Олон улсын сагсан холбоо буюу ФИБА-гаас 5х5 Дэлхийн хамгийн шилдэг ур чадвартай багийг тодруулах ур чадварын Дэлхийн аваргын тэмцээнийг зохион байгууллаа. 17 хүртэлх насны ангилалд явагдсан энэхүү тэмцээний аваргаар Монголын цог золбоот хөвгүүд тодорсон нь Дэлхийн нийтийг ангайлгасан үйл явдал боллоо.
Өсвөрийн сагсчид “Монголын багийн спортын анхны дэлхийн аварга” хэмээх эрхэм алдарыг хүртэхдээ гурван дээд амжилтыг тогтоож, дэлхийн сагсан бөмбөгт өвөрмөц түүхийг үлдээлээ. Тодруулбал, Монголын баг хасагдах шатанд Гвиней улсын эсрэг 119:111, Пуэрто Рико улсын эсрэг 118:109, аваргын төлөө Болгар улсын 99:124 оноог авч, өөрсдийн тогтоосон онооны дээд амжилтаа шинэчилсээр аварга болж чадлаа. Харин анхдугаар ур чадварын Дэлхийн аваргын тэмцээнд хүрэл медалийг 118-113 харьцаатай Панамыг хожсон Гвиней улсын баг хүртжээ. Эмэгтэй багуудаас урд хөрш БНХАУ-ын баг 118-119-ээр Польш улсын багийг хожиж, Дэлхийн аварга болсон бол хүрэл медалийг 162-130 харьцаатай Литвийн багийг хожсон Испаний баг хүртжээ.
Монголчуудын бахархал нэгээр нэмэгдэж байгаа баяртай мэдээтэй хамт бас нэгэн гайхалтай мэдээ байгаа нь Монголын 5х5 сагсчид үүнээс хойш олон улсын тэмцээнүүдэд чөлөөтэй оролцох боломжтой болж байгааг дуулгаж байна. 2013 оноос хойш 5х5 сагсан бөмбөгийн төрөл МСБХ-ны нэр барьсан хэсэг бүлэг хүмүүсийн буруутай үйл ажиллагааны улмаас дэлхийд өрсөлдөх эрхээ хасуулаад байсан юм. Үүнээс хойш дэлхийн сагсан бөмбөгт Монгол гэдэг нэр үеийн үед тодоор дурсагдана гэдэгт итгэлтэй байна гэж Монголын сагсан бөмбөгийн холбооноос мэдээллээ.
Сэтгэгдэл ( 1 )
Мундаг байна амжилт дүү нар