Владимир Хинчегашвили: АНУ-аас халз барилдааны санал ирсэн

Автор | Zindaa.mn
2020 оны 08 сарын 25

Олимпын алт, мөнгөн медальт, Гүржийн бөх Владимир Хинчегашвили Дагестаны бөхийн холбооны сэтгүүлчтэй ярилцжээ.
 


-Интернэтэд Гүржийн шигшээ багийн Бакуриани дахь бэлтгэлийн зургийг харлаа. Бэлтгэл хэзээнээс эхлэв?

-Энэ бол хөл хорионы дараахь манай хоёр дахь цугларалт. Эхнийх нь Боржомид болсон. Цэвэр агаар, сайхан байгальтай газар. Дараагийн цугларалт далайн эрэг дээр болно.

-Гүрж орон цар тахалтай амжилттай тэмцэж байна. Европын холбооноос жуулчин хүлээн авахад бэлэн 11 оронд багтсан байсан.

-Одоогийн байдлаар Европын зургаан орон биднийг хүлээн авахад бэлэн байгаа. Харамсалтай нь сүүлийн үед халдварын тоо нэмэгдэж эхэлсэн. Манай хамаатан саднаас халдвар авсан хүн байхгүй. Харин анд найз, танилууд дотор халдвар аваад эдгэсэн хүн байгаа.

-Цар тахал олон орны эдийн засагт нөлөөлж, нийгмийн байдал хэцүүдсэн. Гүржид байдал ямар байна?

-Хэцүү байгаа ч улсаас ард түмэндээ янз бүрээр тусалж, тэмжиж байгаа. Гүржийн бүх иргэнд нэг удаагийн тусламж үзүүлж, байр, цахилгааны мөнгийг цуцалсан. Хямралд орсон аж ахуйн нэгжүүдэд ч тусламж үзүүлж байгаа. Тамирчдад урьд өмнөхтэй адилхан тэтгэлэг тогтмол үзүүлсэн хэвээр байна.

-Хөл хориог хэрхэн өнгөрүүлэв?

-Урьд өмнө хийж амжаагүй ажлуудаа хийж, аялан, хөлбөмбөг тоголлоо. Би сонирхогчдын лигт тоглодог.

-Таныг АНУ-д байнга урьдаг. Англи хэл үзэв үү?

-Үзэх хэрэгтэй ч бага зэрэг залхуураад амжсангүй. Америкт миний олон найз бий. Нью-Йоркоос нутгийн бөхчүүдтэй бэлтгэл хийгээч гэсэн санал их ирдэг. Би уг нь АНУ-д очиж, Франк Чамизогийн багт түүнийг Кайл Дейктэй барилдахад нь туслах ёстой байлаа. Нидерландаас АНУ нисэх гэж оролдсон ч болоогүй. Дараа нь Туркт тасалбараа аваад нислэгээ хүлээж суутал нислэг цуцлагдсан. Ингээд л гэртээ харихаас өөр аргагүй болсон. Надад АНУ-д бөхийн халз барилдаан, шоунд оролцох санал их ирж байгаа. Тэд намайг Янни Диакомихалистой халз барилдуулах гээд байгаа юм. 2016 онд би түүнд өсвөрийн ДАШТ-ий алтан медаль гардуулж байсан бол одоо тэр АНУ-д 65 кг-ийн жингийн шилдгүүдийн нэг болсон байна. Өнгөрсөн жил тэр шүүгчийн алдаанаас болоод л дэлхийн аваргын АНУ-ын багт орж чадаагүй юм. Би түүнтэй халз барилдахад бэлэн байна. Миний хувьд жирийн барилдаан биш байх болно.

-Ираны лигээс дуудаагүй юу?

-Дуудсан, гэхдээ Иранд лиг хэрхэн явагдах нь тодорхойгүй байгаа. Хэрэв тэмцээн удааширч, намайг үе үе барилдаанд дуудаад байвал надад тохирохгүй. Цар тахал гээд хил нэвтрэх хэцүү болсон болохоор байн байн очоод байж чадахгүй.

-65 кг-д шилжээд таны амжилт буурлаа. Шалтгаан нь?

-Тийм ээ, энэ жинд би Европын наадмын мөнгө, Европын аваргын хүрэл медаль л авлаа. Шалтгаан нь тодорхой, хангалтгүй бэлтгэл хийсэн. Хэрэв бүх анхаарлаа бөхөд хандуулаад урьд өмнөх шигээ бэлтгэл хийвэл амжилт хүрээд л ирнэ.

-Та спортод хүрэх бүх оргилд хүрлээ. 30 нас хүрч байна. Болимоор санагдахгүй байна уу?

-Би Европын наадамд түрүүлж үзээгүй байгаа. Гэхдээ гол зорилго маань Токиогийн олимпын эрх авч, түрүүлэх. Барилдмааргүй санагдах үе байлгүй яахав. Миний насны хүний хувьд жилд гурван тэмцээн хангалттай. Гэтэл би нэг удаа нэг улиралд шигшээ багаас гадна Иран, Энэтхэг, Германы гурван лигт барилдсан удаатай. Тийм үед ядраад бэлтгэлийн тухай бодохыг ч хүсдэггүй. Гэхдээ сайхан амрахаар дахин барилдах хүсэл асдаг. Яг одоо надад бэлтгэл хийгээд, барилдаад л баймаар санагдаж байна.

-Армен, Беларусьт тэмцээн уралдаан явагдаж байна. Гүржид?

-Залуучуудын улсын аваргын тэмцээн л явагдах гэж байгаа. Тамирчин бид хэзээ олон улсын тэмцээн эхлэхийг хүлээгээд бэлтгэлээ хийж байхаас өөр арга алга  даа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top