Үхэлтэй “нүүр тулж” явсан үлгэр жишээ ахлагч

Админ | Zindaa.mn
2020 оны 08 сарын 23

Ц.Энхтүвшин, “Таван цагариг”

Өнөөдөр хөлбөмбөгийн клубуудын хамгийн нэр хүндтэй тэмцээн болох УЕФА-ийн “Аваргуудын лиг”-ийн шигшээ тоглолт Францын “Пари Сен-Жермен” - Германы “Бавари” багуудын хооронд явагдана. Мэдээж “Бавари” хүчтэй, арвин түүхтэй, агуу амжилттай баг. “Аваргуудын лиг”-т 10 удаа финалд үлдэж, таван түрүү хүртсэн. Харин хагас зууны түүхтэй “ПСЖ” анх удаагаа “Аваргуудын лиг”-ийн шигшээд шалгарч байгаа юм.

Миний хувьд “ПСЖ” аварга болно гэж таавраа аль хэдийнээ дэвшүүлсэн, аварга болчихоосой гэж ч туйлын их хүсэж байна. Гэхдээ би Францын хөлбөмбөгийн, “ПСЖ”-ийн фэн огтхон ч биш шүү!

Европын багуудаас аль нэг багийг онцлон дэмждэггүй гэдгээ өмнө нь хэлж байсан, одоо ч дахиад нэг сануулчихъя.

“ПСЖ” түрүүлэх хэд хэдэн шалтгаан бий, үүнийг дараагийн постоороо бичнэ, харин энэ удаа “ПСЖ” аварга болчихоосой гэж яагаад хүсээд байгаагаа тайлбарлая.

Шалтгаан нь “ПСЖ”-ийн ахлагч Тиагу Силва. Намайг Бразилын хөлбөмбөгийн үнэнч фэн, Зиког шүтэн биширдэг нэгэн гэдгийг мэдэх нэг нь мэдэх байх. Зиког зодог тайлснаас хойш Бебето, Роналдо, Роналдиньо, Кака гээд үе үеийн Бразилын одод “хайрыг минь булааж” ирсэн. Харин сүүлийн арван жилд миний хамгийн ихээр харсан, хайрласан, хүндэлсэн тоглогч бол Тиагу Силва юм аа.

Яг сарын дараа ( 9.22) 36 нас хүрэх Тиагу Эмилиано да Силва бол яах аргагүй дэлхийн хамгийн шилдэг хамгаалагчийн нэг. Рио де Жанейро хотноо төрж, хөлбөмбөгчний гараагаа “Флуминенсе”-ийн хүүхдийн багаас эхэлсэн Тиагу 20 настайдаа Бразилын дээд лигийн “Жувентуде” багт элсэж, тэр даруйдаа л гарааны тоглогч болсон гэдэг. Бүтэн нэг улирал ч тоглолгүй Португалын шилдэг багуудын нэг “Порту”-д уригдаж, Европт хөл тавьсан. Ер нь хэлний бэрхшээлгүй Португалийн лигт тоглон, Европ хөлбөмбөгт дасан зохицох замыг олон залуу бразил тоглогчид сонгодог л доо. Тэр үед “Порту” хоёр жил дараалан Жозе Моуриньогийн удирдлага доор “Евро лиг” болон “Аваргуудын лиг”-д түрүүлэн ёстой л “азаргалж” байсан тул залуу бразил хамгаалагчид үндсэн багт орох зай, завсар олдоогүй билээ. Тиагу Силва “Порту”-ийн хоёрдугаар багт 14-хөн тоглолт хийгээд 2004-2005 оны улирлыг дуусгажээ. 2005 оны зун Оросын Москва хотын “Динамо” баг Тиагу Силваг багтаа авлаа. Харамсалтай нь Орост ирээд Тиагу Силва нэг ч тоглолтод оролцоогүй юм. Улирлын өмнөх бэлтгэлийн үеэр бразил залуу байнга халуурч, ханиалгах болсон тул эмнэлгийн нарийвчилсан шинжилгээнд хамруулахад сүрьеэ өвчний хүнд хэлбэрээр өвдөөд бараг 6-8 сар нууц үедээ явсан нь тогтоогдсон ажээ. Эмч нар дахиад хоёр долоо хоног болсон бол амь насаа алдах байсан гэдгийг өөрт нь хэлж байсан гэж Тиагу Силва дурссан байдаг. Түүний амьдралын хамгийн хүнд ирлээ. Харь орон, хэл, соёл, цаг агаар, тэс өөр ертөнц, хүнд өвчинд нэрвэгдээд хөл дээрээ ч босож чадахгүй зургаан сарын турш эмнэлэгт, тусгаарлагдсан өрөөнд, цор ганцаараа. Юун хөлбөмбөг тоглох тухай бодох, эдгэрэх юм сан, эрүүл болох юм сан, амьд байх юм сан, зүгээр л амьдрах юм сан гэсэн л хүсэл, тэмцэл ээрч байхад...

Хэдийгээр хагас жил эмнэлэгт хэвтэж, алтан гарт орос эмч нарын ачаар хөл дээрээ дахин боссон ч ахин хөлбөмбөг тоглоно гэж өөрөө ч бодож байсангүй, өрөөл бусад нь ч итгэсэнгүй. “Динамо” гэрээгээ цуцалж, Тиагу төрөлх Бразил руугаа буцлаа. 2006 онд бүрэн эдгэрсэн Тиагу Силва анхны гараагаа эхэлсэн “Флуминенсе” багтайгаа эргэн нэгдлээ. Хоёр жил тоглохдоо 81 тоглолтод оролцож, 6 гоол оруулсан нь төвийн хамгаалагчийн хувьд муугүй үзүүлэлт. Түүнийг Европ руу дахин дуудлаа. Энэ удаа Италийн алдарт “ Милан” багт.

Ердөө л хоёрхон жилийн өмнө хүнд өвчинд ороогдож, хөлбөмбөгчний замналаа дуусгах тухайгаа бодож, Оросын дундаж баг “Динамо”-д гологдож байсан залуу Италийн төдийгүй дэлхийн хамгийн шилдэг багуудын бүрэлдэхүүнд тоглох цаг ирнэ гэдгийг хэн төсөөлөх билээ. Хамгаалалтаараа дэлхийд зартай итали хөлбөмбөгт, Италийн лигт бразил хамгаалагч тодроод, бүүр “Сери А”-ийн шилдэг хамгаалагч болсон юм шүү. 2008 оноос Тиагу Силва Бразилын олимпын болон үндэсний шигшээ багт дуудагдах боллоо. 2008, 2012 оны Олимпын наадамд мөнгө, хүрэл медаль хүртээд ч амжив. Шигшээ багтаа ч байр сууриа баттай олж, удалгүй “Милан”-ы ч, Бразилын шигшээгийн ч ахлагчийн туузыг зүүлээ. Түүнийг 2010 онд Испанийн домогт “Реал Мадрид” баг урьж, 20 сая евро дээр Ван дер Ваартын эрхийг санал болгосон ч “Милан” ч, Тиагу Силва өөрөө ч татгалзжээ. Харин 2012 онд Тиагу Силва “ПСЖ” рүү 42 сая еврогоор шилжиж, тухайн үедээ дэлхийн хамгийн үнэтэй хамгаалагчдын хоёрдугаарт бичигдэж байв. “ПСЖ”-д очсон даруйдаа л багийн ахлагчаар сонгогдсон.

Түүний талбай дээр ч, талбайн гадна ч биеэ авч явах байдал, бусдыг удирдан манлайлах чадвар гайхалтай гэгддэг. Жинхэнэ төгс ахлагч гэхэд болно доо. Түүний “Бразил-2014” болон “ОХУ-2018” хөлбөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хийсэн гурван ч тоглолтыг цэнгэлдэхэд дэргэдээс нь үзэж, 2018 онд Сербийн хаалганд гоол оруулж байхыг харж явлаа. 2014 оны ДАШТ-ий хагас шигшээд Тиагу Силва, Неймар хоёр тоглосон бол гэсэн бодол одоо ч арилдаггүй, огт өөр үр дүн гарах байсан гэдэгт ердөө ч эргэлздэггүй юм.

Түүний даруу төлөв зан байдал, инээмсэглэл онцгой сэтгэгдэл төрүүлж байлаа, хувь хүнийхээ хувьд.

Тоглогчийн хувьд ч гайхамшигтай. Тоглолт унших, бөмбөг мэдрэх, байрлалаа зөв эзлэх, ур чадвар, техник, тактикийн гүйцэтгэл, талбай дээр багийнхандаа үзүүлэх нөлөө, лидерийн зан чанар гээд үнэхээр бишрэм. Дээр нь хамгаалагч хүн гэхэд тун цэвэрхэн тоглолттой.

Бразилын шигшээгийн хамт “Копа Америка” болон “Холбоодын цом”-д түрүүлж, “Флуминенсе”-тэй Бразилийн цомын аварга, “Милан”-тай Италийн аварга, Супер цомын аварга, “ПСЖ”-тэй Францын долоон удаагийн, цомын болон супер цомын тус бүр таван удаагийн аварга болж байсан Тиагу Силва дахин нэг цом, тэгэхдээ бүүр хамгийн үнэ цэнэтэй “Аваргуудын лиг”-ийн “ Дэлдэн чихтэй” цомыг өргөхөд ганцхан тоглолт, ганцхан ялалт дутуу байна.

Бусад нь яах вээ, үхэлтэй “ нүүр тулж”, өвдөж зовж явсан , тамирчны замнал нь харих үедээ ирж буй Тиагу Силва маань л “Аваргуудын лиг”-ийн аваргын цом өргөж байвал...

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
0099(66.181.161.30) 2020 оны 08 сарын 23

Гоё бичиж

0  |  0
Dorj(120.17.151.123) 2020 оны 08 сарын 23

Goyo bichjee, bi tanai naiziig demjlee

0  |  0
Su ah(202.179.26.158) 2020 оны 08 сарын 23

Мундаг агуу тэгээд даруухан,хөл бөмбөгийн шилдгүүдийг төрүүлдэг өмнөд Америкийн Бразиль тамирчинд амжилт хүсье.

0  |  0
Top