Археологийн малтлагаас илэрсэн адууны эрмэл үлдэгдлийн дээжинд хийсэн биологийн дүн шинжилгээг Соёлын өвийн үндэсний төвөөс өнөөдөр /2020.08.20/ танилцууллаа.
Соёлын өвийн үндэсний төв, ШУА-ийн Биологийн хүрээлэнгийн молекул биологийн лаборатори, Монгол улсын их сургуулийн биологийн тэнхимийн эрдэмтэн судлаачидтай хамтран “Усан тэлмэн жороо судлалын академи” ТББ-ын захиалга, дэмжлэгтэйгээр Ховд аймгийн Мөнххайрхан сумын нутаг Үзүүр гялангийн хадны оршуулгаас гарсан адууны эрмэл үлдэгдэлээс адууны нас, хүйс, тухайн адууны явдал тодорхойлох зорилгоор биологийн сорьц дээжийг авч дүн шижилгээ хийжээ.
Судалгааны нэгдсэн дүгнэлтэд
1. Тухайн адууны шүдний цементумын давхарга дахь жилийн цагирагын тоонд үндэслэн насыг тодорхойлсон ба уг адуу нь 19 (±1) настай гэж үзсэн болно.
2. Адууны удамшлын материалд хүйс тодорхойлох Амелогенин (AMEL) генийн хэсгийн тусламжтай хүйс тодорхойлох судалгааг полимеразын гинжин урвалын аргаар хийж энэхүү эртний адуу нь XY хромосом бүхий эр бодгаль болох нь тогтоогдсон байна.
3. Уг судалгаанд жороо адуу болон хэвийн алхаатай нийт дөрвөн адууны цуснаас, мөн эртний адууны яснаас нийт хоёр аргаар удамшлын материал болох ДНХ молекул ялган адууны явдлын өвөрмөц жороо хэлбэрийг нөхцөлдүүлэгч DMRT3 генийн мутант аллелийг тодорхойлоход уг эртний адууны эрмэл үлдэгдэлд DMRT3 генийн А/А гомозигот аллель илэрсэн тул уг адуу нь жороо явдалтай байсан гэж үзсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )