Number сэтгүүл, Shoko Sato
Хэйсэй эриний анхны озэки болсон Тэрүнофүжи өнгөрсөн долоодугаар сарын тэмцээнд үнэмшихийн аргагүй эргэн ирэлт хийсэн билээ. Жонидан зиндаанд унаад бага багаар дээшилсээр макүчи зиндааны хамгийн доор бичигдэж байхдаа башёд түрүүлнэ гэдэг гайхалтай. Энэ түрүүг харсан сүмо бөхийн хорхойтнууд түүгээр бахархан, баярлаж байлаа. 28 настай Тэрүнофүжи энэ талаар юу бодож явдаг бол?
Аагим зуны халуун өдөр. Наймдугаар сарын 6. Дөрөвхөн өдрийн өмнө башёд түрүүлсэн Тэрүнофүжи төрөлх Тоттори Жохокү сургууль дээрээ очсон байлаа.
“Башёд түрүүлснээ багш нартаа илтгэх, мэндчилэх зорилготой ирлээ. Сүмо бөхийн секцний дүү нар минь их баярлаж байсан. Энэ сургууль бол Монголоос анх ирээд Японы соёл, зан заншлыг судалсан газар. Миний эхлэл, гарааны газар гэж хэлж ч болох юм”
2015 оны долоодугаар сард озэки болсон Тэрүнофүжи. Мэргэжилд 25 башё барилдаад арслан болсон нь сүмогийн түүхэнд 4-т бичигдсэн амжилт байв. Гэвч хоёр өвдөг нь гэмтэж, дээр нь чихрийн өвчин, бөөрний чулуу нэдэрч, 2017 оны есдүгээр сард озэки цолоо алдлаа. Нэг мэдэхэд банцүкэ нь жонидан хүртэл буурчээ. Тэрүнофүжи 2 жил хагасын дараа дээд зиндаанд эргэн ирж, макүүчи зиндааны хамгийн доор бичигдэж байхдаа башёд түрүүлж чадлаа. Таван жилийн дараа дахин түрүүлж байгаа нь энэ бөгөөд Исэгахама ояката шавьдаа түрүү бөхийн тугийг гардуулан өгсөн юм.
“Сэтгэл их хөдөлсөн. Ийм өдөр ирнэ гэж итгэж, найдаж зүтгэсэн. Ордонд хадаастай байдаг түрүү бөхийн зургаа буухаас нь өмнө дахин түрүүлэх сэн гэж бодож байсан болохоор дотроо “чадлаа” гэж бодсон шүү”
Шагнал гардуулах ёслол дээр тэр Ордны хананд өлгөөтэй байх анх түрүүлсэн үеийн зургаа удаан гэгч нь харж байв. “Тамд унасан эр эргэн ирж, түрүүлж чадлаа” гэсэн гарчиг спортын сонингуудад гаржээ. Үнэхээр гавьяа. Гэвч гол баатар Тэрүнофүжигийн нүүрэнд баярын нулимс, инээд хөөр ч харагдсангүй.
“Би анхны түрүүгээ авч байсан тэр өдөр л баярлаад уйлж байсан. Харин уй гунигаас болоод зөндөө уйлж байлаа. Бүгд ирээд баяр хүргэе гэж хэлж байсан ч баярлахаас илүү доод зиндаанд уначихаад байхад ч урваж шарвалгүй дэмжсээр байсан тэр хүмүүст би өөрөө баярлалаа гэж хэлмээр санагдаж байлаа. Та бүхний ач тус гэж. Хэрэв тэд байгаагүй бол би дахин түрүүлж чадахгүй байсан”
Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сарын тэмцээнд макүшитад түрүүлээд жюүрёод дэвших болзлоо хангасан Тэрүнофүжи ингэж ярьж байлаа.
“Хүмүүсийн 90 хувь нь Тэрүнофүжи одоо өнгөрсөн, хэзээ зодог тайлах бол гэж бодож байсан нь гарцаагүй. Гэхдээ үлдсэн 10 хувь нь намайг дэмжиж, сэтгэлийн урам хайрлаж байсан”
Шинэ ёкозүна Кисэносатотой түрүүлэхийн төлөө өрсөлдөж байсан озэки ганцхан жилийн дараа жюүрёод уналаа. Банцүкэ, цол нь буурахын хэрээр эргэн тойрны хүмүүс нь холдохыг тэр мэдэрнэ. Нэр алдар буурах үеийн гуниг зовлонг тэр хангалттай амсжээ.
Макүшитад унаад цолтой бөхийн бэлгэ тэмдэг болсон цагаан мавашигаа тайлж хаялаа. Хөлний бэртэл бол озэки үеэсээ л дассан архаг гэмтэл. Харин чихрийн өвчин, бөөрний чулуу л их зовоосон гэнэ. Яаж ч хичээгээд хүч чадал орохгүй. Хүчний дасгал хийх тусам улам ядарч, булчин сулран унжиж, нэг л их хоосон тарган хүн болно. Хамгийн хүнд үед цусан дахь глюкозын хэмжээ 500 болж, хамаг бие нь хавагнаад унтахад ч бэрх байсан гэнэ.
Дахин үзэлцэх, барилдах сэтгэл зүйтэй болсон нь Тэрүнофүжигийн хэлснээр банцүкэ ч, биеийн байдал ч хамгийн доод хэмжээндээ унасан 2019 оны хоёрдугаар сар гэнэ. Үлдсэн 10 хувийн хүмүүсийн дэмжлэгээр “Дахиад нэг тэмцээд үзье”, “Хуучин шигээ нэг барилдья” гэж шийдсэн байна. Озэки байхдаа цээжнээс 200 кг шахдаг байсан бол одоо дөнгөж 90 кг. Гэвч архи дарс амсахаа байж, бага багаар бие нь сайжирч эхэллээ.
“Сүмод анх орж байх үед ч гэсэн бие яг ингэж өөрчлөгдөж байсан юм” Биеийн байдал сайжирч байгааг өөрөө мэдэрч, сэтгэлийн хүч нэмэгдэхийн хэрээр банцүкэ ч дээшилж эхэллээ.
“Цээжний булчин хуучин шигээ болж ирсэн. Урьд өмнөх шиг хүнд юм өргөж болохгүй ч дасгалаа хийсээр байгаа”
Сүмо бөхийн түүхэнд бичигдэх ялалтын гол баатар болсон ч тэр нүүрний хувирал байхгүй хэвээр. Эргэн санахад Асанояматай анх барилдахдаа хуучин озэки гэдгээ тэр харуулж чадсан билээ. Хэн давсан нь түрүүлэх чухал барилдаан байсан ч Тэрүнофүжи огт сандраагүй гэнэ.
“Хүмүүс хамгийн их сандарч, догдолсон барилдаан аль вэ гээд л Асанояматай хийсэн барилдааныг хэлүүлэх гээд байдаг. Үнэндээ би ямар ч өрсөлдөгч байсан сандардаггүй. Анх удаа сандарсан маань гэмтлээс эргэн ирээд жонидан зиндаанд барилдахаар гарч байсан тэр өдөр байх. Тэр үед бүх юм аймшигтай санагдаж байлаа. Озэки асан хүний омог шар байдаг, үзэгчид, хүмүүс намайг юу гэж бодож байгаа бол гэж зовох. Ийм л юм толгойд эргэлдэж байлаа. Барилдахаас илүү хүмүүс намайг юу гэж бодож байгаа бол гэж ичиж байлаа. Урьд өмнөх өөртөө итгэхээс өөр арга байгаагүй. Саяын түрүү ч гэсэн “Би түрүүлэхгүй бол өөр хэн түрүүлэх вэ” гэж бодож барилдсаны ач шүү дээ. Гэхдээ одоо тийм юм огт бодогдохгүй байна. Өөрийгөө яая гэж байна шүү дээ”
Гурван удаа хагалгаанд орсон хоёр өвдөг нь шагнал гардуулах ёслолын үеэр нугарчих гээд тун хэцүү байсан гэнэ. Нэг үгээр хэлэхэд хоёр өвдгөндөө тэсрэх бөмбөг зүүгээд барилдаж байгаа гэсэн үг. Хэзээ дэлбэрэхийг хэн ч мэдэхгүй.
“Башёд түрүүлээд өөртөө итгэх итгэл нэмэгдэв үү” гэж асууж үзэхэд “Энэ удаад би аз ёндоог мэдэрсэн. Бүх юм азтай болж өнгөрсөн” гэж хариуллаа.
Хоёр аварга гэмтээд тэмцээнийг орхисон, озэки Такакэйшёо гэмтсэн, Асаноямаг дэвжээнийх нь бөх Тэрүцүёоши унагаасан гээд нээрээ л аз ёндоо түүнийг ивээжээ.
“Үнэхээр аз түшсэн. Хичээж зүтгэж байгаа хүнийг Бурхан харж үздэг гэдэг үнэн юм. Бурхан харж байгаа гэж би итгэж, зүтгэж ирсэн. Тийм хүнд аз ирдэг юм байна. Миний зүтгэлийг Бурхан үнэлсэн юм болов уу даа”
Тэрүнофүжи сүмо бөхийн амьдрал, замналынхаа талаар ингэж ярьлаа.
“Би зан аашын хувьд хийх зүйлээ хамаг чадлаараа хийдэг, тэгээд дуусвал дууссан ч яахав гэж үздэг хүн. Ингэж бодохоор хэт зүтгээд өвчин, гэмтэлд өртөх магадлалтай ч би хэзээ ч зодог тайлахад бэлэн байгаа”
Гэвч төрөлх сургуульдаа эргэн ирсэн нь Тэрүнофүжигийн цаашдын замналд сайнаар нөлөөлөх мэт санагдлаа.
“Сүмо бөхөөс гадна маш олон спортын тэмцээн уралдаан энэ жил цуцлагдлаа. Ахлах ангийн хүүхдүүд амьдралынхаа дараагийн шатыг харж, дэвшин суралцах, эсвэл мэргэжлийн тамирчин болохоо шийднэ. Тэгээд өөрийн хичээн зүтгэх газраа олоод зүтгээрэй гэж би тэдэнд захьсан. Намайг хараад дүү нар минь мэргэжилд орж, амжилт гаргавал их баярлана. Ялангуяа манай дэвжээнд элсвэл сайхан. Үнэндээ Тоттори Жохокү сургуулиас надаас хойш хэн ч Исэнохама дэвжээнд элсээгүй”
Зураг авалтын үеэр зурагчин инээгээрэй гэхэд Үгүй, чадахгүй нь гээд харц нь улам ширүүн болох Тэрүнофүжи. Гэхдээ сургуулийн дүү нартайгаа ярих үедээ дуу нь зөөлөрнө.
Тэрүнофүжид үнэнээсээ инээж, уйлах өдөр ирэх л болно.
Сэтгэгдэл ( 7 )
Yokozuna mentality
kkkkkkk mundag zaluu shuu Ineegeerei gehed ..uguiee chadahgui n geed haraa n ulam shiruun boldog genee kkkkkkk Mash sain minii duu Bolomj baival dahiad turuul
Хэний захиалгаар ийм сэтгэгдэл бичдэг юм болоо. Бахархаж чадахгүй бол ядахдаа л битгий харлуулж бай.
Amjilt sain barildaarai
yamar muuhai um hiisiimb
Энэ нөхөр чинь Бямбадоржийг хорлоход оролцсон нь үнэн юм болов уу. Үнэн бол ч .... за хэлэх үг алга даа
муухай зүйл хийгээгүй бол ч юу гэж чамайг ад үзэх вэ гэхдээ чи шалихгүй явахгүй байхаа нусгай минь