Асашёорюү Д.Дагвадоржийн 21 жилийн өмнөх АНХНЫ ЯРИЛЦЛАГА

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 25

Мэргэжлийн сүмо бөхийн Их аварга, Асашёорюү Д.Дагвадорж зодог тайлаад 10 жил өнгөрчээ. Аса аварга бол Монголын анхны озэки, ёкозүна. Араасаа олон монгол арслан, аварга дагуулсан булган сүүлтэй, ач тустай ах. Хакүхо, Харүмафүжи, Какүрюү нар Асашёорюүгийн гаргасан замаар замнаж, алдар хүндийн оргилд гарсан билээ.

Өглөөний хөх луу 2010 оны нэгдүгээр сард зодог тайлсан. Түүнийг зодог тайлсны дараа Монголд төдийгүй Японд, дэлхийд сүмо үзэгчдийн тоо эрс буурч байлаа. Ингээд Асашёорюүгийн Монголын хэвлэлд өгсөн анхны ярилцлагыг толилуулж байна. 18 настай байхдаа түүний хэлж байсан үгс одоогийн залуу тамирчдад хэрэгтэй, сургамжтай байх болов уу.


 Д.ДАГВАДОРЖ: ЁКОЗҮНА БОЛОХ ЗОРИЛГОТОЙ
 

1999 оны 2-р сарын 15, “Таван цагариг” сонин, М.Сугар-Эрдэнэ

Хэдхэн жилийн өмнө хэн ч мэддэггүй байсан “сүмо” гэдэг харь үг монгол хэлний үгийн санд нэгэнт оржээ. Эв дүйгүй хэдэн тарган улс өчүүхэн жижиг дэвжээн дээр гарч ирэн, түлхэлцэж байхыг үзээд, “мэх зах байдаггүй хаашаа барилдаан бэ” хэмээн гайхширч байсан цаг саяхан. Тэгвэл одоо манайхан алс холын Япон орны үндэсний энэ бөхийг бараг өөрийн бөх шиг мэддэг болж, аварга арслангуудыг нь нэр заан хэлж, барилдааныг нь дүгнэн ярилцдаг болов. Энэ нь ч аргагүй. Мэргэжлийн сүмо дахь Монголын анхдагч Кёкүшюүзан, Кёкүтэнхо, Кёкүтэнзан нарын уран сайхан барилдаан угаасаа бөхөд  дуртай монгол түмнийг сүмо хэмээх харь үндэсний бөхийн амтанд оруулсан билээ. Нэгэнт “анхдагч гэж байгаа хойно, ”удаалагч“ байх нь зүйн хэрэг. Мэргэжлийн сүмод аль эрт нэр хүнд, байр суурьтай болцгоосон КёКү-нуудын араас тэдний адил сүмочин болохыг зорьсон монгол залуус ирсээр байна. Тэдний нэг, Монгол улсын заан Д.Долгорсүрэнгийн хүү Д.Дагвадоржтой уулзан ярилцсанаа уншигч олондоо хүргэе.

Д.Дагвадорж  18 настай. 1996 онд өсвөр үеийнхний үндэсний бөхийн барилдаанд түрүүлж, мэргэжилтэн бөх сонирхогчдын анхаарлыг гойд татсан залуу. Аль ч талаасаа бөхийн удамтай энэ залууд монголчууд их л итгэл найдвар тавьж байсан билээ. Гэтэл Д.Дагвадорж гэнэт сүмо бөхийн замыг сонгосонд харамсан, “Ээ дээ, үндэсний бөхөөр явсансан бол” хэмээн суугаа олон хүн байсан нь лавтай. Тиймээ, ирээдүйтэй залуу бөхийн тоонд зүй ёсоор багтаж явсан Д.Дагвадорж яагаад сүмо бөхийг сонгов оо? Энэ талаар Д.Дагвадоржоос өөрөөс нь илүү ярих, мэдэх хүн хэн байх билээ дээ.

-За ярилцлагаа “Та яагаад сүмо бөх болохоор шийдэв ээ, үндэснийхээ бөхөөр явсан бол дээр байх байсан юм биш үү” гэсэн асуултаар эхэлье.

-1997 оны 6-р сард Японы Коочи мужийн Мэйтокү сургуулийн захирал Ёшида Монголоос сүмо бөхөд орох хөвгүүдийг шалгаруулж авахаар Улаанбаатар хотод очсон. Энэ сургуульд урьд нь софт теннисний монгол хүүхэд байсан юм билээ. Тэр үед  Д.Батбаяр ах ид мандаж байсан болохоор сүмо бөхийн багтаа монгол хүүхэд авъя гэж шийдсэн хэрэг. Тэгээд 200-гаад хүүхдээс амжилт, бөхийн удам, барилдаан зэргийг нь харж байгаад Л.Бадарч начны хүү Дашням бид хоёрыг авсан юм. Тэр жилийнхээ 9-р сараас сургуульдаа орсон. Намайг үндэсний бөхөөрөө барилд гэж олон хүн хэлсэн л дээ. Ээжийн ах Х.Пүрвээ ах хүртэл хэлж байсан. Хүмүүс сүмод ороод муухай таргална, нэг их бүдүүн амьтан болчихно гэж бодоод байгаа юм. Надад бол сүмо бөх барилдахад болох юм шиг санагддаг. Бас урьд нь гадаад явж үзээгүй болохоор Япон орныг хармаар санагдаад. Аав маань ч “барилдаад үз” л гэж хэлсэн, би ч “үзээд алдъя” гэж л бодсон доо.

-Ямар сургуульд орчихов, бэлтгэл сургууль нь ямар байх юм?

-Мэйтокү дунд сургууль спорт, гадаад хэлний чиглэлийн сургууль. Гадаад харилцаа ихтэй, Японд спортоороо хүчтэйд тооцогддог сургуулиудын нэг. 1997 онд багаараа Бүх Японы дунд сургуулиудын сүмо бөхийн аварга болж байсан юм. Анх ирээд “сүмогийн дэвжээ биш, зүгээр дунд сургууль юм чинь гайгүй байх” гэж бодсон чинь харин бэлтгэл сургууль нь их чанга хатуу байдаг байгаа. Монголд хийж байгаагүй бэлтгэл их хийдэг. Би өнгөрсөн жил Японы аваргаар 3-т ороод, энэ жил унагаачих хүндээ унаад эхний 8-т орж их харамссан. Яг төрсөн өдөр маань байсныг ч хэлэх үү. Би Мэйтокү сургуулиас мэргэжлийн сүмод орсон 4 дэх бөх болоод байгаа.
 


-Таныг бөхийн удамтай гээд л ярьцгаадаг. Яг өөрөөс тань сонсмоор байна. Бусдын сонсоогүй дуулаагүй зүйл ч гэнэт санаанд орчих ч юм бил үү?

-Аав, ах нарыг маань хүмүүс сайн мэднэ. Ээжийн маань аавын ах Дэлэг арслан гэж хүн байсан. Харин аавын маань аав сумын заан цолтой, 185 см орчим өндөр нуруутай, их том хүн байсан гэдэг.

-1996 оны наадмаар Д.Сумьяабазар ах чинь Улсын Зааны болзол биелүүлээд туг тойрч явахад өөрөө бас түрүүлээд туг тойрч таарсан?

-Харин тийм. Ахыгаа заан боллоо гээд өөрөө түрүүлснээс илүү баярласан шүү.

-Ер нь үндэсний бөхөөр дагнасан бол гэх эргэлзээ төрөх үе байдаг уу?

-Анх ирж байхад жин багатай болохоор мөргүүлээд л дэвжээнээс гарчихдаг байлаа. Ялагдах үед эргэлзээ төрдөг байсан. Одоо бол сүмог зах зухаас нь ч гэсэн гадарладаг болсон болохоор зүгээр. Тэгээд ч одоо эргэлзэж суух цаг биш. “Эр хүн санасандаа, эмээлт морь зорьсондоо” гэж манайхан ярьдаг шүү дээ.
 


-Шинэ бөхийн шалгалтанд хэзээ орсон бэ? Юу шалгаж байх юм?

-12-р сард орсон. Биеийн өндөр, жин, гар хурууны чадал үзэж, зүрхний бичлэг хийж, цээжний зураг авсан. Шинэ бөхчүүд сүмогийн ордон дотор сүмогийн түүх, домогт аваргууд, ёс заншлын тухай хичээл үзэж, хамтарсан бэлтгэл хийдэг.

-Анх дэвжээнд ороод ямар сэтгэгдэл төрөв дөө?

-Мэргэжлийн дэвжээ гэдэг ямар сайхан юм бэ гэж бодож байлаа. Цолтой том бөхчүүдээ харахад сүрлэг, тэнгэрлэг харагдаж байсан шүү.   

-Өдрийн дэглэм шахуу байв уу?

-Өглөө 6 цагт босдог. Дараа нь 7 цагаас 11 цаг хүртэл бэлтгэл хийнэ. Бэлтгэл дуусаад эрэмбээрээ усанд орж, хоолоо идээд өдөр унтаж амардаг. Орой нь цэвэрлэгээ хийгээд, ах нарынхаа хий гэснийг хийгээд 23 цагт унтана даа.

- Ах нар гэснээс сүмо бөхийг дэглэлт ихтэй гэдэг?

-Анх дэвжээнд орохдоо ч “ёстой алуулдаг байх” гэж бодож байсан чинь зүгээр юм. Ер нь дэглэлт гэдэг хувь хүнээс өөрөөс нь хамаарна. Хий гэснийг нь хийгээд ухамсартай явж байхад хэн ч яах ч үгүй шүү дээ. Харин чадахгүй бол загнуулна, зодуулна. Гэхдээ манай Вакамацү дэвжээнд нэг их дэглээд зодоод сүйд болоод байдаггүй. Ояката ч, цолтой бөхчүүд маань ч их сайн хүмүүс. Ояката манай Коочи мужийн хүн. Дээд зиндааны Асаношёо, одоо жюүрёод байгаа Асановака хоёр хоёулаа дээд сургууль төгссөн боловсролтой. Харин дэг ихтэй дэвжээ байдаг гэсэн. Манайх бол зүгээр. Би одоо болтол “ухамсрын шанаа” аваагүй л явна.
 


-Үндэсний бөх, сүмо бөх хоёрын мөн чанарын ялгаа нь юундаа байна?

-Сүмо бөх дэвжээний нэртэй. Үсээ ургуулж, тусгай засалт хийлгэдэг. Дэвжээндээ бөөнөөрөө бэлтгэл хийн, нэг газарт амьдардаг. Эрэмбэ дарааг нарийн баримтална. Доод бөхчүүл дээдчүүлийнхээ бүх юмыг хийдэг. Манайхан мэдэх болохоор олон юм яриад юу хийх вэ. Барилдааны хувьд гэвэл үндэсний бөх барьц ихтэй, няхуур нямбай барилдвал бяртай хүн хэр барагтай өвдөг шороодохгүй. Сүмо жижигхэн дэвжээтэй болохоор хүчтэй хүн ялагдах тохиолдол элбэг.

-Манай бөхчүүл сүмо шиг хамт амьдраад бэлтгэл хийвэл яах бол?

-Болохгүй юмгүй л дээ. Би ямар том бөх биш юу хэлэх вэ дээ. Гол нь аварга, арслангаа хүндлэх, цолын эрэмбээ баримтлах. Манайд энэ тал дээр дутагдалтай юм шиг санагддаг.

-Аль ч улс оронд бөхчүүлээ хайрлан хүндэлдэг. Японд ямар байх юм?

-Өө, Японд сүмо бөхчүүд бурхан л гэсэн үг. Хүн болгон бөхөлзөөд л хүндлэнэ гэж.
 


-Таны хүндэлдэг сүмоч хэн бол?

-Нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлсэн Чиётайкайгийн барилдаан таалагддаг. Их дайчин, ялъя гэсэн эрмэлзэлтэй бөх. Хаврын тэмцээний банцүкэгээр озэки боллоо. Мэдээж хэрэг, Монголынхоо 3 бөхийг, дэвжээнийхээ бөхчүүдийг хүндэлдэг.

-Монголын үндэсний бөхчүүдээс?

-Аавыгаа, Б.Бат-Эрдэнэ аваргыг, Ц.Дамдин болон Ш.Эрдэнэбилэг багш нараа хайрлан хүндэлж явдаг. Б.Бат-Эрдэнэ аварга 9-р сард манай сургууль дээр ирсэн. Их баярласан шүү.

-Таны бодлоор бөх хүн гэдэг ямар байх ёстой вэ?

-Б. Бат-Эрдэнэ аварга шиг ухаантай, бяртай.

-Одоо жин хэд байна? Нэмэх бодолтой байна уу?

-Анх ирэхэд 85 кг байсан бол одоо 110 кг болсон. Нэг их нэмэхгүй, 150 кг байхад болно. Сүмод хүнд жинтэй хүн өрсөлдөгчөөсөө давуу талтай. Гол нь хүнд жинтэй, хөл сайтай байх хэрэгтэй. Би зарим сүмо бөх шиг цүндгэр бүдүүн биш, булчинлаг биетэй байя гэж бодож байгаа.

-Сүмогийн мөргөлдөж золгох, алгадах мэх хэцүү биз?

-Жинтэй хүнтэй мөргөлдөхөд хэцүү, заримдаа толгой дүүрээд, нүдэнд оч гялалзах үе ч байдаг. Гол нь энэ үедээ дүйнгэтэж зогсолгүй түрэлтийг нь тогтоогоод, гялс мэх хийх. Ер нь нэг эвслээ олчихсон байхад хүндрэл байхгүй. Харин мөргөлдөх дасгал их хийхээр хүзүү өвддөг юм. Зодог тайлсан хойноо зарим бөхчүүд хүзүүний өвчтэй болдог гэж Д.Батбаяр ах хэлсэн.

-Монголынхоо 3 бөхтэй уулздаг уу?

-Хааяа утсаар ярьдаг. Хамаагүй үргэлж яриад байж болохгүй. Дэвжээний дэг гэж нэг юм бий.

-Сүмогийн нэр тань Асашёорюү буюу Өглөөний хөх луу. Нэг л сонин санагдах юм. Хэн өгсөн юм бэ?

-Мэйтокү сургуулийн захирал Ёшида өгсөн. Манай сургууль өндөр уулын дунд байрладаг. Нэг уулынх нь оройд байдаг сүмийн нэр. Сүм хүртэл 200 метр урт шаттай. Бид нар тэнд нь байлаа. Харин яагаад надад чухам энэ нэрийг өгсөн учрыг нь сайн мэдэхгүй юм. Нэрийг бол дараа сольж болно л доо. Гэхдээ гол нь нэрэндээ биш, сайн барилдахдаа биздээ.

-Тийм л дээ. Та өмнөө том зорилго тавьсан нь мэдээж. Сүмод тавьсан зорилго тань юу вэ?

-Юун түрүүн дээд зиндаанд орох. Монголчууд эр хүний дотор “Эмээлтэй хазаартай морь” гэж ярьдаг даа. Тэгээд ч бөх  хүн унана гэж барилддаггүй болохоор башёд түрүүлэх, ёкозүна болох зорилготой.

-Ёкозүна болох! Сайхан зорилго байна. Түүний өмнө дээд зиндаанд орох ёстой. Та  ер нь хэзээ дээд зиндаанд орно гэж бодож байна?

-Гурван жилийн дараа. Энэ бол сүмогийн хувьд дундаж хугацаа.

-Арай удаан юм биш үү?

-Ирээдүйн юмыг урьдчилан хэлэхийн аргагүй. Бэртэж гэмтэхгүй, биеэ арчилж, Бурхандаа залбирч явбал болох байх. Одоохондоо бол бяртай хүчтэй болохоо л бодож байна.

-Бэлтгэл сургууль дээр үндэсний бөхийн мэх хийдэг үү? Жоорлож, хадгалаад байгаа мэх гэж байх уу?

-Нэг их нууцалж хадгалаад байгаа юм байхгүй. Бэлтгэл дээр яг тийм мэх хийе гэхээр болдоггүй мөртлөө барилдаан дээр нэг мэдэхэд зөнгөөрөө хийчихсэн байдаг. Эсвэл барилдааны үед толгойд орж ирэх жишээтэй. Гэхдээ бэлтгэл дээр янз бүрийн мэх хийж унагаад байхаар зарим бөхчүүд дургүй байх шиг байгаа юм.

-Монголчууд эр хүн "Наадамд гурван даваатай, найранд гурван дуутай" гэж ярьдаг. Ажиглаад байхад сүмо бөхчүүд их сайхан дуулах юм. Дуундаа хэр вэ? Дуртай дуучин?

-Сүйд болсон сайхан хоолойгүй ч яах вэ, гайгүй дуулчихна. Дуртай дуучин гэвэл Ц.Түвшинтөгс, Г.Эрдэнэбат. "Хайрхан уулын бараа" гэдэг дуунд их дуртай.

-Япон орон ер нь ямархуу юм бэ дээ?

-Сайхан орон. Япон хүн монгол хүнтэй их төстэй. Ахмад буурал, зочин гийчнээ хүндлэх нь гайхамшигтай. Япончууд манай өргөн уудам тал нутаг, Чингис хааныг бишрэн шүтдэг юм.

- Нутаг орноо санаж байна уу? Ганцаараа хэцүү байдаг уу?

-Монгол хүн болж төрсөн хойно саналгүй яахав. Гэхдээ, уйдах завгүй цэргийн цаг хугацаа гэж дуунд гардаг шиг уйдах зав чөлөө байхгүй ээ. Цаг тун хурдан өнгөрнө. Харин Б.Дашням бид хоёр бүүр дунд сургуульд байхаасаа эхлээд Япанд хүртэл хамт байсан болохоор санаж байгаа юм болов уу. Нэг дэвжээнд байвал ямар сайхан бэ гэж боддог. Манай Б.Дашням Коочи мужийн аварга шалгаруулах тэмцээнд 3-р байрт орсон. Удам дагасан бөх болохоор мэргэжлийн сүмод орвол сайн барилдана. Вакамацү дэвжээндээ авчих юмсан. Уг нь бөхчүүлтэйгээ ярьж үзсэн. Болно л гэж байсан.

-Хэзээ нутагтаа харих гэж байна?

-Энэ жилдээ харихгүй. Ирэх жилийн зун харих санаатай. Гэхдээ Монгол явна гээд шууд явчихна гэж байхгүй. Багш л мэднэ. Харин “Таван цагариг” сониноор дамжуулан аав ээж, ах  дүү, хоёр хөөрхөн зээ дүү Банзай, Дамдинбазар болон Л.Бадарч начинд эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Хүү чинь та бүхнийхээ захиасыг биелүүлж, зорьсондоо хүрэхээр хичээж явна.

Жонокүчи дэвжээнд ч барилдаж үзээгүй байхдаа ийнхүү ярьж байсан Д.Дагвадорж зургаахан сарын дараа дахин очиход хэдийнэ макүшитад дэвшчихсэн, хал цэрэг болчихсон сууж байлаа.

Сэтгэгдэл ( 11 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.186.37) 2023 оны 12 сарын 01

Асашёроу Давгадорж аваргыг барилдаж бхад сайхан ч бждээ үнэхээр хийморьтой бахархалтай зүрх юм хайр юм

0  |  0
Jf(172.58.191.94) 2020 оны 08 сарын 29

Iluu torchihoor chn barildahad ch amar bdag bizdee

0  |  0
Амарбаясгалан(66.181.161.19) 2023 оны 12 сарын 01

Би дагдадорж аваргыг үргэлж хүндэлж явдаг. Жинхэнэ монгол бахархал.

1  |  0
d(64.119.19.111) 2020 оны 08 сарын 27

yostoi saihan yariltslaga bna\n

0  |  0
Зочин (202.9.40.0) 2020 оны 08 сарын 27

Инээж байгаа нь хөөрхөн шүү .\n

3  |  0
Зочин (59.153.112.25) 2020 оны 08 сарын 27

Сайхан амьтан

3  |  0
Зочин(202.126.90.86) 2020 оны 08 сарын 26

Тэр үед эвдрээгүй хүнээрээ байж дээ. Цаг хугацаа гэж

1  |  0
Оспан(188.124.246.138) 2020 оны 08 сарын 27

Сайн бөх зарим үе их аархаж байгаа юм шиг харагддаг гэвч болжлбна улс төрд орж хэрэггүй танай удамынхан хүн чанар мундаг аав чинь ах Нэргүй манай дарга байсан сайн сайханыг танаа удамынханд хүсье

5  |  0
бор(202.126.89.178) 2023 оны 12 сарын 01

Ай даа Асашёорюү аварга даанч сайхан амьтан даа ... ёстой л жинхэнэ аварга аатай даа ... эрүүл энх урт удаан насалж бодож сэтгэж явдаг есөн хүсэл н сэтгэлчлэн бүтэж байхыг үүгээр хүсэж байна АСА Аваргадаа

6  |  1
зочин(49.0.212.230) 2023 оны 12 сарын 01

Сайхан ярилцлага ч түүх домог болдгийн байна. Аса аварга маань бага залуугаасаа л мундаг байж.

7  |  0
АЗА(66.181.161.111) 2023 оны 12 сарын 01

Аварга хүн аваргаараа л төрөх юм даа. Сайхан ярилцлага бн

7  |  0
Top