"Жи Тайм"-ын хэргийг ДЭЭД ШҮҮХЭД ХҮРГҮҮЛНЭ

Б.Гантуяа | Zindaa.mn
2021 оны 01 сарын 27

“Жи-тайм” гэх тодотголтой шүүгдэгч Э.Оюунчимэгт холбогдох хэргийг Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 7 дугаар сарын 17-ны өдөр хянан хэлэлцэж шийдвэрлэсэн.

Улмаар уг хэргийн хохирогч, иргэний хариуцагч, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргасныг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хэлэлцээд анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол гаргасан зарим оролцогч нарт олгох болон гаргуулах төлбөрт өөрчлөлт оруулж, шийтгэх тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээжээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан эрхийнхээ дагуу хэргийн оролцогч нараас Улсын дээд шүүхэд хандаж гаргасан гомдлоо ирүүлсээр байна. Иймд тус шүүх гомдлуудыг талуудад танилцуулж дууссаны дараа Улсын дээд шүүхэд хэргийг хүргүүлэхээр болжээ. 

Хэргийг сануулахад, Нийслэлийн Давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Э.Оюунчимэгийг зохиомол байдал зориуд бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт хамжигчаар оролцсон гэм буруутайд тооцож, таван жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх ялыг хэвээр үлдээж,  нэр бүхий 200 иргэний хариуцагч, хохирогч нарын гомдол болон хэргийг бүхэлд нь хянаж хохиролтой холбоотой шийтгэх тогтоолын зарим заалтыг өөрчилж шийдвэрлэсэн билээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top