Баянзүрх дүүргийн VI хорооны Засаг дарга Э.Энхдөлтэй ярилцлаа. Тус хорооны нутаг дэвсгэрт Бөхийн өргөө, Оюутны хотхон, Баянзүрх зах, Натур худалдааны төв багтдаг. Мөн тус хороонд байрлах 70 гаруй орон сууцанд 2700 орчим өрхийн 10 мянга гаруй хүн амьдарч байгаа юм. Дээр нь Оюутны хотхоныг гурван мянган түр оршин суугч бий. Тиймээс хотын төвийн хорооны онцлог хийгээд бэрхшээлтэй ямар асуудал байдаг, хэрхэн шийдвэрлэдэг талаар сонирхсон юм.
-Хотын төвийн хороо гэхээр нэлээд тогтож төлөвшсөн газар гэсэн ойлголт бууж байна. Ер нь орон сууцны хороонд ямар бэрхшээл байдаг вэ?
-Би хорооны Засаг даргаар 2019 оны гуравдугаар сард томилогдсон. Хорооны Засаг дарга гэдэг иргэдэд тулгамдсан бүх л асуудлыг сонсож, холбогдох газарт нь хүргэдэг ажил. Иргэд нийслэл, дүүргийн Засаг даргатай уулзаж гомдол тавина гэдэг бараг л боломжгүй. Цаг аваад сараар хүлээх болно. Харин хороон дээр бол иргэн шууд хаалга татаад л ороод ирнэ шүү дээ. Хотын төв гэхээр хүмүүс амьдрах орчин сайхан бүрдчихсэн гэж ойлгодог. Манай хороо юм юмандаа ойрхон давуу талтай болохоос дотроо бэрхшээлтэй зүйлс бий. Тухайлбал, хот төлөвлөлт буруу явагдаж, барилгын зөвшөөрөл замбараагүй өгснөөс болоод хэт барилгажсан газар шүү дээ. Гадаанаа хүүхдийн тоглоомын талбай, хогийн пункергүй дөрөв, таван давхар барилга дан байрнууд барьчихсан.
Гаднаа гуравхан машины зогсоолтой, хүүхэд тоглох талбайгүй нь ч байна. Дөрөв, таван байрны дунд ганц хогийн цэгтэй, тэр нь задарч эвдэрчихсэн байх жишээтэй. Ажлаасаа ирээд зогсоол олохгүй тойрч давхих, хүүхдээ амар тайван тоглуулах тоглоомын талбай байхгүй гэдэг иргэдэд хэцүү.
-Төрийн өмнөөс иргэдэд үйлчилж байгаа хамгийн ойрын дарга бол хороон дарга гэж ойлгодог. Харин шийдвэр гаргах эрхийн хувьд ямар байдаг юм бол?
-Иргэд маань намайг нэг их том эрх мэдэлтэй хүн гэж ойлгоод байдаг. Хороо бол төрийн засаг захиргааны хамгийн анхан шатны нэгж шүү дээ. Хорооны Засаг дарга Монгол Улсад хэрэгжиж байгаа хууль, тогтоомжийн хэрэгжилт, дээд шатны байгууллагуудын шийдвэрийг хорооны нутаг дэвсгэрт хэрэгжүүлэх үүрэгтэй субект. Хороонд нэг ч төгрөгийн төсөв байдаггүй. Тулгамдсан бүхий л асуудлыг холбогдох дунд, дээд шатны албан байгууллагад албан бичгээр уламжилж шийдвэрлэдэг. Энэ тогтолцоо надад буруу санагдаад байгаа юм. Ганц явган хүний замын боржур эвдэрчихсэн байлаа гэхэд эсвэл зам дээр нүх гарчихсан байхад зургийг нь авч хорооны сайтад оруулж бүртгэлжүүлээд дунд шатны байгууллагад уламжилдаг. Ажил маш удаан явагддаг. Хоёрдугаарт, шууд албан бичгээр ханддаг. Албан бичигтээ замынхаа зургийг авч хавсаргаад нийслэлийн Авто замын хөгжлийн газар, Улаанбаатар зам засвар, арчлалтын газарт яаралтай зам нөхөж өгнө үү гээд явуулна. Гэвч дунд болон дээд шатны байгууллагууд ерөөсөө бичиг хадгалдаг газрууд болчихсон. Зургаадугаар сард хүсэлт явуулахад нөхөөсийг наймдугаар сард хийх жишээтэй. Эсвэл тэр жилдээ хийгдэхгүй. Араас нь асуугаад явахаар “Өө, танай дүүрэгт нөхөөстэй газар олон байна. Амжихгүй, дараа жил болъё” гэдэг. Ийм утгагүй тогтолцоо байдаг. Шинэ зам тавих асуудал бүр бантан болно. Нэг компанид баахан тендер өгчихдөг. Нөгөөх нь ажлаа цалгардуулдаг. Жишээ нь манай хороонд 59 дүгээр цэцэрлэгийн зам шинэчлэнэ гээд зургаадугаар сард хуучныг хуулаад хаячихсан. Ашгүй зам барих нь гээд баярлаж байтал таг болчихно. Хичээл сургууль орлоо, зам юу болов гээд хөөцөлдөөд асуухаар “Наад компани чинь Дарь-Эхэд ийм тийм ажил авчихсан. Тэрийгээ дуусгаж байж орно” гэж байгаа юм. Хуучныг нь тэгвэл яах гэж хуулсан юм бэ. Эсвэл бүр улсаас төсөв мөнгө орж ирээгүй байна гээд алга болчихдог.
-Замын жижиг хагархай тэр хэвээрээ удаад байдаг шалтгаан нь энэ юм байна?
-Авто зам дүүрч ядаж тэр явган зам нөхөх гэх мэт жижиг ажлыг хүртэл дээш нь уламжилж хүлээж суухын оронд багахан төсөв байвал би өдөрт нь гараад хийчихнэ. Жаахан эрх мэдэл, төсөв байвал шуурхай шийдчих олон ажил байдаг. Ажил хийсэн ч баахан мөнгө унагах л сонирхол шингэчихсэн байдаг. 400 мянган төгрөгөөр янзалчих юмыг түүнээс нь бага мөнгөөр хийгээд илүү гарснаар нь нэг гэрлийн шон будчихья гэнэ биз дээ. Гэтэл дээш нь явуулахаар нэг компани шалгаруулаад тэд нь 400 мянган төгрөгийн ажлыг сая төгрөгөөр хийнэ. Тэгээд ирж өгөхгүй алга болчихно. Ийм хүндрэлтэй асуудал байдаг. Иргэдийн хувьд үүнийг мэдэхгүй шүү дээ. Гомдлоо орж ирээд хэлсэн даруйд нь дээшээ уламжилж байгаа юм. Гэтэл нөгөө байгууллагууд хүлээж аваад гацаачихдаг.
-Орон нутгийн хөгжлийн сангаас жаахан юм хороодод өгдөг билүү?
-Нийслэл, дүүргийн Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгөөр хороонд жилд нэгээс хоёр ажил хийдэг. Гэхдээ иргэдээс санал авч хийнэ. Нэг тоглоомын талбай эсвэл дээврийн засвар ч юм уу. Хамгийн олон санал авсан ажлыг нь дүүргийн ИТХ-аар хэлэлцээд шийддэг. Ингэхдээ өмнөх онд нь саналыг авдаг. 2021 онд хийгдэх ажлын саналыг өнгөрсөн тавдугаар сард авчихсан. Жил бүрийн хавар ирэх жилд хийгдэх ажлын саналыг авдаг юм. Одоо бол “Smart UB” гэдэг апплейкшнийг иргэд татаад цахимаар саналаа өгдөг болчихсон. Иргэд хороондоо яг юу хийх шаардлагатай байгааг өөрсдөө хэлж хийлгэдэг ажил. Гэхдээ хийлгэх ажил дээрээ саналаа нэгдэх хэрэгтэй.
-Хороонд төсөв мөнгө байхгүй гээд байдаг. Гэхдээ нийслэл, дүүргийн ИТХ-д сонгосон төлөөлөгчид гэж байгаа шүү дээ?
-Нийслэл, дүүргийн төсвийн хөрөнгөөр хийгдэх ажлуудыг тухайн хорооноос сонгогдсон НИТХ, ДИТХ-ын төлөөлөгчид баталж байгаа. Тэд анхан шатны байгууллагын Засаг даргаас санал авч, иргэдтэй уулзаж ажиллах ёстой. Уг нь НИТХ, ДИТХ-д манай хорооны 10 мянган иргэнийг төлөөлж байгаа хүмүүс амьд эргэх холбоотой байж, хорооныхоо иргэд сонгогчидтой уулзаад юу болж байна, юу болохгүй байна гэдгийг ярилцах ёстой. Гэвч манай хорооноос өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд ДИТХ, НИТХ-д сонгогдсон төлөөлөгчид үнэхээр үхмэл ажилласан. 2016 онд НИТХ-д Гантулга, ДИТХ-д Баяр гэж хоёр хүн гарсан. Надтай нэг ч удаа уулзаж, харилцаа холбоо тогтоож байгаагүй. Хороонд тулгамдсан асуудал юу байна, ямар асуудлуудыг төсөвт суулгуулах вэ гэж зөвлөж байсангүй. Дээр нь миний мэдэхийн нэг ч удаа иргэдтэй уулзаагүй. Төлөөлөгч гэдэг бол сонгогдсон намдаа суудал авч өгөх бөглөөс биш. Тэр хорооны иргэдийн тулгамдсан асуудлыг шийдвэрлэх төлөөлөл. Улс төрийн хүн биш дөрвөн жил эргэх холбоотой ажиллах хүн байхгүй юу. Ядахад цагаан сар болоход ирээд таван ахмадад хүндэтгэл үзүүлээгүй, хүүхдийн баяр болоход таван хүүхдэд бэлэг өгөөгүй ийм л хүмүүс сонгогдож байна. Тэр хүмүүст бүтэн эрх, тойрогтоо зарцуулах багахан төсөв бий. Яагаад юу хийх вэ, яах уу гээд ярьж болдоггүй юм бэ. Хороон дээрээ ирж ажиллахгүй, санал авахгүй болохоор яаж ажил хийдэг юм. Тэгээд санал авахын тулд дэмий ажил хийдэг. Хүн амьтан явдаггүй газар сүүдрэвч, саравч бариад хаячихдаг. Сүүдрэвч баримаар байна, хаана барих вэ гэвэл би “Тэнд л баривал хорооны хөгшид сууна” гээд хэлнэ. Гэтэл асуухгүйгээр том сүүдрэвч бариад хаячихсан. Нөгөөх нь өвгөнтийн архичид очиж архиддаг газар болчихсон. Санал авахын тулд тийм худлаа юм дураараа хийдэг. Тэр нь хэдэн төгрөгийн төсөв орж, хэдээр нь хийгдсэн гэдэг юм байхгүй. Төсвийн нээлттэй шилэн гэж юу ч байхгүй байдалтай л дөрвөн жил нийслэлийг удирдаж ажиллалаа шүү дээ. Тэгээд одоо “Аз жаргалтай Улаанбаатар” гүйцэтгэл 92 хувь гээд байдаг.
-Нутгийн удирдлагын байгууллага гэдэг ч ерөөсөө л аж ахуйн ажил шүү дээ?
-Тийм. Гэтэл намдаа нэг суудал аваад өгчихсөн болоо гэсэн шиг алга болчихоод дөрвөн жилийн дараа гарч ирдэг. Тэгснээ хороонд юм хийгээгүй бол “За, энд юм хийгээгүй юм чинь гээд өөр хороонд очиж нэр дэвшинэ” ч гэх шиг. Ийм заваан буруу тогтолцоо, жишгийг арилгамаар байгаа юм. Ер нь тэгээд дээрээ хамаг юм нь төвлөрчихсөн байх чинь олон сөрөг талтай. Жишээ нь, нэг компани ирээд зам хаагаад барилга бариад эхлэхээр нь “Зам хаахаа боль” гээд шаардлага тавихаар “Чи юу гээд байгаа юм. Газрын албанаас зөвшөөрөл авчихсан” гэдэг. Тиймээс л бидэнд жаахан эрх мэдэл хэрэгтэй байна гээд байгаа хэрэг. Тухайлбал, бага ч гэсэн зам, барилгын ажил хийгдлээ гэхэд түүнийг хүлээн авах улсын комисст нь хорооны Засаг дарга байдаг болмоор байна. Манай 21 дүгээр сургуулийн шинэ барилга ашиглалтад орсон. Сургуулийн хажууд ЦТП барьсан. Ингэхдээ хавь ойрын замаа сэндийчэж ухаж хаячихаад яваад өгсөн. Араас нь хөөцөлдөхөөр “Мэдэж байна, ямар сүртэй юм бэ. Одоо намар болчихлоо дараа жил хийе” гээд таг. Хавар нь бөөн бичиг цаас болж, хүн амьтнаар яриулж явж байж хагас дутуу тавиулсан болж байгаа юм. Хэрэв би тэр хүлээн авах комисст нь байсан бол ядаж “Та нар энэ ЦТП тавих гээд ухуулчихсан замаа янзалж хуучин хэвэнд нь болго. Тэгсний дараа хүлээн авахад нь би гарын үсгээ зуръя” гэнэ шүү дээ. Хороон дээр, анхан шатны хөрсөн дээр юу болж байгааг огт мэдэхгүй хүмүүс л комисст нь ороод бараг үзээ ч үгүй байж гарын үсгээ зурчихаж байна. Нэг явган хүний зам тавина. Нөгөө зам нь жилийнх нь баталгаа дуусаагүй байхад салаад уначихдаг. Араас нь мянга утасдаад нэмэргүй. Энэ чинь уначихаад байна гэхээр “Юу гэсэн үг юм. Ёстой сайн зам байх ёстой доо” гэдэг. Нэг зам тавилаа гэхэд түүнийхээ хажууд шороо овоолоод алга болно. Аргаа бараад өөрийнхөө халааснаас таван төгрөг гаргаж портер авчирч өнөө шороог нь ачуулна. Портероор ачаа ачуулах ч төсөв байхгүй шүү дээ. Ийм байдаг. Дүүрэгт ч олигтой төсөв байхгүй шүү дээ. Бүх юмыг нь нийслэл авчихсан. Нийслэлд МАН олонх болчихсон болохоор нутгийн захиргааны бүх байгууллагыг базаж байгаа. Баянзүрх дүүрэгт АН олонх болсон. Ганцхан жишээ хэлэхэд 2016 оноос хойш Баянзүрх дүүргийн хогны машин солигдоогүй, элэгдэлд орчихсон юм явж байгаа. Манай хороонд 70 гаруй байранд ганцхан хогийн машин л явдаг. Байсхийгээд л эвдэрчихдэг. Хугацаандаа хогоо ачихгүй болохоор овоороод аймар болно. Иргэд “Хороон дарга хог хэцүүдлээ” гээд над руу зогсоо чөлөөгүй залгана. Ачуулах гэхээр машин нь эвдэрчихсэн. Машин авах төсвийг дээрээ барьчихаад өгөхгүй. Тэгэхээр иргэд “Дүүргийнхэн ажлаа муу хийж байна” гэж л бодно. Ингэж төрийн ажлыг улс төрийн шантааж болгож байгаа юм.
-Та өмнө нь ямар ажил хийж байсан хүн байна вэ?
-Би чинь анхан шатан дээрээ бараг мэргэшээд байна шүү дээ. 2013 оноос эхлээд Баянзүрх дүүрэгтээ төрийн албан хаагчаар ажиллаж байгаа. Гэхдээ дандаа анхан шатан дээр шүү. 2013-2015 онд би Баянзүрх дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст хороо хариуцсан мэргэжилтэн байсан. 2015-2019 онд Сургалт, сурталчилгаа хариуцсан зохион байгуулагч гэдэг ажил хийсэн. Иргэдэд шинээр гарсан хууль тогтоомжийн хэрэгжилтийг сурталчлах ажил. Бас л хороон дээр сууна. Өнгөрсөн 2019 оны гуравдугаар сарын 29-нд Баянзүрх дүүргийнхээ зургаадугаар хорооны Засаг даргаар ажиллаж байгаа. Анхан шатан дээрээ ажиллаад өдөр тутамд иргэтэй тулж ажилладаг ажлыг найман жил хийж байна даа.
-Хорооны Засаг даргаар ажиллах хугацаандаа ямар ажил хийв?
-Хороондоо төрийн угтах үйлчилгээг ажиллуулсан. Хэдий цөөхөн хаалгатай ч гэсэн иргэд орж ирээд нэг хүнтэй уулзах гэж хаалга болгоноор шагайгаад байхгүй болгосон. Хорооны албан хаагчид өдөр болгон ээлжээр жижүүрлээд хороогоор үйлчлүүлэх гэж байгаа иргэдээ инээмсэглэж угтаад чиглүүлж өгдөг боллоо. Төрийн үйлчилгээг тэгш хүртээмжтэй, шуурхай болгож байгаа юм. Мөн манай хорооны нэг онцлог бол Оюутны хотхон байдаг. Долоон их дээд сургуулийн оюутны байранд манай ирээдүйн боловсон хүчин болсон 18-24 насны бараг 3000 орчим залуус түр хугацаагаар оршин сууж байна. Би үүнийг давуу тал болгож харсан. Бүх оюутны байрны эрхлэгч багш нарыг цуглуулж уулзаад “Оюутан эргүүл” гаргах санал тавьсан. Манайх төвийн хороо мөртлөө зах худалдааны төвөө дагаад хөдөлгөөн ихтэй. Цагдаагаас ирсэн хулгай, дээрэм тонуул гардаг хэд хэдэн эмзэг цэгт орой үдшийн цагаар “Оюутан эргүүл” гаргасан. Хуваарийг нь гаргаж өгөөд, хантааз, бугуйвч хийлгээд оюутны байрны эрхлэгч нар хүүхдүүдээ гаргадаг. Бие хаа томтой, төгсөх курсын оюутнууд хоёр хоёроороо эргүүл хийгээд асуудал гарвал хорооны цагдаа руу утасдаж хэлж байгаа юм. Өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сараас эхлээд оныг дуустал сар гаруй явуулсан. Хорооны цагдаа надад талархсан. “Та их гоё ажил хийлээ. Оюутан эргүүл явснаас хойш манай хорооны гэмт хэрэг эрс буурсан. Нөгөө эмзэг цэгүүд, хантаазтай хүмүүс тогтмол яваад байхаар хүн амьтны юм булаах, хүүхэд эмэгтэйчүүд айлгах эрс багассан шүү” гэж байсан. Энэ бол төсөв мөнгө шаардахгүй цэвэр санаачлагын ажил. Мөн хорооны нутаг дэвсгэрт байгаа эмнэлгүүдэд санал тавиад нийгмийн хариуцлагын хүрээнд хорооны иргэдийг үнэгүй шинжилгээнд хамруулах, эход үзүүлэх ажлыг хийлээ.
Мөн иргэдэд их таалагдсан ажил бол Баянзүрх зах, Хан талст зах гээд хоёр том зах байдаг. Үйлчлүүлж байгаа иргэд, гадуур нь ил задгай худалдаа эрхэлдэг хүмүүс, борлуулалтын машинууд гээд бужигнана, түгжирнэ. Тус захын баруун талаар Энхтайваны өргөн чөлөө рүү гардаг хоёр урсгалтай замын хажуугийн явган хүний зам дээр хүмүүс машинаа мордуулаад тавьчихдаг байлаа. Иргэд машинтай холилдоод замаар явдаг болчихсон байсан. Тэр зам дагуу үсчин, эмийн сан, хоолны газар, кафе, супермаркет гээд яг арван аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа юм. Аж ахуйн нэгжүүдийн хороотой байгуулсан гэрээ гэж бий. Түүнд байгууллагууд орчныхоо 50 метрийг цэвэрлэх, тохижуулах үүрэг хүлээчихсэн байдаг. Тэгээд өнөө аж ахуйн нэгж эрхлэгчдийг дуудаад тэр 107 метр газарт машин замыг явган хүний замаас тусгаарласан шон босгоё гэж тохирсон. 60 ширхэг жижиг шонг нэг жигд будаж, бетондож суулгах төсвийг та нар гаргаач гээд уулзсан. Одоо тэр 107 метр замаар иргэд ямар ч асуудалгүй шулуухан алхаад автобусны буудал руу ордог болсон. Олон иргэн талархсанаа хэлсэн. Энэ мэтчилэн санаачлагаараа хийх ажил их бий. Хорооны Засаг дарга гэдэг бол сэтгэлтэй хүн байх хэрэгтэй. 2019 оны эх үрсийн баяраар мянга гаруй хүүхэд багачуудыг аж ахуйн нэгжүүдтэй хамтраад хорооныхоо гадаа талбайд баярлуулсан гэх мэт. Надад төсөв байхгүй ч санаачлах сэтгэл байхад болдог. Жаахан ч гэсэн ажил хийгээд хорооныхоо фэйсбүүк хуудсанд тавихад иргэд баярлалаа гэж бичихэд л надад маш том урам болдог. Залуу хүн чинь урамшаад одоо ингэчих юмсан гээд л явна шүү дээ.
-Та зогсоолын асуудал хүндрэлтэй гэж ярьж байсан. Яг анхан шат дээр нь ажиллаж байгаа хүний хувьд шийдэх боломж хэр харагддаг вэ?
-Баянзүрх дүүргийн 6, 15, 18 дугаар хороо хил залгаа. Нөгөө хоёр яг л манайх шиг. Төлөвлөлтгүй олон барилгатай. Сул талбай гаргах нэг боломж юу байна гэхээр энэ гурван хороонд 1000 гаруй мкв газарт 220 ширхэг тоосгон граж байрлаж байна. Ихэнх нь зөвшөөрөлгүй. 10 граж буулгаад хаячихад л хөөрхөн талбай гарна. Жишээ нь, 21 дүгээр сургуулийн урд гэхэд 10 граж байна. Сургуулийн орчинд ч аюултай байдал үүсгэж байгаа юм. Үүнийг нийслэлийн Засаг дарга захирамж гаргаад Газрын алба буулгалт хийгээд талбай чөлөөлчих ажил байхгүй юу. 21 дүгээр сургуулийн нээлт дээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх ирээд хүртэл хэлсэн шүү дээ. С.Амарсайханыг хотын дарга байхад У.Хүрэлсүх сайд “Хотын даргаа энэ граж яагаад ч болохгүй шүү, буулга” гэсэн. Тэрийг нь би өлгөж аваад тухайн үед нь хотын дарга С.Амарсайханд албан бичиг явуулж байлаа. Дараа нь нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд бичиг явуулж байсан. Мөн Ж.Батбаясгалан даргад “Буулгаад өгөөч ээ” гээд бичиг явууллаа. Одоо хүртэл буулгаагүй л байж байна. Энэ 220 гражийг буулгачихвал тухайн орчиндоо талбай үүснэ. Тэгээд иргэдтэйгээ ярилцаж саналыг нь аваад хүүхдийн тоглоомын талбай, машины зогсоол, хогийн цэг байгуулж болно шүү дээ. Төлөөллийн байгууллагын төлөөлөгчид маань уг нь ийм л ажил хийх ёстой юм.
Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
Сэтгэгдэл ( 10 )
Баянзүрх дүүрэгт Ардчилсан нам 8 жил засаг барьж байгаа шүү, энэ хугацаанд дүүргээ яаж хөгжүүлж, ямар бүтээн байгуулалт юу хийв гэдгээ эргээд нэг харах хэрэгтэй, иргэд бидний бухимддаг нэг асуудал хогоо ачина гэж огт байхгүй овоороод л байдаг , хэлээд нэмэргүй, бусад дүүргүүд ямар байгааг нэг харчихаарай, сонгууль дөхөнгүүт худлаа гэнэтхэн өнөөдөр болохоо больчихоод байгаа юм шиг ярьж улс төр хийхээ болих хэрэгтэй.
Ihel hicheel zutgel setgeltei ajillaj bgaan ni haragdlaa. Yag bichsen shig ni demjeed ogvol ch. Suuliin neg jild tulgamdaad bgaa asuudluud baga bagaar shiidehdeed bgaa ni haragdaal bgaa shuu. Naad zahiin 18r bairnii hajuugiin zam zov shiidej ogson shuu.
Zasag darga l gedeg ....unendee horoonii zasag darga sumiin zasag dargaas erh medel muu tegsen atlaa sumaas ch ih hun am urhihtei l bgaad bdag.Ene zaluu mash zuv yarij bna .gehdee tusuvtei bolood irhiin tsagt bol ene zaluu shig humuus Zasag dargaar irehgui l dee...
hun setgel gargaad ajilahad deed dund shatni darga nar demjih heregtei sain ajillaj baigaad amjilt\n
Sanaachlan hiij bgaa ajluud ni irgediin amidrald tustai talaasaa hen negen tuluulugch,UIH-n gishuunees l iluu sanagddag daa. Boldog bol hogiin namchdiig turiin ajlaas bugdiig ni husaj hayad ene metiin setgeltei zutgeltei humuuseer hiilgeh sen.
Энэ дарга үнэхээр зөв ярьж байна. Дунд дээд шатны дарга нар анхаарах хэрэгтэй. Үнэхээр ажлаа хийж чаддаг засаг дарга байна
Хорооны засаг үнэхээр үнэн юм ярьсан байна шүү.дунд дээд шатны дарга нар бодох л хэрэгтэй шүү.ажлаа хийж чадаж байна энэ залуу
Zaa bolij uzeerei. 4 jil hagarhai zamtai baij baisnaa songuuli duhunguut hamag zam hovhlood yamar ch chanargui borjur, toosgo ene ter tavij baina bilee. Ene muuhai pop oo hezee bolih yum be?
odo bvr horoogooro idexnvv ai bolij vz
6r horoonii darga sanaachlagatai sain ajilladag daanch erh medel n hyrehgyi zyil baidag bh.bair hoorondiin zam zasaj yanzaldag kompani n haltvar todii hiideg,31r bairnii urd taliin yavgan hynii zamiig huuchin zamiug n huulaad hiisen chini heden sariin daraa hovhorood bojur n hazaigaad unachihsan.ovol hiisen yum chini argagyi shy de.hiij bga kompani n setgelgyi hymyys baidag.ajlaa hyleelgej ogohdoo horoonii darga yzej gariin ysgee zurah heregtei gdgtei sanal niilj bn