Турк улс кыркпынар хэмээх турк үндэсний бөхтэй. Бөхчүүд үхрийн арьсан өмд өмсөж, биеэ тосоор тосолдог тул барьц авах, мэх хийхэд тун хүндрэлтэй. Зарим хэвлэлд тосон бөх ч гэж нэрлэдэг юм. Өрсөлдөгчөө мөрөн дээрээ өргөж гаргах, газарт унагаахад ялалт авна.
Кыркпынар бөх хамгийн удаан үргэлжилдэг тэмцээн гэж Гиннесийн номд бүртгэгдсэн. Тосолсон биетэй бөхчүүд барьцгүй тул барилдаан удаан үргэлжлэх нь аргагүй юм. XIV зууны үед үүссэн энэ бөхийн хамгийн том наадам Эдирне хотод болдог. Аваргадаа 250 мянган ам.долларын шагнал гардуулдаг гэхээр маш том тэмцээн гэдэг нь тодорхой.
Энэ жил 659 дахь удаагаа зохиогдох ёстой байсан ч цар тахлын улмаас 650 гаруй жилийн түүхэндээ анх удаа цуцлагдаж магадгүй болжээ.
Туркийн бөхийн холбооны тэргүүн Муса Айдын “Тосон бөх бол олон зууны уламжлалтай, манай соёл, өв заншлын нэгэн хэсэг. Ямар ч гэсэн уламжлалаа таслахгүй, наадмаа зохион байгуулмаар байна” гэж сэтгүүлчдэд мэдээллээ. Наадмыг үзэгчгүй явуулах санал гарсан ч бөхийн холбооноос уламжлалаа дагана хэмээн хатуу эсэргүүцэж байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )