Долоодугаар сарын башё үзэгчтэй явагдана

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 13

Сүмо бөхийн холбооны Удирдах зөвлөл өнөөдөр /2020.07.13/ хуралдаж, энэ сарын 19-нд Токиод эхлэх Долоодугаар сарын тэмцээнийг үзэгчтэй явуулахаар шийдвэрлэлээ. Японы мэргэжлийн бейсбол, хөлбөмбөгийн лигийн тэмцээнүүд энэ сарын 10-наас эхлэн үзэгчтэй явагдаж байгаа.

Холбооноос бөхчүүдэд хувцас солих өрөө зэрэг бөөгнөрөл үүсэх газарт хэрхэн байх талаар дэлгэрэнгүй заавар гаргажээ. Маргаашаас эхлэн онлайнаар тасалбар зарж эхлэх бөгөөд 10 мянган хүний багтаамжтай Кокүгикан ордонд 2500 тасалбар л зарах юм.

Холбооны тэргүүн Хаккакү ояката “Бөхчүүд, ояката нарт хийсэн шинжилгээний хариу бүгд сөрөг гарсан. Эмч, шинжээчид нараас зөвшөөрөл ч авлаа. Үзэгчдийг аюулгүй орчинд байлгаж чадна гэж бодож байна” гэж сэтгүүлчдэд мэдээллээ.

Үзэгчид бөхчүүдтэй харилцах орчныг хязгаарлаж, барилдаан дууссаны дараа үзэгчдийг хэсэг хэсгээр нь тус тусад нь ордноос гаргана. Үзэгчид амны хаалт зүүж, ороход нь биеийн халууныг хэмжинэ. Ирсэн хүн болгонд ариутгалын бодис олгоно. Мөн бөхчүүдийн нэрийг хэлэн дэмжих, ёкозүнагийн дохёнд гарах ёслол дээр хашхирахыг хоригложээ.

Бөхчүүд барилдах хүртлээ маск зүүнэ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin (103.229.122.193) 2020 оны 07 сарын 14

19 nd ehleh estoi bish uu

0  |  0
Top