Зууны шилдэг бөх Арсен Фадзаев 60 нас хүрлээ

Автор | Zindaa.mn
2022 оны 09 сарын 07

XX зууны шилдэг бөх Арсен Фадзаев 60 нас хүрлээ. Арсен чөлөөт бөхийн дэвжээнд ялагдашгүй агуу бөх байсан ч амьдралынхаа гол мөрөөдлийг биелүүлж чадаагүй юм. Энэ мөрөөдөл нь юу байсан талаар дор өгүүлэх болно. Спортын бүх төрөлд боломжгүй зүйлийг бүтээж, рекорт амжилт бүтээн, бусдаасаа тасархай илүү байсан тамирчин бий. Усанд сэлэлтийн төрөлд Майкл Фелпс, хөнгөн атлетикт Усэйн Болт, Елена Исинбаева нарыг нэрлэж болно. Харин чөлөөт бөхөд ЗХУ, ОХУ-ын алдарт бөх Арсен Фадзаев хамгийн агуу тамирчинд зүй ёсоор тооцогддог.

10 минутад дэлхийн аварга

Арсений бөхийн авьяас чадвар багаас нь илрэн гарсан юм. Өсвөрийн тэмцээнд оролцож байхдаа л тэр хурдан шалмаг, ухаалаг, техниктэй барилдаанаараа бүхний анхаарлыг татаж байлаа. Дунд сургуульд байхдаа тэр өсвөрийн спартакиад, УАШТ-д түрүүлж, тив, дэлхийн аваргад гялалзтал барилдаж байсан. Залуу хүүг харсан бүх хүн ирээдүйн их аварга гэдгийг нь ил тод ойлгож байв. 1983 онд Фадзаевын цаг ирсэн. ЗХУ-АНУ-ын багийн барилдаанд тэр Эндрю Рейнийг 11:0 харрьцаагаар ялсан. Энэ ялалтаас түүний дараалсан ялалтын ялгуусан амжилтын буухиа эхэлсэн билээ. 1983-1988 онд дотоод гадаадын бүх тэмцээнд нэг ч ялагдаагүй төдийгүй өрсөлдөгч нартаа ганц ч оноо алдсангүй. Ихэнх барилдаанаа тэр цагаас өмнө дуусгаж байв. Угсраа мэхнүүд хийн, өрсөлдөгч нараа удаа дараалан бут ниргэх түүний барилдаанд шүүгч нар оноо өгч амждаггүй байсан гэдэг. 1983 оны Киевийн ДАШТ-ий алтан медаль түүний олон улсын том тэмцээний анхны амжилт байлаа. Энд тэр 68 кг-ын жинд шинэ лидер төрөн гарсныг  зарлан тунхагласан. Бодоод үз л дээ. Дэлхийн аварга болохын тулд Арсен ердөө аравхан минут зарцуулсан. Афганистаны Садык Мухаммедийг 35 секундэд цэвэр ялж, гараагаа эхэлсэн тэрбээр Ренэ Нейерийг (Швейцарь) 1 минут, Польшийн Анжей Кубякийг 2 минут, Унгарын Золтан Солоныг 2 минут, Болгарын Камен Пеневийг 1 минут 59 секундэд ялан, финалд шалгаран үлдсэн. Шигшээ барилдаанд түүнийг манай бөх Буяндэлгэрийн Болд хүлээж байлаа. 1982 оны Азийн аварга Б.Болд түүнтэй хамгийн удаан буюу 4 минут барилдсан ч ялагдсан. Зууны шилдэг бөх Арсен Б.Болдыг өөрийн хамгийн хэцүү өрсөлдөгч хэмээн нэрлэсэн байдаг нь бахархалтай. Дашрамд дурдахад Б.Болд 1983, 1985 оны ДАШТ-д Арсенд л ялагдан, мөнгөн медаль хүртэж байлаа. Арсений ялалтын цуврал үргэлжилсээр, 1984 оны Лос Анжелесийн олимпын наадамд түрүүлэх нь бараг тодорхой болоод байлаа.   

Олимпод орсонгүй

Москвагийн олимпын наадамд америкчууд ирээгүйн хариуг барихаар ЗХУ 1984 оны олимпийн наадамд оролцохгүй байх шийдвэр гаргалаа. Энэ өдөр Арсений хувьд амьдралынх нь хамгийн хар өдөр болжээ. “Бид Кисловодскт цугларалтад гараад байлаа. Улс төрийн товчооноос олимпийн наадамд оролцохгүй шийдвэр гаргасныг сонсоод бүгд цочирдоод чимээгүй болсноо замбараагүй хашгаралдаж эхэлж билээ. Амьдралынхаа хамгийн том тэмцээн болох олимпын наадамд орох гээд бэлтгэж байсан тамирчид бид үнэхээр шоконд орсон” гэж Арсен дараа нь дурсан ярьсан байдаг. Олимпын наадмын оронд социалист орнууд “Найрамдал 1984” тэмцээн зохион байгуулсан. Арсен мэдээж энэ тэмцээнд тасархай түрүүлсэн ч яаж ч бодоод энэ тэмцээн олимпийг орлож чадахгүй нь ойлгомжтой. Олон жилийн дараа зодог тайлсан хойноо ч Арсен тэр үеийг дурсан санахдаа харамсан халагладаг хэвээр. 1984 онд Лос Анжелест алдсан олимпын медалийнхаа араас тэр насан туршаа хөөцөлдсөн. Гэхдээ амьдрал үргэлжилсээр. 1985 онд Фадзаев ДАШТ, Дэлхийн Цомд мөн л тасархай түрүүллээ. 1986, 1987 онд ч ялгаагүй. Бөмбөрцгийн ямар ч бөх Арсенийг ялах нь битгий хэл энэ таван жилийн туршид түүнд нэг ч мэх хийж чадсангүй гэхээр тэр хэчнээн хүчирхэг бөх байсан нь мэдэгдэнэ. Түүний хурд, техникийг гүйцэх бөх энэ бөмбөрцөгт байхгүй болж, мэргэжилтэн шинжээчид Арсенд сул тал байхгүй гэдгийг хүлээн зөвшөөрч байв. 1985 онд Арсен Олон улсын бөхийн нэгдсэн холбооноос "FILA-гийн алтан өмсгөл" шагналыг хүртсэн. Олимпын наадамд түрүүлээгүй байхдаа л тэр шилдэг бөхөд тооцогдож байлаа. Анхныхаа олимпын алтан медалиа тэр 1988 онд авсан. Их спортын хамгийн том наадамд Арсен мөн л нэг ч оноо алдаагүй түрүүлсэн. Нутгийн бөх Пак Жан Суныг финалд 6:0 ялсан Арсен анх удаагаа олимпын аварга боллоо.

Шавьдаа ялагдсан багш

Арсен Фадзаев “Үргэлж ялаад байхаар хүн ялалтандаа дасаад эхэлдэг. Би хэнээс ч айдаггүй, өрсөлдөгч нараасаа хэт тасархай хүчтэй байгаагаа мэдэрдэг байлаа. Мэдээж шууд тийм болчихсон хэрэг биш. 1983 оны ДАШТ-ий дараагаас л тийм мэдрэмж төрдөг болсон. Ялалтандаа хэт дассанаас болоод 1989 оны ДАШТ-д бүдэрч орхисон” гэж дурсан ярьж байна. Бүтэн зургаан жилийн дараа амссан ялагдлын гашуун амт. Гэхдээ олимпын шинэ циклд тэр дээд жиндээ барилдахаар шийдсэн байлаа. Шигшээ барилдаанд тэр олимпын аварга Америкийн Кенни Мондэйд ялагдсан. Түүний ялагдлыг ЗХУ-д маш хүндээр хүлээн авсан тул Арсен 68 кг-ын жиндээ буцан орохоор шийдсэн. Өөрийн жиндээ тэр өрсөлдөгч болгоноо бут ниргэсээр 1990, 1991 онд дэлхийн аварга болж, 1992 оны Барселонагийн олимпод түрүүлснээр энэ олимпын циклээ өндөрлүүлсэн. Сөүлийн олимпын наадмыг бодвол хялбар байгаагүй ч бас л үнэтэй алтан медаль. Барселонагийн олимпын дараа Фадзаев олимпын наадамд 3 дараалан түрүүлэх зорилго өмнөө тавьсан. Гэвч тэр үед Оросын спорт бөхийн холбооны тэргүүн болоод байсан Иван Ярыгин түүнийг ОХУ-ын шигшээ багийн ахлах дасгалжуулагч болохыг хүслээ. “Би шийдвэр гаргах гэж гурван өдөр зовсон. Мөрөөдөл болсон олимпын гурав дахь алтан медалиа яаж орхих билээ” гэж тэр дараа нь дурссан байдаг. Гэхдээ Арсен хүсэлтийг хүлээж аван, шигшээ багт ажиллах болсон. Шигшээ багийг тэр үндсээр нь шинэчилж, Атлантагийн олимпын наадамд 3 алтан медаль авахуулсан. Харин тэр үед Арсен шигшээ багт байсангүй. Амьдралын мөрөөдлөө бүр мөсөн хаяж чадаагүй тэрбээр 1996 оны эхээр шигшээ багийн ажлаа орхин, олимпын наадамд 3 дараалан түрүүлэхээр дэвжээндээ эргэн ирсэн. Өөрийнхөө удирдаж байсан ОХУ-ын шигшээ багт тэр  мэдээж ороогүй. Харин Узбекистаны нэрийн өмнөөс Атлантаг зорьсон. Харин түүний олимпын 3 удаагийн аварга болох гэсэн мөрөөдөл биелэх хувь байсангүй. Эхний удаад түүнд ЗХУ-ын Улс төрийн товчоо саад болсон бол Атлантад шавь нь Арсенийг зогсоосон. Оросын Вадим Богиевт ялагдсан Арсен 13 дугаар байрт орсноор түүний олимпиы аялал өндөрлөж байлаа.

2003 онд FILA түүнийг ХХ зууны чөлөөт бөхийн шилдэг тамирчин гэж зарласан. Үнэхээр тэр цагийг эзэлсэн их аварга, дахин давтагдашгүй агуу тамирчин, авьяаслаг бөх байлаа. “Арсен Фадзаев бол Бурханы бэлэг. Түүнийг харь гаригийн хүн биш биз гэж би заримдаа боддог байсан. Фадзаев XXI зуунд төрөх ёстой байсан. Тэр цаг хугацаанаасаа түрүүлээд төрчихсөн юм” гэж олимпийн аварга Дан Гейбл дурсан ярьсан байдаг.

Арсен Фадзаевийн амжилтууд

Олимпын хошой аварга (1988, 1992);

Дэлхийн 6 удаагийн аварга (1983, 1985, 1986, 1987, 1990, 1991);

ДАШТ-ий мөнгөн медальт (1989);

Европын 4 удаагийн аварга (1984, 1985, 1987, 1988);

ЗХУ-ын 4 удаагийн аварга (1983, 1986, 1989, 1990);

Дэлхийн Супер Цомын эзэн (1985);

Дэлхийн Цомын 4 удаагийн аварга (1983, 1985, 1986, 1989);

“Найрамдал 1984” тэмцээний аварга ;

ЗХУ-ын Бүх ард түмний спартакиадын аварга 1983

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин үл(66.181.177.102) 2022 оны 09 сарын 09

Оросын нэг бага ястан 60 хүрээл биз, маньд ямар хамаа байна, бөх хэзээ топ спорт болчихсон юм бэ

1  |  13
ganbaatar(202.126.89.191) 2022 оны 09 сарын 09

aguu avraga bjde

6  |  0
Top