ч гэсэн эргэлзээ байвал ямар ч тэмцээн хийхгүй. Наймдугаар сард дахин хуралдах болно” гэж Ненад Лалович мэдэгдсэн байна.
Энэ удаагийн уулзалтаар зарим тэмцээн явагдах хугацааг урьдчилсан байдлаар баталжээ:
23 хүртэлх насны ДАШТ (Финланд, 11-р сарын 23-29);
Идэрчүүдийн ДАШТ (Белград, 12-р сарын 4-10).
U-23 Европын АШТ-ийг зохион байгуулахаар Босни Герцеговин, Македон, Украин, Словак улсууд өрсөлдөж байгаа холбооноос тус тэмцээнийг энэ жил хийхгүй төлөвтэй байна.
Харин Панамерик болон Ази тивийн холбоодоос ямар ч мэдээлэл ирээгүй тул тус хоёр тивд хийх тэмцээний талаар хэлэлцсэнгүй.
Сэтгэгдэл ( 0 )