"Жи Тайм"-ын гэх тодотголтой гэм буруугийн шүүх хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд өнөөдөр /2020.07.17/ болж байна. Шүүх хурал дөнгөж сая 13:15 цаг хүртэл завсарлалаа.
Улсын яллагч хавтаст хэргийг танилцуулах явцад "Жи Тайм"-ын сүлжээгээр дамжуулж 40 тэрбум 160 сая төгрөг цугларсан. Үүнээс 11300 гаруй иргэнд 26 тэрбум төгрөгийн хохирол учирсан гэх мэдээллийг дурдсан юм.
Хэргийн материалыг танилцуулсны дараа шүүгдэгч Э.Оюунчимэг мэдүүлэг өгсөн юм. Тэрбээр "Надад ямар ч эрх мэдэл байгаагүй. Би зүгээр л сууж байсан. Би өөрөө хохирогч. Би ямар ч мөнгө аваагүй. Яг үнэндээ н.Марат захирал н.Цэндпүрэв хоёр бүх ажлаа гардаж хийдэг байсан.
Монгол Улсад олон хүн хохирсонд би харамсаж байна. Би ийм олон хүн хохирсон гэдгийг яллах дүгнэлтээс мэдсэн. Өөрөө 100 мянган төгрөг төлөөд 2015 оны арваннэгдүгээр сард "Жи Тайм" сүлжээнд нэгдэж орсон. Сүлжээнд элсээд урамшуулалд 100 ам.доллар, нэг машин авсан.
Би энэ сүлжээний гол ажилд нь ороод зааварчилгаа өгөөд байсан юм байхгүй. Намайг 10 хоног эмнэлэгт хэвтээд гараад ирэхэд ийм юм болсон байсан. "Жи Тайм" бол урамшуулалт хөтөлбөр гэж явдаг байсан. Энэ сүлжээнд элссэн тухайн иргэн ардаа хэдэн хүн элсүүлээд ямар урамшуулал авдаг тухай би мэдэхгүй. Тийм нарийн заасан зүйл байхгүй. Би "Жи Тайм"-ын хувьцаа эзэмшигч биш. Би өөртөө ямар ч хүний мөнгө авч байгаагүй” гэв.
ШУУД ДАМЖУУЛАЛТ