Таканофүжи холимог тулаанд шилжлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 09 сарын 15

Японы холимог тулааны RIZIN холбооноос энэ сарын 27-нд Сайтамад болох “RIZIN 24” тэмцээнд оролцох тамирчдаа онлайн хэвлэлийн хурлаар зарлалаа.

Олны анхаарлыг хамгийн их татсан нь мэргэжлийн сүмо бөхийн жюүрёо зиндаанд барилдаж байсан Таканофүжи байлаа.
 


Таканофүжигийн жинхэнэ нэр нь Камияма Цүёоши. Тэр холимог тулаанд харин Цүёоши Сүдарио нэрээр тулалдана. Филиппины уугуул ээжийнхээ нэрийг дэвжээний нэрэндээ оруулжээ.

Анхны өрсөлдөгч нь Японы мэргэжлийн бөхийн хоёр холбоонд барилдаж байсан Шинэ Зеландын 29 настай бөх Дилан Жеймс. Тэд холимог тулааны дүрмээр гурван минутаар 3 үе тулалдах болно.

Таканофүжи ирээдүйтэй сүмоч гэгдэж байсан ч өнгөрсөн оны есдүгээр сард туслах бөхөө зодсон хэргээр зодог тайлсан. 23 настай. Одоо Японы алдартай тулаанч Энсен Иноүэгийн удирдлага дор бэлтгэлээ базааж байна. Бага сургуульд байхдаа каратэ, дунд ангид ороод кикбоксоор хичээллэж байжээ. Сүмогоос холимог тулаанд шилжсэн тамирчид хэт их жинтэй байдаг бол Таканофүжи 50 кг жин хасаж, одоо 113 кг жинтэй байгаа гэнэ. Хамгийн гол нь тэр нас залуу.
 


Хэвлэлийн хурал дээр Дилан “Би бол Японд байгаа хамгийн хүчтэй мэргэжлийн бөх.

Ёкозүна Акэбоно бол манай багийн ах. Эхний үед л хүнд цохилтоор ялна” гэж хэлсэн бол Таканофүжи “Өөрөө үхэх үү, өрсөлдөгчөө алах уу гэсэн сэтгэлтэйгээр рингэнд гарна. Япончууддаа хүнд жингийн ширүүн тулаан үзүүлэх болно” гэж ярьжээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top