МҮИС төлбөрөө 20-60 хувь хөнгөлөн оюутнууддаа БЭЛЭГ барьж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 19

Олон улсын тэргүүлэх их сургууль төслийг хэрэгжүүлэгч Монголын хамгийн том Монголын үндэсний их сургууль /МҮИС/-аас “Ковид 19” цар тахлын үеийн эдийн засгийн хүндрэл, хөл хорионы дэглэмийн нөхцөл байдлыг харгалзан сургалтын төлбөрөө 20-60 хувь хөнгөлөн оюутнууддаа бэлэг барьж байна.

Тодруулбал, МҮИС-д шинээр элсэгчдэд ЭЕШ-д 600-аас дээш оноо авсан бол төлбөрийн 60 хувийн хөнгөлөлт эдлүүлэх бол 1-4 дүгээр дамжааны бүх оюутнууддаа 2020.09.10-наас өмнө төлбөрөө төлсөн тохиолдолд 20 хувийн хөнгөлөлт эдлүүлэхээр шийдвэрлэжээ.

Дэлхийд нэрээ дуурсгах хүчирхэг монгол залуусыг бэлтгэх зорилготой МҮИС нь 15 мянган оюутан, 700 гаруй эрдэмтэн багштайгаар олон улсад хамгийн эрэлттэй 250 гаруй мэргэжлээр боловсролын бүхий л үе шатны сургалтын үйл ажиллагааг 22 дахь жилдээ амжилттай явуулж байна.  

Энэ жилийн хувьд Монголын хамгийн том Монголын үндэсний их сургууль нь олон улсын тэргүүлэх их сургууль төсөл болон бүтээн байгуулалтад түлхүү анхаарч ажиллажээ.

Энэ тухай МҮИС-ийн Маркетингийн албаны дарга Ц.Отгонбанди танилцуулахдаа “МҮИС нь олон төсөл, бүтээн байгуулалтаар оюутнууддаа бэлэг барьж байна. Бид Монгол Улсад анх удаа их сургуулийн хотхон хэлбэрээр үйл ажиллагаа явуулж байна. Шинэ бүтээн байгуулалтаас дурдвал 700 хүний “Эвент холл” буюу олон улсын хурал зөвлөгөөн зохион байгуулах боломжтой танхимыг шинээр ашиглалтад орууллаа. Дэлхийн тэргүүлэх их сургуулиудын нэгэн адил 15 давхар 200 ортой нэгдсэн эмнэлэг ашиглалтад орж байгааг дуулгахад таатай байна. Мөн олон улсын стандартын дагуу тав тухтай орчин бүрдүүлсэн 24 цагийн үйл ажиллагаатай 40.000 номын фондтой Азид хоёрт орох том номын санг ашиглалтад өглөө. Түүнчлэн 24 цагийн харуул хамгаалалттай, өрөө болгондоо гал тоо, ариун цэврийн өрөөтэй оюутны орон сууцыг Монголдоо анх удаа ашиглалтад оруулсан. Оюутан болон багш ажилчиддаа зориулан 250-300 авто машины дулаан зогсоолыг ашиглалтад оруулсан гээд бүтээн байгуулалтын өрнүүн амжилтаар 2020-2021 оны хичээлийн жилийг угтаж байна” хэмээсэн юм.

 

Top