Өнгөрсөн оны Азийн чөлөөт бөхийн шилдэг тамирчин, дасгалжуулагч нарыг шагнах ёслолын ажиллагаа энэ сарын 12-нд онлайн хэлбэрээр явагдлаа.
Энэ ёслол дөрөвдүгээр сард Хятадад болсон тивийн аваргын тэмцээний үеэр болох байсан ч цар тахлын улмаас явагдаагүй юм. Азийн шилдгүүдэд тус бүр 3000 ам.долларын шагнал олгосон.
Шилдэг эрэгтэй бөхийг тодруулахад Азийн аварга, ДАШТ-ий мөнгөн медальт Казахстаны Нуркожа Кайпанов (70 кг), Ираны Алиреза Карими (92 кг) хоёр ижилхэн 90 оноо авсан байна. Тэд мөн Италийн Сассарид болсон тэмцээнд тэргүүлжээ. Алиреза Карими 2019 онд багийн дэлхийн аварга болсон бол Нуркожа Кайпанов Military World Games наадамд мөнгөн медаль хүртсэн. Нур-Султанд болсон ДАШТ-д 92 кг-ийн жинд 18 бөх зодоглосон бол 70 кг-д 30 бөх оролцсон билээ. Олон бөх барилдсан тул 70 кг-ийн Казахстаны Нуркожа Кайпанов Азийн оны шилдэг бөх боллоо. Тэдний ард Энэтхэгийн Баджранг Пуния 80 оноотой орлоо.
Сонгомол барилдааны шилдэг бөхөөр Японы Шинобү Ота 90 оноогоор тасархай тодорсон. Ота Нур-Султаны ДАШТ-д түрүүлж, Загреб, Минскийн тэмцээнд түрүүлсэн. Өмнөд Солонгосын Рю Хан Су, Ким Хен Ву нар түүний ард жагслаа.
Чөлөөт бөхийн шилдэг эмэгтэй тамирчнаар Хятадын Нингнинг Ронг шалгарсан. Тэр мөн 90 оноо авсан байна. 2019 онд хятад бүсгүй ДАШТ-ий мөнгө, Азийн аваргын алтан медаль хүртсэн юм. Киргизийн анхны дэлхийн аварга Айсулу Тыныбекова (85 оноо), Хойд Солонгосын Йонг Ми Пак (80 оноо) нар удааллаа.
Чөлөөт бөхийн шилдэг дасгалжуулагчаар Ираны шигшээ багийн ахлах дасгалжуулагч Гхоламреза Мохаммади Азийн АШТ-д 7 алт, 3 хүрэл медаль авсан, ДАШТ-д багийн дүнгээр 3-т орсон амжилтаар тодорлоо.
Сонгомол барилдааны шилдэг дасгалжуулагчаар Ираны шигшээ багийн Мохаммед Бана, эмэгтэй чөлөөт бөхийн шилдэг дасгалжуулагчаар Японы багийн дасгалжуулагч Хидео Сасаяма шалгарлаа.
Хамгийн шилдэг чөлөөт бөхийн холбоогоор ДАШТ-ийг үлгэр жишээ зохион байгуулсан Казахстаны бөхийн холбоо шалгарч, мөн мөнгөн шагнал хүртлээ.
Сэтгэгдэл ( 0 )