“ПСЖ” уу? “ Бавари” юу?

Админ | Zindaa.mn
2020 оны 08 сарын 23

Ц.Энхтүвшин , “Таван цагариг”.

Өнөөдөр хөлбөмбөгийн энэ оны хамгийн чухал тоглолт, УЕФА-ийн “Аваргуудын лиг”-ийн шигшээ тулаан Лиссабон хотын “Эштадиу да Луш” цэнгэлдэх хүрээлэнд Францын “Пари Сен Жермен” - Германы “Бавари” багуудын хооронд болно. “Хорон” цар тахлын улмаас энэ зун явагдах байсан “Копа Америка” болон “ ЕВРО-2020” гээд хөлбөмбөгийн томоохон тэмцээнүүд хойшлогдсон болохоор “Аваргуудын лиг” яах аргагүй энэ оны хамгийн чухал тэмцээн болж байна. Мэдээж хөлбөмбөг сонирхогчид, хөгжөөн дэмжигчид өдийд танайх, манайхдаа тулаад, өөр хоорондоо маргаад, бооцоогоо тавиад , таамгаа уралдуулаад сууж байдаг үе л дээ.

Миний хувьд “ Аваргуудын лиг”-ийн энэ жилийн финалд “ПСЖ”-“Бавари” хоёр үлдэнэ , тэгээд “ПСЖ” аварга болно гээд шөвгийн найман баг үлдээд байхад хэлсэн.

Яагаад “ПСЖ” түрүүлнэ гэж “ тооцоолж” буй өөрийн бодлоо харин одоо дэлгэе.

Хамгийн том шалтгаан бол “ПСЖ” түүхэндээ “ Аваргуудын лиг”-т түрүүлж үзээгүй баг. Нэг үгээр хэлбэл том ялалтаар “өлсгөлөн” байгаа. Ийм багаас ямар ч хүч, сэтгэл, хүсэл тэмүүлэл, тэсвэр тэвчээр гарахыг таашгүй, маргаангүй маш том давуу тал.

За тэгээд энэ жилийн хувьд “ПСЖ” дотоодын лиг нь эрт, бүүр гуравдугаар сард дууссан, сая “Аваргуудын лиг”-ийн плэй-оффт харьцангуй сулавтар багуудтай таарсан. Хагас шигшээ тоглолт нь бас л нэг хоногийн өмнө болсон. “Бавари” бол эсрэгээрээ лиг нь зургадугаар сард дууссан, “Аваргуудын лиг”-т “Челси”, “Барселона” зэрэг том багуудтай таарсан, хэдийгээр хол зөрүүтэй хожсон ч ачаалал их авсан нь гарцаагүй. Товчоор бол “ПСЖ” өрсөлдөгчөөсөө ачаалал, тоглогчдын ядралт бага. Адилхан шилдэг багууд, ойролцоо ур чадвартай багуудын тоглолтод тоглогчдын амралт багагүй нөлөө үзүүлнэ.

За тэгээд Неймар. Өмнө нь “Барса”-д байхдаа “Аваргуудын лиг” түрүүлж байсан ч, Мессигийн “сүүдэрт” дарагдаад түүний гавьяа бага үнэлэгдсэн. Тэгвэл одоо түүнд боломж гарсан, түрүүлбэл Неймартай гавьяаг нь булаацалдах хүн байхгүй. Неймар шиг супер од бүрэлдэхүүнд нь байгаа баг давуу тал ихээхэн гарна. Өндөр техник, уран хууралтаараа ямар ч хамгаалагчийг дөнгөж орхих чадвартай Неймар тоглолтын хувь заяаг ганцаараа ч эргүүлчих бүрэн боломжтой. Супер одууд ер нь хэрэгтээ цагт, хэрэгтэй юмаа хийж байж л супер гэгддэг л дээ.

Багуудын бүрэлдэхүүн, байрлал тус бүр дэх давуу тал ойролцоо. Хаалгач, довтолгоо эн тэнцүү, хагас дээр “Бавари” илүү бол хамгаалалтын шугаманд “ПСЖ” илүү найдвартай.

“ПСЖ”-ийн прессинг их гоё болж байгаа, үүнд Неймар, Мбаппе, Ди Мариа нар ч тун сайн оролцож байгаа. Бөмбөг булааж авсан хойно Мбаппе ч, Неймар ч сөрөг довтолгоонд тун аюултай. Иймэрхүү цөөнгүй давуу талаа “ПСЖ” бүрэн ашиглаж чадвал хожиноо.

За ямартай ч тун гоё финал болно, гурваас доошгүй гоол орох байх. Тэгээд «ПСЖ» цом өргөнө л гэж бодоод байна даа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top