Гүзээлзгэнэ, талхнаас зүү, хадаас дахин гарчээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 06

Австралид супермаркетуудад зарж байсан хүнсний бүтээгдэхүүнд зүү, хадаас илэрсэн гурван хэргийг цагдаа нар шалгаж байна.

Өмнөд Австрали мужийн цагдаагийн албаны мэдээлснээр, өнгөрсөн сарын 27-ноос энэ сарын 1-ний хооронд “Woolworths” сүлжээ худалдааны төвд борлуулж байсан савтай гүзээлзгэнэ, авокадо дотроос зүү, талхан дотроос хадаас илэрчээ. Хууль хүчнийхэн эдгээр зүйлсийг хүнсний бүтээгдэхүүнд санаатайгаар хийсэн гэж үзэж байна.

Үүнээс өмнө 2018 оны есдүгээр сард Австралийн жимс үйлдвэрлэгч долоон компанийн бүтээгдэхүүнд оёдлын зүү илэрсэн хэргийг шалгаж байсан билээ. Хожим нь банан, алим, лийр зэрэг жимсэнд зүү илэрч байжээ. Австралийн Ерөнхий сайд Скотт Моррисон холбогдох хуулийн заалтыг чангатгаж, энэ хэргийг үйлдсэн этгээдүүдэд 15 хүртэл жилээр хорих ял онооно гэж мэдэгдэж  байсан юм. Sky News Australia сувгийн мэдээлснээр, эл хуулийн төслийг Австралийн Сенат баталсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top