Чингисийн байгуулсан төрийг олон улсад “ТӨР БИШ ЗЭЭЛДМЭЛ ТӨР” гэж үздэг

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 07

“Өглөөний сонин” Монголын боловсролын салбарт дэгдээд буй хамгийн хурц, маргаантай сэдвээр байр сууриа илэрхийлж, үндэсний шилдэг мэргэжилтнүүдийн үгийг хүргэж байгаа билээ.

Тэгвэл Монгол Улсын Их Хурлын гишүүн Ч.Ундрам, Ц.Мөнхцэцэг нарын санаачилгаар “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлэг баасан гарагт боллоо.  Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүд болон Ерөнхийлөгчийн Тамгын газар, Боловсрол, Шинжлэх Ухааны Яам, Монгол Улсын Их Сургууль, Монгол Улсын Боловсролын Их Сургууль зэрэг их дээд сургуулиуд, Нийслэлийн Ерөнхий боловсролын дунд сургуулиуд, Боловсролын реформ хөдөлгөөн зэрэг олон нийтийн байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид оролцлоо. Энэ үеэр УИХ-ын гишүүн Ч.Ундрам хэлэлцүүлгийг нээж үг хэллээ. “Монгол Улс Ерөнхий боловсролын сургуулийнхаа Үндэсний хөтөлбөрийг өөрийн хэрэгцээ, шаардлага, зорилгод нийцүүлэн сайжруулж авч явах ёстой, үндэсний үнэт зүйл, хүний эрх, тэгш хүртээмжийг дээдэлсэн бодлогыг тууштай баримтлах хэрэгтэй. Нийт сургуулийн 721 нь ердийн, 15 нь мэргэжлийн, 70 нь гүнзгийрсэн, зургаа нь тусгай, найм нь олон улсын хөтөлбөрөөр сургалт явуулж байна. Улсын хэмжээнд хэмжээнд сургуулийн есөн бүлэгт 308 сурагч гурван ээлжид хичээллэж байгаа бөгөөд бүлэг дүүргэлт зохих хэмжээнээс хэтэрсэн нийслэлийн 35 сургууль, аймгийн зургаан сургууль үйл ажиллагаа явуулж байна. Энэ хэдэн тоо Та бидэнд байгаа байдалдаа дүгнэлт хийж, хөрсөн дээрээ бууж, асуудалд бодитоор хандах хэрэгтэй байгааг сануулж байна'' хэмээлээ.

Бид энэ удаад “Үндэсний боловсролын тогтолцоог сайжруулах нь” хэлэлцүүлэгт МУИС-ийн Антропологи, археологийн тэнхимийн эрхлэгч, доктор Д.Бум-Очирын тавьсан илтгэлийг бүрэн эхээр нь онцлон хүргэж байна.


 

Д.БУМ-ОЧИР: МЭДЛЭГИЙН КОЛОНИЧЛОЛООС АНГИЖИРЪЯ

 

Боловсрол гэдэг бол мэдлэг олгодог зүйл. Харамсалтай нь мэдлэг гэдэг зүйл хэн нэгний, аль нэгэн томоохон улс гүрнүүдийн улс төрийн ашиг сонирхолд үйлчилж болзошгүй зүйл байдаг. Өнөөдрийн хэлэлцүүлэг “Мэдлэг- Монголын баялаг” гэсэн сайхан уриатай юм байна. Гэтэл тэр Монголын баялаг байх ёстой  мэдлэг маань хэн нэгний, аль нэг их гүрний колоничлол, ноёрхлын ашиг сонирхолд үйлчилж байвал яах вэ? Тийм ашиг сонирхолд үйлчилсэн боловсролыг бид хүүхдүүддээ эзэмшүүлж байвал яах вэ? Би маш энгийн, та бүхэн бүгдээрээ мэддэг хэдэн нэр томъёоноос эхэлье. Монголчуудыг өнөөдөр дэлхий дээр ямар категори, бүлэгт оруулж ярьдагийг та бүхэнд харуулъя. Нийгмийн хувьслын онолын үүднээс биднийг “зэрлэг буюу savage”, “бүдүүлэг буюу барбариан”  ангилалд оруулж байлаа. Энийгээ аятайхан соёлтой, харахад хүн доромжилсон биш нэрлэж томъёолохын тулд ямар нэр бодож олсон бэ гэхээр “гуравдагч орнууд” гэх болсон. Нэгдэгч, хоёрдогч нь хэн юм, бид юугаараа жагсаад гуравдагч болчихсон юм, бид юугаараа дутуу юм, яахаараа ингэж хүн төрөлхтнийг ялгаварлан гадуурхаж, ангилж категорчилж, дээр дор нь оруулж байдаг юм. Энэ нэр томъёо нь явахгүй болоод ирсэн чинь “хөгжиж буй орнууд” гэх болсон. Тэгвэл хөгжил гэдэг нь юу юм, энэ талаар яривал их олон юм болно. Энэ нэр томъёо нь бас асуудалд хүрсэн. Тэгэхээр ямар нэр томъёо олсон гэхээр “бөмбөрцгийн өмнөд хэсгийнхэн” (global south). Бид энд л багтаад явж байгаа. Бидний тахин шүтэх гээд байгаа, гадаадаас оруулах гээд байгаа, “олон улсын түвшинд” гэж яригдаад байгаа мэдлэг ийм л байна. Би өөрөө Кембрижэд магистр, доктор хамгаалсан хүн, миний хүү тэр системээр нь дунд сургуулиа эхэлсэн. Кембрижийн сургалт маш их хэрэгтэй гэдгийг би мэдэж байна, бас их гайтай гэдгийг би хэлэх гэсэн юм. Түрүүчийн дурдсан нэр томъёонууд яагаад хүн төрөлхтнийг ялгаварлан гадуурхах болсон талаар одоо ярья. Би антропологич, хүн судлаач хүн. Манай антропологийн нэлээд эртний, Америкийн төлөөлөл болсон Лэвис Хэнри Морган гэдэг хүн бий. Энэ судлаач хүн төрөлхтөнд маш их гай тарьсан. Ямар гай тарьсан гэхээр, 1877 онд гаргасан “Эртний нийгэм” номондоо, энэ бүтээлийг манай олон нийт, эрдэмтэд, багш нар мэдэх байх, “Нийгмийн хувьслын онол” гэдэг юм гаргаж ирээд, хүмүүсийг 

-Зэрлэг (Savage)

-Бүдүүлэг (Barbarism)

-Иргэншсэн (Civilization) гэж гурав ангилсан.

Лэвис Хэнри Морганы энэ онол Нийгмийн шинжлэх ухаанд өдий болтол балаг нь арилахгүйгээр хүмүүс итгэл үнэмшлээ болгоод авч яваа мэдлэг. Энэ ангиллын альд нь бид багтаж байгааг та бүхэн бараг мэдэх байх. Бид нүүдэлчид, нүүдэлчдийн үр удам. Тиймээс биднийг “бүдүүлгүүд буюу барбариан” гэж үздэг. Өөрсдийгөө болохоор “иргэншсэн” гэнэ. Тэгээд цааш нь “нүүдлийн соёл иргэншил байдаггүй” гэж ярьдаг. Энэ бол шинжлэх ухааны мэдлэг. Бидний тахин шүтэх гээд байгаа, магадгүй импортолж оруулж ирэх гээд байгаа гадаадын, магадгүй тэр “олон улсын”, “Кембрижийн  мэдлэг” чинь энэ дотор байгаа. Монголын орчин үеийн мэдлэгийн тогтолцоо яаж бий болсныг та бүхэн мэдэж байгаа. Бид колоничлолын мэдлэгийн тогтолцоогоор өдий хүртэл явж ирлээ. Зөвлөлтийн боловсролын тогтолцоо Зөвлөлтийн ашиг сонирхолд үйлчилж байсан. Бид бүгдээрээ мэдэж байгаа. 1990 он болсон. Бид өөрийн үндэсний боловсролын хөтөлбөртэй болохыг хүссэн, эрмэлзсэн, тэрнийхээ төлөө явж байгаа. Энэ боловсролын тогтолцооны ард ямар ашиг сонирхол байгаа юм бэ гэдгийг бид танин мэдэх хэрэгтэй байна. Ингээд азаар бид өөрийн, үндэсний боловсролын тогтолцоотой болох гээд  явж байтал бидний нөгөө гадаадаас юм хуулбарлаж авчирдаг, шууд суулгадаг, харамсалтай хандлага дахиад бий болох шинжтэй боллоо. Тэр нь юу вэ гэхээр “олон улсын боловсролын хөтөлбөр” гэдэг зүйл дэлхий даяар нэр хүндтэй, нөлөөтэй болоод ирчихсэн. Өнөөдрийн бидний яриад байгаа боловсролын тогтолцоо бол Англи-Америкийн мэдлэгийн тогтолцооны колоничлол явагдаж байгаа гэдгийг та бүхэн мэднэ. Энийг “даяаршлын мэдлэг”, өөрөөр хэлбэл “дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн мэдлэг” гэдэг. Үүний ард “орон нутгийн мэдлэг” буюу “үндэстэн, угсаатны мэдлэг” гэдэг зүйл үлддэг. Бидний өвөг дээдсээс уламжилж ирсэн мэдлэг энэ дотор тодорхой хэмжээгээр багтаж байгаа.

 

Хэрвээ даяаршлын буюу колоничлолын мэдлэгт захирагдаад, байр сууриа алдвал эцсийн үр дүнд юу болдог вэ?

Колоничлолын мэдлэгийн үр дүнд үндэстний үнэгүйдэл бий болдог. Манай Чингис хааны байгуулсан төрийг олон улсын түвшинд “төр биш зээлдмэл төр” гэж үздэг шүү дээ. “Чингис хаан чинь төр байгуулаагүй шүү дээ” гэдэг. Ийм мэдлэгийг бий болгодог. Монголын ардын урлаг урлаг биш. Сонгодог урлаг урлаг. Ардын эмнэлэг эмнэлэг биш, европ эмнэлэг жинхэнэ эмнэлэг... гэх мэтчилэн маш олон жишээ хэлж болно. Энэ юу вэ гэхээр колоничлолын мэдлэгийн үр дүн.  Энэний үр дүнд бид өөрсдийнхөө мэдлэгийг, өөрсдийнхөө түүх, соёлыг, дээр нь ард түмнээ тодорхой хэмжээгээр үнэгүйдүүлж байдаг. Морганыхаар бол бид “бүдүүлгүүд”. Тэднийхээр бол бид соёлжих, иргэнших ёстой. Иргэншүүлэхийн тулд гадаадаас баахан хүмүүс ирээд бидэнд заадаг. Өөрөөр хэлэх юм бол колоничлолынхоо мэдлэгийг түгээх үйл ажиллагааныхаа учир шалтгааныг зөвтгөх агуулга нь болдог. Энэ бол Колонич­лолын мэдлэг. Колоничлолын мэд­лэгт дарангуйлагдах мэдлэг гэж бий. Мэдлэгийн импортын үед хаягддаг зүйлсийг энд маш товчхон жагсаалаа. Үүнд:

-Үндэстний хэл

-Үндэстний түүх   

-Үндэстний мэдлэг

-Үндэстний зан суртахуун

-Үндэстний өв соёл

Товчоор хэлбэл монгол хүнийг монгол болгодог бусад ард түмнээс ялгадаг суурь хүчин зүйлийг колоничлолын мэдлэгт дарангуйлдаг. Хэрвээ бид гадаадаас ямар нэгэн мэдлэгийн системийг импортолж, англиар копи-пастинг буюу шууд хуулбарлан оруулж ирвэл тэр шууд хуулбарлан оруулж ирэх гэж байгаа тогтолцоон дотор энэ бүх зүйл хаягдана. Хаягдаад зогсохгүй дээр нь  магадгүй бидний эсрэг хандсан мэдлэг тэр дотор нь ороод ирэх бололцоотой.

Тэр мэдлэг бол монгол хүнийг монгол хүн болгож чадахгүй байх. Бусад ард түмнээс ялгадаг суурь хүчин зүйлүүдийг бидний үр хүүхдүүдэд өвлүүлж өгч чадахгүй байх аа. Үүний үр дүнд юу болдог вэ гэхээр мэдлэгийн хямрал болдог.

Өнөөдөр Монголд янз бүрийн хямралын тухай ярьдаг. Эдийн засгийн хямрал, улс төрийн хямрал... гээд. Нэг хямралын тухай бид ярихгүй байна. Өнөөдрийн бидний хамгийн том хямрал бол миний бодлоор бол мэдлэгийн хямрал. Ямар мэдлэгийн хямрал болоод байгааг та бүхэн мэдэж байгаа байх.

Нэг хэсэг нь “уламжлалт мэдлэгээ сэргээе” гээд явж байна. Түүний төлөө явж байгаа зөндөө хүмүүс бий. Гэтэл тэрэн дотор уламжлалт биш юмыг яриад явж байгаа хэсэг ч бий. Шинжлэх ухаанч биш юмыг яриад, тэрийгээ “уламжлалт мэдлэг” нэрээр гаргаж ирдэг. Ингээд бидний хамгаалах гээд байгаа, хайрлах гээд байгаа уламжлалт мэдлэгийг улам үнэгүйдүүлж байдаг. 

Мэдлэгийн хямралын хамгийн хортой үр дагавар юу вэ гэхээр ард нийтийн дунд, улс оронд зөрчлийг бий болгодог. ялгаварлалыг бий болгодог. Тэгш бус байдлыг бий болгодог. Энэ нь цаашдаа даамжирвал бид нэг түвшинд ойлголцож чадахгүйд хүрнэ.

Оксфордын их сургуулиас 1997 онд гар­га­сан нэгэн бүтээлийг би энд эшилмээр байна. “Decolonizing knowledge” буюу мэд­лэгийг колоничлолоос чөлөөлөх тухай асуу­дал 1990-ээд оноос хүн төрөлхтөнд яриг­даад эхэлчихсэн. Гэтэл бид мэдлэгийг улам колоничлох, эсвэл тэр мэдлэгтээ үргэлж­­лүүлээд колоничлогдох зам руу ороод байна.

Миний бодлоор, өнөөдөр бид үндэсний хөтөлбөр боловсруулах гэж байгаа бол хамгийн том суурь зарчмуудын нэг нь колоничлолын мэдлэгээс ангижирмаар байна. Эхлээд ядаж Зөвлөлтийн колонич­лолын мэдлэгээс ангижирмаар байна. “Монголчууд төр байгуулж байгаагүй” гэж үздэг Оросын түүхчдийн бүтээлүүд байгаа шүү дээ. Гэтэл бид өмнөх үеийн, магадгүй 70 жилийн түүхтэй Зөвлөлтийн колонич­лолынхоо мэдлэгээс бүрэн ангижирч чадаагүй байж дараагийн түвшинд олон улсын хэмжээний колоничлолын мэдлэгийг дахиж импортолж оруулж ирэх гээд ярьж байгаа улсууд болчихоод байна.

Миний хүслээр бол, бидний хамгийн түрүүнд бодох ёстой зүйл бол ямар нэгэн колоничлолын системд үйлчлээд байна уу үгүй юу, бид мэдлэгээ өнөөдөр хэрхэн колоничлолоос ангижруулах ёстой вэ гэдэг асуудлыг ярих ёстой байх.

 

ТЭГЭЭД ХЭРХЭХ ЁСТОЙ ЮМ БЭ? ЯАХ ЁСТОЙ ЮМ БЭ?

 

“Мэдлэг хэрхэн бүтдэг тухай мэдлэгийг бүтээц­гээе ээ” гэж уриалмаар байна. Нийгэм хүмүүнлэгийн ухааны боловсролыг хөгжүүлэх хэрэгтэй байна. Нийгэм, хүмүүн­лэгийн ухааны салбарт мэдлэг хэрхэн бүтэж байгааг судалдаг, ярьдаг өөрөөр хэлбэл тухайн бүтээж байгаа мэдлэгийн ард ямар нэгэн ашиг сонирхол байна уу, үгүй юу гэдгийг судалдаг болмоор байна.

Бид мэдлэгийг судлах ёстой. Мэдлэг бол судлагдахуун. Ашиг сонирхлоос ангид, үндэстний мэдлэгийн тогтолцоог бий болгох нь үндэстний хөтөлбөр боловсруулах ажлын хамгийн чухал зарчим нь байх ёстой болов уу.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Luta jargal (39.155.101.74) 2020 оны 09 сарын 12

Zui tei saihan zulelgee sanvvlga baina !<>(社会今哈伦)-bol bvrvv -g medeh neg inv mededeg boljai ...”OBOR MONGOL” -D albaar thetherlig ba baga -nege -es ”hyatad hele biqig ” svrgaj ehilegsen ---Uund ”TVSGAAR MONGOL” vlas iin hvbid ”wan yi ”sayid iin vvlzalta d ”ESERGUUCEL ”TABIH BVLB VV?!

0  |  0
zochin(202.126.89.248) 2020 оны 09 сарын 07

yah geed bgaa ni oilgogdsongui, guiee neg l ih tsetserhsen humuus

0  |  0
Top