Иранчууд Гасемид олимпын алтан медалийг нь хурдан өгөхийг шаардлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 09

Нэг жилийн өмнө Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2012 оны Лондоны олимпын наадмын чөлөөт бөхийн 120 кг-ийн жингийн аварга Артур Таймазов (Узбекистан) допинг хэрэглэсэн нь тогтоогдсон тул алтан медалийг нь хураан авах шийдвэр гаргасан. Хоёрдугаар байр эзэлж, мөнгөн медаль хүртсэн Гүржийн Давит Модзманашвили ч мөн допингоор медалиа хураалгах болсон билээ. Лондоны олимпод хүрэл медалийг тус жинд Ираны Комейл Гасеми, ОХУ-ын Билял Махов нар хүртсэн бөгөөд Гасеми Таймазовт ялагдсан тул алтан медаль зүүх эрхтэй гэж үзэж байгаа юм.

Иранчууд энэ асуудлаар ОУОХ, Дэлхийн бөхийн нэгдсэн холбоонд хандсан ч одоо болтол хариу аваагүй байгаа гэнэ. Ираны ҮОХ-ны ерөнхийлөгч Сейедреза Салехи Амири өнгөрсөн Мягмар гарагт ДБНХ-ны тэргүүн Ненад Лаловичид хандан захиа бичжээ.

Захианд “Лондоны олимпын наадмын хүнд жингийн бөхчүүдийн допингийн хариу гараад маш их цаг хугацаа өнгөрлөө. Бид танд 120 кг-ийн жингийн медалийг яаж хуваарилах ёстой талаар тайлбар бичиж байсан. Энэ асуудлыг яаралтай шийдэж, Гасемид олимпын алтан медалийг нь олгох шаардлагатай байна. Бөх бол Ираны үндэсний спорт. Ард түмэн, олон нийт анхаарал тавин хүлээж байна” гэж дурдсан байлаа.

Комейл Гасеми Лондоны олимпын дараа 2016 онд Риогийн олимпод мөнгөн медаль авсан. Өнгөрсөн жил зодог тайлсан билээ.

Иранд олимпын аварга зургаан бөх бий. Хэрэв Гасеми медаль авбал долоо дахь нь болох юм.

Голамреза Тахти (1956), Имам Али Хабиби (1956), Абдулла Мовахед (1968), Расул Хадем (1996), Алиреза Дабир (2000), Хасан Яздани (2016).

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top