Хөлөнбуйр хотын наадамд Аймгийн арслан Сэнгэгарав түрүүллээ

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 18

Хөлөнбуйр хотын бөхийн овооны тахилга болон монгол бөхийн аймгийн цол олгох наадам энэ сарын 16-нд Шинэ Барга Зүүн хошууны Толгодын зусланд амжилттай болж өндөрлөлөө.

Энэ жилийн аймгийн цол олгох наадамд Хөлөнбуйр хотын дөрвөн хошууны шилдэг залуу 128 бөх зодоглож, аймгийн арслан, Шинэ Барга Баруун хошууны Сэнгэгарав хоёр дахь жилдээ түрүүлэн аймгийн хурц арслан цол хүртэж, Шинэ Барга Зүүн хошууны залуу бөх Толь үзүүрлэж, аймгийн заан болжээ. Аймгийн хурц арслан, Эвенк хошууны Чандмань, Шинэ Барга Зүүн хошууны залуу бөх Төрцацрал нар шөвгийн дөрөвт шалгарч, залуу бөх Төрцацрал аймгийн начин цол хүртлээ.

Хөлөнбуйр хот нь 2018 оноос эхлэн монгол бөхийн цол олгох барилдаан зохион байгуулж, анхны жилд Шинэ Барга Зүүн хошууны Болдбаатар түрүүлж, аймгийн арслан цол хүртэж, Сэнгэгарав үзүүрлэж байсан юм. Харин 2019 оны наадамд Сэнгэгарав түрүүлж аймгийн арслан цол хүртсэн бөгөөд тэрээр ийнхүү гурван жил дараалан амжилттай барилдаж, хоёр түрүүлж нэг үзүүрлэж, сайн бөх гэдгээ харууллаа.

Хөлөнбуйр хот нь 2019 онд өнгөрсөн барилдаануудынх нь амжилтыг хүндэтгэн үнэлж, мянган бөхтэй наадамд түрүүлж байсан Бат, Алтаншагай, Идэр болон Шилийнгол аймгийн цол олгох наадамд түрүүлж, Шилийнгол аймгийн аварга цол хүртсэн Чандмань нарын ахмад, идэр бөхчүүдэд аймгийн хурц арслан цол олгосон юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top