Абдулрашид Садулаев: Хабиб бид хоёрыг харьцуулах шаардлага байхгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 06

Дэлхийн шилдэг бөхчүүдийн нэг Абдулрашид Садулаев уг нь одоо олимпод оролцохоор Токиод очоод, бэлтгэл хийж байх ёстой байлаа. Гэвч цар тахлын улмаас хөл хорионд орж, коронавирус тусан, өвчнөө даван дийлээд, одоо хандивын ажил хийж явна.

Садулаев орон нутгийн "Это Кавказ" сайтын сэтгүүлчтэй тун сонирхолтой ярилцсаныг орчуулан хүргэж байна. Тэд Махачкала хотын морин спортын “Ватан” цогцолборт уулзжээ. Энд Риогийн олимпын наадмын алтан медалийнх нь шагнал болох хурдан удмын морь нь бий.

-Энэ миний хүлэг Танк. Танилцаарай.

-Чи өөрөө “Орос танк” биз дээ?

-Тиймээ, харин морь минь зүгээр л танк. Уг нь Семендер гэдэг нэртэй байсан ч би Танк гэж нэрлэсэн юм. Нэрэндээ тохирсон омголон, тэсвэртэй морь. Би багаасаа морь унаж өссөн. Коронавирусээ эдгээсний дараа би ууланд гарч, морь унасан. Мөн өвөөгийнхөө ажилд тусаллаа.

-Анжис бариулан, чамаар газар хагалуулж байсан өвөө чинь мөн үү?

-Мөн, мөн. Өвөө олимпын өмнө надаар өвөрмөц бэлтгэл хийлгэж, ачаар нь би Риод түрүүлж чадсан.

-Токиогийн олимпын өмнө бас анжистай ажиллах уу?

-Үгүй дээ, одоо надад чөлөөт цаг гэж байхгүй болсон.

-Хөл хорионы үеэр юу хийж, цаг өнгөрөөж байв?

-Коран судар уншиж судаллаа. Англи хэл үзсэн. Дорнын орнуудын түүхийг уншиж, телевиз маш их үзсэн. Мэдээж бэлтгэл хийж байсан.

-Олимпын наадам нэг жилээр хойшилсон нь чамд сайн болсон уу, харамсалтай байв уу?

-Би одоо ч форм сайтай байна. Шигшээ багийн цугларалт хэзээ эхлэхийг хүлээж сууна.

-Допингийн эсрэг ADAMS агентлагийн алдаатай үйл ажиллагаанаас болж, шийтгэл хүлээх шахсан.

-Би 2015 оноос хойш энэ агентлагийн жагсаалтад байгаа. Шалгалтынхан хэзээ ч ирж мэдэх тул би байнга хаана байгаагаа тэдэнд мэдээлдэг байсан. Тамирчдад тун хэцүү байдаг. Жишээ нь, би өглөө 7-8 цагт хаана байхаа мэдэгдсэн бол тэндээ л заавал байх ёстой. Хэрэв яаралтай хэрэг гарвал тэр дор нь мэдэгдэх үүрэгтэй. Гэтэл нэг өдөр “Ноён Садулаев таны бичсэн хаягаар шалгалтынхан очтол та байсангүй. Өглөөний 7 цагт очоод хаалгыг чинь 20 минут нүдсэн. Гурван цагийн дараа дахин ирсэн, хэн ч байгаагүй. Шалтгаанаа тайлбарлана уу” гэсэн захиа ирдэг байгаа. Азаар манай байшингийн хаалган дээр ажиглалтын камер бий. Манаачтайгаа хоёулаа бичлэгийг үзлээ.  Хэн ч ирж байгаа нь харагдсангүй, харин би гарч, орж байгаа нь бичигджээ. Би бичлэгийг шуудангаар илгээлээ. 14 хоногийн дараа “Та гэртээ байснаа өөр юугаар нотлох вэ” гэсэн захиа ирж байна. Би “Хаалган дээр шалгалтын ямар ч хүн байхгүй, харин би гарч байгаа бичлэгийг та нарт илгээсэн. Өөр ямар баталгаа надаас шаардаж байна вэ” гэж асуулаа. Гэсэн ч тэд надад нэг торгуулийн далбаа тавьсан. Одоо би хоёр далбаатай. Энэ торгуулийн оноог олимпын дараа л арилгадаг.

-Гурав дахь далбаагаа авбал тэмцээнд орох эрхгүй болно. Хэрэв дахиад тийм зүйл тохиолдвол Токиогийн олимп ч эрсдэлтэй болох биш үү?

-Намайг одоо жагсаалтаас хасчихсан байна лээ. Би өөрөө ч их гайхаж байгаа.

-Токиогийн олимпод манай шигшээ баг ОХУ-ын далбаан дор оролцох эрхгүй болсон.

-Мэдээж ОХУ-ын төрийн дууллаа сонсож, төрийнхөө далбаан дор оролцоход сайхан байлгүй яах вэ. Гэхдээ улстөрийн асуудлаас болоод тамирчдыг мөрөөдөл болсон олимпын наадамд нь оролцуулахгүй байж таарахгүй.

-Та өнгөрсөн жлийн ДАШТ-ий шагнал гардуулах ёслол дээр Имам Шамилийн зурагтай цамцтай гараад 5000 швейцар франкаар торгуулж, 4 сар барилдах эрхээ хасуулсан. Дахин тийм зүйл хийх үү?

-Ингэж шийтгүүлнэ гэж огт бодоогүй. Тэмцээн биш шагнал гардуулах ёслол шүү дээ. Дахин хийхгүй. Яагаад гэвэл их спорт гэдэг зөвхөн би биш, баг хамт олон, дасгалжуулагч багш нар. Гэхдээ би Имам Шамилийг хүндэлдэг хэвээр байх болно. Тэр бол агуу хүн.

-Таны хамгийн гол өрсөлдөгч бол АНУ-ын Кайл Снайдер.

-Кайл бол маш хүчтэй, чадалтай өрсөлдөгч. Бульдозер чирээд явж байхыг нь би өөрөө харсан. Тиймээс шууд мөргөлдөөд барилдвал аюултай. Техникээ ашиглаж барилдах хэрэгтэй. Хүний хувьд бол Кайл маш их шүтлэгтэй, боловсрол, хүмүүжилтэй залуу.

-2017 оны ДАШТ-д Снайдер ялж, жилийн дараа та хариугаа авсан. Уулынхны омог бардам занг тань бодоод үзсэн ч энэ тэнцээнд та сэтгэл хангалуун биш байдаг байх.

-Бид дахиад барилдах болно. Токиогийн олимпод таарна гэж бодож байсан ч олимп хойшлогдлоо. Хэн нь ч гэмтэж, бэртэхгүй бол ирэх жил уулзана даа.

-Бас нэгэн өрсөлдөгчийн чинь талаар асууя. Та хаана коронавирусний халдвар авсан гэж боддог вэ?

-Ойр дотнынхоо хэн нэгнээс авсан байх. Манай олон хамаатан өвдсөн. Би эхлээд энэ вируст бусад хүмүүсийн адил итгэхгүй байлаа. Халдварын анхны тохиолдол гарлаа гэсэн мэдээлэл сонсоод найзуудтайгаа сонирхоод Махачкала хотын төв эмнэлгүүд рүү утасдаж, байдлыг асуутал тэнд нэг ч халдвартай хүн байгаагүй. Итгэхгүй байсны харгайгаар миний маш олон найз, хамаатан садан халдвар авсан. Би тавдугаар сард коронавирус туссан. Гэхдээ хөнгөн маягаар. Гэртээ 3-4 хоног эмчлээд хөл дээрээ боссон. Сайн дурын ажилтны хувиар дараа нь олон тосгоноор орлоо. Ард түмэн маш ядуу байна. Өнөөдөр авсан мөнгө нь оройн хоолонд л хүрнэ. Ийм хүмүүс гэртээ хөл хорио сахих уу? Тэд надад “Өлсөж үхсэнээс вирусээр үхсэн нь дээр” гэж хэлж байлаа.

-Сайн дурын ажлаа танилцуулаач.

-“Инсан” гэдэг хандивын байгуулагад би ивээн тэтгэгч, сайн дурын ажилтан ч хийдэг. Коронавирусний үеэр ядуусын тоо улам нэмэгдэж байна. Өөрийн биеэр хоол хүнс хүргэж өгдөг.

-Таныг өөрийг чинь ч гэсэн фэнүүд их дэмждэг. Тэд таны Instagram хуудсыг сая дагагчтай болгох арга хэмжээ зохион байгуулж байсан. Танд тийм зорилго байдаг уу?

-Байхгүй. Мэдээж намайг сонирхож, дэмжиж байгаад би баяртай байдаг. Instagram хуудсаа өөрөө хөтөлнө. Гэхдээ бусад хүмүүс шиг зураг оруулаад байх хүсэлгүй. Зар сурталчилгаа тавьж, мөнгө олох дургүй. Инстаграм бол миний хувьд жирийн нэг харилцааны хэрэгсэл. Хариу бичиж амждаггүй ч сэтгэгдлийг бүгдийг уншихыг хичээдэг.

-Олон нийтийн сүлжээнд хүмүүс таныг Хабиб Нурмагомедовтой харьцуулж, хэн нь чанга залуу вэ гэж их маргалддаг.

-Анх удаагаа сонсож байна. Хабиб бид хоёр энгийн сайхан харилцаатай. Хэн хэн нь өөрийнхөө ажлыг хийж байгаа. Харьцуулах шаардлага байхгүй.

-Танд холимог тулаанд орох хүсэл байгаа юу?

-Байхгүй.

-Гэхдээ бөхийн спортыг хаях гэж бодож явсан үе танд бий.

-13-14 настай байхдаа л. Чөлөөт бөхөөр анх хичээллэж эхлэхдээ би үе тэнгийнхнээ бүгдийг нь ялдаг байлаа. Харин дараа нь хэл ам туссан уу, хоёр жил хэртэй огт ялаагүй. Тэр үед бөхийг болье гэж бодож байлаа. Зумрад ахын тэсвэртэй бай гэсэн зөвлөгөөг дагаад чөлөөтдөө үлдсэн.

-Анхны шагнал болох 300 рублиэ ээждээ өгсөн гэсэн. Харин одоо?

-Бас л ээждээ өгдөг. Тоглосон юм. Үнэнийг хэлэхэд чөлөөт бөх баян спорт биш. Гэхдээ би аав ээж, хамаатан садан, найз нөхөддөө туслахыг хичээдэг. Мөнгийг хамаагүй үрдэг гэж хэлэхгүй ч хадгалаад байдаггүй. Хүссэнээрээ л үрдэг.

-Нэг удаа хэдэн зуун мянган рублийн худалдан авалт хийж чадах уу?

-Үгүй.  

-Найзуудтайгаа ресторанд суугаад их хэмжээний мөнгө төлж чадах уу?

-Чадна. Ямар ч хэмжээний мөнгө байсан болно. Гэхдээ одоохондоо хамгийн ихдээ 50-70 мянган рублиэр л дааж байсан байх.

-Арван жилийн дараа та хаана байх бол? Барилдсаар байх уу, эсвэл бизнес, улс төр?

-Одоохондоо мэдэхгүй байна. Одоо миний бүх бодол санаа олимпод чиглэсэн. Би зодог тайлаагүй байна, ялахыг хүсч байна.

Блиц асуултууд

-Дуртай улирал?

-Зун.

-Караокэ юу, бүжгийн талбай юу?

-Бүжиг.

-Амьдрахад хамгийн сайхан газар?

-Дагестан.

-Дуртай кино?

-Туркийн түүхэн цуврал  "Эртугрул".

-Хамгийн амттай хоол?

-Аварын хинкал.

-Кофе юу, халимаг цай юу?

-Кофе.

-Хэдэн хүүхэдтэй болохыг хүсдэг вэ?

-Тав.

-Шүтдэг тамирчин?

- Александр Карелин, Бувайсар Сайтиев, Александр Медведь.

-Хэрэв чөлөөт бөх барилддаггүй байсан бол?

-Хөл бөмбөг.

“Таны хүчтэй тал?

-Бусад хүмүүс хариулах байх.

-Сул тал?

-Хувиа хичээсэн. Гэхдээ зангаа засаж байгаа.

-Таны мөрөөдөл?

-Би мөрөөддөг насыг хэдийн туулаад гарсан. Зорилго тавиад биелүүлэх хэрэгтэй.

-Зорилго?

-Олимпын хоёр дахь алтан медаль.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
matilda(197.234.221.113) 2020 оны 07 сарын 06

Сайн байна уу хатагтай, эрхэм ээ\nБид бол хүмүүсийн мөрөөдлөө биелүүлэх боломжийг олгох үүднээс хувь хүмүүсийн хооронд зээл санал болгодог санхүүгийн бүтэц юм.\nХэрэв танд хувийн төсөл байгаа бол; эсвэл санхүүжилт хэрэгтэй.\nХэрэв та сонирхож байгаа бол бидэнтэй холбоо барьж, зээлэхийг хүсч буй дүн, таны эргэн төлөлтийн үргэлжлэх хугацааг хэлж өгнө үү.\nБидэнтэй цахим шуудангаар холбоо бариарай: matildalecoustre@gmail.com\nwhatsapp: 33 7 52 89 40 37

0  |  0
Top