Хойд Америкийн НБА сагсан бөмбөгийн лигийг дэлхийд хамгийн хүчирхэг лиг гэдэгтэй маргах хүн энэ цаг үед байхгүй. Гэхдээ энэ лиг Оросын хаант улсад төрсөн Морис Подолоф, Эдвард Готтлиб нар байгаагүй бол одоогийнх шигээ ийм амжилттай байхгүй байсан гэдгийг хэн болгон мэдэхгүй.
Тйимээ, одоо энэ лигт орос тоглогч байхгүй. Ойрын үед ч орос сагсан бөмбөгчид дэлхийн шилдэг лигт тоглохгүй нь ойлгомжтой. Гэхдээ энэ лигийн үндэс суурьт орос сэтгэлгээ байсаар байх болно. Яагаад гэдгийг тайлбарлая.
Өнөөгийн НБА-г үүсгэн байгуулсан Дэвид Стерн тэнгэрт халиад жил ч өнгөрөөгүй байна. Түүний нэр түүхэнд үүрд үлдэнэ. Стерний үед л НБА-гийн нэр хүнд сансар хүртэл хөөрч, тамирчид нь бүгд саятнууд болж, Ази, Африк, далайн бяцхан арал дээр ч Америкийн сагсан бөмбөгийг шимтэн үздэг болсон билээ. Одоо ЛеБрон Жеймсийг танихгүй хүнийг Африкийн ширэнгэн дотроос хайгаад ч олоход бэрх болжээ. Стерн энэ лигийг агуу болгосон, ардаа маш их өв үлдээсэн.
Үнэхээр НБА-тэй өрсөлдөх сагсан бөмбөгийн битгий хэл спортын лиг дэлхийд байхгүй. Энд тамирчид нь жилд дунджаар 7,8 сая еврогийн цалинтай. Английн Премьер лигийн хөлбөмбөгчид гэхэд тэднээс хоёр дахин бага авдаг.
Гэхдээ ямар ч зүйл анхны гарал үүслээ санаж байх ёстой. Стерн том гавьяа байгуулсан ч үнэндээ орос эр Морис Подолоф энэ лигийг өөрийн нүцгэн гараар байгуулсан гэж хэлэхэд хилсдэхгүй.
Подолоф Украины Елизаветград хэмээх жижигхэн хотод еврей айлын гэрт төржээ. Одоо энэ хот Кропивницкий болж, нэрээ өөрчилсөн. Подолоф төрсөн өдрөө тодорхой мэддэггүй.
“Тэр үед Орост төрсний гэрчилгээнд нарийн зөв бичдэггүй байсан. Би наймдугаар сарын 18, эсвэл 31-нд Одесса хотын ойролцоо төрсөн байх ёстой” гэж тэр Америкийн “Таймс” сэтгүүлд ярилцлага өгөхдөө дурссан байдаг.
Бага насаа Орост өнгөрөөгөөд тэдний гэрбүл Америкт нүүн суурьшжээ. Энд Подолоф дунд болон их сургууль төгсөж, хуулийн сайн боловсрол эзэмшсэн юм. Харин спорт түүний амьдралд тун санамсаргүй тохиолдлоор орж ирсэн. Уг нь тэр хуулийн салбарт амжилт олж, ирээдүй нь тун тодорхой харагдаж байлаа. Гэтэл гэнэт...
Морисийн аав мөнгөө үл хөдлөх хөрөнгө болгохоор шийджээ. Энэ нь хоккейн талбай байв. Тэр үед энэ талбай тэдний гэрбүлийн бүх гишүүн, ялангуяа Морис, Натан ах дүү хоёрын хувь заяаг үндсээр нь өөрчлөнө гэдгийг хэн ч тааварласангүй. Хоккейн талбайтай болсон Натан дасгалжуулагч болохоор шийдэж, харин Морис 4000 хүний багтаамжтай цэнгэлдэхэд үзэгч авчрах үүрэг хүлээлээ. Хэцүү даалгавар. Гэхдээ тэр хийж чадсан юм. Хоёрхон жилийн дараа Подолоф хоккейн лиг байгуулаад удирдаад сууж байв. Хэр амжилттай ажилласан нь үүнээс тодорхой харагдана. Удалгүй сагсан бөмбөгчид түүнд лиг байгуулах хүсэлт бариад хүрээд ирлээ. Морис амьдралдаа ганцхан удаа сагсан бөмбөг үзсэн гэдгээ нуусангүй. Гэхдээ энэ юуны хамаа байх билээ. Түүнийг лиг байгуулж, удирдаад өг гэж гуйсан болохоос талбай дээр гараад тогло гэж хүссэнгүй. Чаддаг зүйл нь болох бизнесээ л хийх ёстой.
Одоо итгэхэд хэцүү ч тэр үед Америкт орос эр спортын хоёр том лигийг нь удирдаж байлаа. Ийм тохиолдол агуу Америк гүрний спортын түүхэнд гарч байсангүй, цаашдаа ч гараагүй юм. Подолоф сагсан бөмбөгийн багуудыг Үндэсний сагсан бөмбөгийн холбоонд нэгтгэж, том цэнгэлдэхэд сонирхолтой шоу хийж, ард түмэнд толилуулахаар шийдлээ. Ард түмэн ч хүлээн авлаа. Түүний тэр үед гаргасан зарим шийдвэр сагсан бөмбөгт одоо ч хэвээр байгаа төдийгүй сагсан бөмбөгийг дэлхийн хамгийн сонирхолтой спортын нэг болгон өөрчилсөн юм. Жишээ нь, их сургуулийн багуудын драфтын системийг Подолоф анх нэвтрүүлсэн. Тоглолтын хурдыг нэмэхийн тулд бөмбөг эзэмших цагийн хязгаар тогтоолоо. Подолофийн санаачилсан довтолгоонд зориулах 24 секунд сагсан бөмбөгийг маш үзүүштэй болгон хувиргасан юм. Хурдан шуурхай, дүрэм тодорхой болсон нь үзэгчдийг дуудахаас гадна ивээн тэтгэгчид, телевизийг татан ирүүлсэн юм. Орос эр Подолоф Америкийн сагсан бөмбөгийн түүхэн дэх анхны телевизийн гэрээг байгуулж байлаа.
Түүний гаргасан бас нэгэн алсын хараатай, бизнес ухаантай төсөл бол НБА-гийн Бүх оддын тоглолт байлаа. Энэ санааг тэр бейсболын лигээс авсан юм. Бейсболд алдартай тамирчдаа Бүх оддын тоглолтод оролцуулж, телевизээс асар их мөнгө саадаг байв. Сэтгүүлчид энэ оддын багт хэнийг багтаахыг шийдэж, ардчилсан системээр баг бүрдэнэ. Энэ системийг сагсан бөмбөгт нэвтрүүлсэн нь спортын хорхойтнуудад тун их таалагджээ.
Энэ бүх шинэчлэлийг санаачилсан, хэрэгжүүлсэн орос эрийг Америк орон мартаагүй. Лигийн хамгийн том шагнлуудын нэг болох Улирлын хамгийн үнэ цэнтэй тоглогчийн шагналыг (MVP) Морис Подолофийн нэрээр нэрлэсэн.
НБА-гийн түүхэнд тод мөр үлдээсэн бас нэгэн орос эрхэм бол Эдвард Готтлиб. Оросоос ирсэн цагаач эр. Эдвард Готтлиб 1898 онд Киев хотод төржээ. Багадаа Америкт нүүн ирж, сагсан бөмбөгөөр хичээллэж эхэлсэн байна. Сайн тоглогч болж чадсангүй. Гэхдээ тэр сайн удирдагч болж чадсан. Готтлиб Филадельфи хотын сагсан бөмбөгийн багийг олон жил удирдсан. Энэ баг НБА-гийн өмнө байсан БАА лигт түрүүлж байлаа. Готтлибийн байгуулсан хамгийн том гавьяа бол хар арьст америкчуудыг сагсан бөмбөгт оруулахад том үүрэг гүйцэтгэсэн явдал. Тэр хамгийн түрүүнд хар арьстнуудын байгалиас заяасан сагсан бөмбөг тоглох авьяас чадварыг олж харсан юм. Тэр үед өнгөт арьст тоглогч бараг байсангүй. Эдвард хар арьстнуудыг сагсан бөмбөгт авчран, “Филадельфии Уорриорз” багаа Америкийн хамгийн “хар” баг болгосон юм. Тэр л залуу Уилт Чемберленийг сагсан бөмбөгт авчран, энэ спортод үнэлж баршгүй их гавьяа байгуулсан түүхтэй. Эдвард багаа тэр үед санаанд багтамгүй их мөнгө болох 850 мянган ам.доллароор зарсан байна. Гэхдээ багийн Ерөнхий менежерийн албан тушаалдаа үлдэж, Сан-Францискод шилжсэн хойно нь ч удирдсаар байлаа. 1955/1956 оны улиралд түүний баг НБА-гийн таван түрүүнийхээ анхныхыг хүртэж байв.
Могул (хүчирхэг хүн) хочит Готтлиб сагсан бөмбөгт амьдралынхаа 63 жилийг (1916-1979) зориулсан. Орчин үеийн НБА лигийн хөгжилд түүний байгуулсан гавьяа асар их. Готтлибийн нэр сагсан бөмбөгийн Алдрын танхимд мөнхлөгдөөд зогсохгүй лигийн шилдэг шинэ тоглогчийн шагнал ч түүний нэрэмжит. Ингээд харахад НБА-г үнэхээр оросууд байгуулсан гэдэг баримт хэдий нийтэд өргөн тархаагүй ч үнэн зүйл билээ.
Сэтгэгдэл ( 2 )
Хаанаас ийм юм олж хуулж бичмээр болсон хүүхэд вэ? Орос тоглогч НБА-д байхгүй, хойшид ч байхгүй байх гэж сайхан тууж байна. 2014 оноос Клевланд Кавалиерс багт тоглож 2016 онд аврага авч байсан ТИМОФЕЙ МОЗГОВ гэж мундаг төвийн тоглогчийг хааш нь хийх гээд байнаа? Жаахан юм судалж бичээрэй
хоёулаа украйнд төрсөн еврей гаралтай цагаач хүмүүс орост түй ч хамаагүй