Гадаад худалдаа | Экспорт, импорт буурлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 17

Үндэсний статистикийн хорооноос долоодугаар сарын нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг танилцуулахад экспорт, импорт буурсан тухай мэдээллээ.

Монгол Улсын экспорт өмнөх оны мөн үеэс 782.8 сая ам.доллароор буурсан байна. Ингэж буурахад зэсийн баяжмалын экспорт 324.3 сая ам.доллар, нүүрсний экспорт 911 сая ам.доллароор буурсан нь нөлөөлжээ.

Коронавируст цар тахлаас шалтгаалан хилээ хаасан, түүнчлэн тусгай журмын дагуу нүүрс тээвэрлэж байгаа нь экспорт буурахад нөлөөлсөн байна.

Харин импорт өмнөх оны мөн үеэс 565.2 сая ам.доллароор буурчээ. Ялангуяа импортын гол бүтээгдэхүүн болох автобензиний импорт 50.8 сая ам.доллар, дизелийн түлшний импорт 164.5 сая ам.доллар буурсан байна.

Монголчуудын импортоор авдаг хамгийн том бүтээгдэхүүн болох суудлын автомашины импорт 107.5 сая ам.доллароор буурчээ. Иргэдийн гар дээр бэлэн мөнгөний эргэлт туйлын хомс байгаагаас ийнхүү бараа бүтээгдэхүүн тэр дундаа автомашины худалдан авалтад нөлөөлсөн гэж шинжээчид таамаглаж байна.

Монгол Улс он гарснаас хойш 135 улстай худалдаа хийж, гадаад худалдааны нийт эргэлт 6.7 тэрбум ам.доллароор хэмжигдэж байна. Нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оныхоос 1.3 тэрбум ам.доллароор буурчээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top