Сансрын “Solar Orbiter” аппарат нарны гадаргуугаас 77 сая км зайнаас авсан нарны гэрэл зургийг дэлхийд илгээжээ. Эрдэмтэд гэрэл зургаас анх удаа нарны бичил дэлбэрэлтүүдийг олж харжээ.
Европын сансрын агентлаг /ЕКА/-ийн мэдээлснээр, “Solar Orbiter” нарны аймаг дахь аяллаа үргэлжлүүлэх бөгөөд ойролцоогоор хоёр жилийн дараа наранд илүү ойртох гэнэ. Solar Orbiter” нарны гадаргуугаас 42 сая км зайд ойртох аж. Энэ нь манай гараг, нар хоорондын зайнаас дөрөв дахин бага юм.
“Solar Orbiter” нь АНУ-ын сансар судлалын НАСА, ЕКА агентлагийн хамтарсан төсөл. Долоон жилийн хугацаатай хэрэгжих энэ төслийн хүрээнд “Solar Orbiter” нарны идэвхжил, туйлын бүсийг ажиглах юм. Сансрын аппаратыг 2020 оны хоёрдугаар сарын 10-нд Канаверал сансрын буудлаас “Atlas V” пуужин тээвэрлэгчээр хөөргөсөн билээ. Төслийн нийт өртөг 1.5 тэрбум ам.доллар юм. Хэт ягаан EUI камераар авсан гэрэл зургаас үзвэл нарны гадаргуу дээр бичил хэмжээний дэлбэрэлт гардаг байна. Одон орон судлаачид энэ үзэгдэлд “нарны түүдэг гал” гэсэн нэр хайрлажээ. Ийм тогтоц нарны титмийг хэт өндөр температур хүртэл халахад чухал үүрэг гүйцэтгэдэг гэж судлаачид таамаглаж байна. “Solar Orbiter” энэ механизмыг бүрэн нээсэн гэж хэлэхэд эрт байгаа ч дараа дараачийн ажиглалтууд үүнийг батална гэдэгт эрдэмтэд итгэж байна. Илүү дэлгэрэнгүй мэдээллийг тэд ирэх оны сүүлээр буюу “Solar Orbiter” аппарат нартай дахин ойртох үеэр авна гэж найдаж байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )