Японы холимог тулааны Pride FC холбоо 1997 онд байгуулагдаж, 2007 он хүртэл ажиллахдаа нэг тэмцээнд 50 мянган үзэгч цуглуулдаг дэлхийн хамгийн том холимог тулааны холбоо байсан юм. Энд АНУ, ОХУ, Бразилын шилдэг тулаанчид ирдэг байсан бөгөөд одоогийн UFC шиг байгууллага байсан билээ. Федор Емельяненко, Антонио Родриго Ногейра, Мирко «Крокоп» Филиппович, Марк Колман, Игорь Вовчанчин, Жош Барнетт, Вандерлей Сильва, Дэн Хендерсон нар Прайдын дэвжээн дээр нэр алдарт хүрч байлаа.
Гэвч тус холбоо 2007 онд хаалгаа барьсан. Яагаад гэдгийг Японы холимог тулаанч Энсон Иноүэ GrangeTV-д ярилцлага өгөхдөө тайлбарласан байна.
Иноүэ “Pride холбоог якүза нартай холбоотой гэдгийг бүгд мэддэг байсан. Мафийнхан олон асуудал шийдэхэд оролцдог байсан. Гэхдээ энэ талаар хэвлэлээр гарч эхлэхэд хамгийн том ивээн тэтгэгч Fuji TV зайгаа барихаас өөр аргагүй болсон юм. Асуудал яагаад олон нийтэд ил болсон нь ОХУ-ын Федор Емельяненкотой холбоотой. Федор якүза нартай нөхөрлөж эхэлсэн. Сүүлдээ тэд Федорын бие төлөөлөгч мэт болж, Федорын оролцсон тэмцээн бүрээс сая ам.доллар өгч байхыг Pride FC холбоонд тулгасан. Энэ нь хэвлэлд гарснаар Fuji TV тэргүүтэй ивээн тэтгэгч нар холдсон. Ингээд холбоо уруудсаар эцэст нь дампуурсан” гэж ярьжээ.
Сэтгэгдэл ( 0 )