Хабиб: Хөгжлийн бэрхшээлтэй болохыг хүсэхгүй байна

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 08

Холимог тулааны гол оддын нэг Хабибийн аав Абдулманап Нурмагомедов нас бараад хоёр сар боллоо. Хар багаас нь хүмүүжүүлж, бүх тулаанд нь хамтдаа мөр зэрэгцэн тулалдаж байсан аавынх нь үхэл түүнд маш хүнд туссан нь ойлгомжтой. Гэвч Хабиб ОХУ-ын “Матч ТВ”-д ярилцлага өгөхдөө Жастин Гэтжитэй хийх тулаанд бүрэн бэлэн байгаа гэдгээ мэдэгдсэн юм.

Хабиб энэ сарын 10-нд Дубайд очиж, үндсэн бэлтгэлдээ орно. Харин өмнө нь аавынхаа нэрэмжит тэмцээнийг зохион байгуулах юм. Абдулманап Нурмагомедовийн нэрэмжит тэмцээн маргааш Москвад болно. Fight Nights Global болон GFC холбооны аваргууд халз тулалдах юм. Хүндэт зочноор UFC-ийн аварга Петр Ян, Забит Магомедшарипов, Ислам Махачев, Зубайра Тухугов нарын тулаанчид уригджээ.

“Аав минь анх ийм тэмцээн зохион байгуулах санааг гаргасан. Аав аль холбооны аварга нь хүчтэй болохыг харахыг хүсэж байлаа. Нас барсных нь дараа би энэ тэмцээнийг түүний нэрэмжит болгон хийхээр шийдсэн” гэж Хабиб ярьжээ.

Ингээд түүний ярилцлагаас онцлох эшлэлүүдийг түүвэрлэн хүргэе.

"Аавыгаа маш их санаж байна. Гэхдээ үргэлж дэргэд байгаа мэт санагддаг. Хоёр долоо хоногийн дараа би 32 нас хүрнэ. Би өөрөө эцэг хүн, амьдралд олон юм үзлээ. Ямар ч зүйл тохиолдсон би аавынхаа зөвлөгөөг санаж, дагадаг. Аав таван зарчимтай хүн байлаа. Ятган сэнхрүүлэх, өөрийн үлгэр жишээ, магтан дэмжих, шаардлага, шахах. Намайг хүмүүжүүлэхдээ тав дахиас нь эхэлсэн”

“Гэтжитэй тулалдахдаа хэвтээ байдалд шууд оруул гэж олон хүн хэлээд байгаа. Харин би босоогоос ч түүнтэй тулалдаж чадна. Мэдээж өрсөлдөгчөө бариад авахад надад илүү ашигтай. Ямар ч өрсөлдөгч байсан надад бариулаад суларч, дуулгавартай болдог. Гэнэтийн явдал гаргахгүйн тулд хэвтээгээс тулалдсан нь дээр. Гэхдээ би тулаан яаж ч өрнөсөн бэлэн байх болно. Тулааны өмнө би Гэтжитэй маргалдаж, хэрэлдэх сонирхолгүй байна. Би түүнийг хүндэлдэг”

“Тони Фергюсонтой хийх тулаан дандаа цуцлагдаж байгаа. Та нар Гэтжи Тониг яаж будаа болгож байгааг харсан. Тэр тулааны дараа Тонитой зодолдох хүсэл бага зэрэг буурсан”

"Конор МакГрегор алдартай, сонирхолтой хүн. Гэхдээ спортын хувьд сонирхолгүй. Конорын талаар би бодохоо больсон. Өөр хүчтэй өрсөлдөгч олон бий. Конор хөгшин ахмадуудтай биш сайн тамирчидтай тулалдах хэрэгтэй. Хөнгөн жинд эргэж ирээд эхний гурваас хэн нэгнийг нь ялчихаад надад хандах ёстой”

“Хөнгөн жинд 35 настайдаа сайн тулалдах боломжгүй. Би өөрийгөө 35, 40 настайдаа тулалдаж байгаагаар харахгүй байгаа. Одоо яг миний биеийн оргил үе. Гэхдээ энэ үе удаан үргэлжлэхгүйг сайн ойлгож байгаа. Эрүүл мэндээ бодох хэрэгтэй. Хэдий аюултай спорт ч би замналынхаа турш гэмтэл тун бага авсан. Эрүүл чигээрээ тавь, жар насламаар байна. Хөгжлийн бэрхшээлтэй болохыг хүсэхгүй”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top