Сэйро: Дахин жюүрёод дэвшихэд хэцүү болсон тул зодог тайлсан

Автор | Zindaa.mn
2020 оны 07 сарын 19

Шикорояма дэвжээний сүмоч, Монгол Улсын Заан Д.Амгаагийн хүү Сэйро А.Өнөболд энэ сарын 13-нд зодог тайллаа.

Түүнтэй Японы Никкан спортс сонины сурвалжлагч утсаар ярилцжээ.

“Банцүкэ арай дээшээ явах бодолтой байсан ч ямар ч гэсэн цолтой бөх болсондоо баяртай байгаа” гэж 15 жилийн сүмо бөхийн амьдралаа дүгнэжээ.

Харин зодог тайлах болсон шалтгааныхаа талаар “Дахин жюүрёод дэвшихэд маш хэцүү болсон болохоор” гэж тайлбарласан байна. Өнгөрсөн жилийн Намрын тэмцээний үеэр тархины зөөлөн бүрхүүлийн үрэвсэл буюу асептик менингит хэмээх өвчин тусаж, 14 хоног эмнэлэгт хэвтэхэд 20 кг турсан байсан гэнэ.

“Эмнэлэгт хэвтэж байхад толгой байнга өвдөөд, үргэлж 39 градус халуурч байлаа. Ямар ч хүч чадалгүй” гэж Сэйро ярьсан байна.

Макүшитад унасан Кюүшюү башёд 50 хувийн амжилт үзүүлж чадаагүй тэр үед зодог тайлах талаар бодож эхэлжээ. Шикорояма оякататай зөвлөсний эцэст Долоодугаар сарын тэмцээний дараа зодог тайлахаар шийдсэн ч коронавирусний нөлөөгөөр Зуны тэмцээн цуцлагдаж, ийнхүү зодог тайлах болжээ.

“Манай багш хал нь гаднаа, хайр нь дотроо хүн. Энэ дэвжээнд орсондоо их баярлаж явдаг. Дэвжээнийхээ маэгашира Абиг озэки болоосой гэж хүсдэг. Намайг сүмод оруулсан их аварга Асашёорюү зодог тайлаагүй байхдаа надад “Улам их хичээ. Нэрнийхээ青 ханзыг өгөөд байхад яагаад ийм сулхан байна” гэж хэлдэг байсан. Аваргад их баярладаг” гэж ярьсан байна.

Цаашдаа юу хийх вэ гэсэн асуултад “Монголдоо харьж, үл хөдлөх хөрөнгийн салбарт ажилламаар байна. Аав минь барилга гээд маш олон ажил хийж байсан хүн. Хэзээ нэгэн цагт компани байгуулах бодолтой байгаа. Коронавирусний улмаас одоо гэртээ харьж чадахгүй байна. Ирэх жил харих байх. Ямар ч гэсэн Японд хэсэг хугацаанд амарна даа” гэж хариулжээ.

Сэйро 1988 онд төрсөн. Их аварга Асашёорюүгийн танилцуулгаар мэргэжлийн сүмод орсон. 2005 онд 17 настайдаа анх сүмо барилдаж байв. 2016 оны Зуны тэмцээнд дээд зиндаанд дэвшиж, макүүчид гурван башё барилдсан. Жюүрёод 31 башё барилджээ.

Өнгөрсөн жилийн Кюүшюү башёд макүшитад унаад байлаа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top