Нурмагомед Гажиев хүн амины хэргээр эрэн сурвалжлагдаж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 04

Дагестаны уугуул, Азербайжаны чөлөөт бөхийн шигшээ багийн гишүүн Нурмагомед Гажиев хүн амины хэргээр эрэн сурвалжлагдаж байна. 24 настай Гажиев 2019 оны Европын наадмын мөнгө, 2018, 2019 оны Европын АШТ-ий хошой хүрэл медальтай бөх.

Гажиевийг 27 настай Абдулбасир Омаровыг буудан хороосон хэрэгт сэжиглэн, Дагестанд эрэн сурвалжилж байгаа юм. Дагестаны хэвлэлд бичсэнээр Гажиев, орон нутгийн депутат Магомед Асиятиловын хүүхдүүд болох Суракат, Гусейн нарын хамт зургаадугаар сарын 23-нд Омаровыг буудсан хэрэгт буруутгагдаж байна.

Омаров, Суракат Асиятилов нарын маргаанд Гажиев Суракатыг дэмжин оролцсоноор хэрэг манджээ. Алдарт бөхийг харсан Омаров зугтсан боловч сэжигтнүүд түүнийг барьж унагаан, нуруунд нь хэд хэдэн удаа буудсан байна.

Азербайжаны бөхийн холбооноос “Бидний авсан мэдээллээр Гажиев буудаагүй. Тэр зүгээр л тэнд байсан гэрч” гэж мэдээллээ.

Харин түүний дасгалжуулагч Садрудин Айгубов “Нурмагомед маш тэнэг байдалд орчихлоо. Гэхдээ түүний буруу байхгүй. Хамаатнууд нь маргааны үеэр дэмжихийг гуйсан. Харин Гажиев буруу үед, буруу газар очоод хэрэгт орооцолдсон. Шүүх гэм буруугүйг нь тогтооно” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top