Өнөөдөр шөнө Унгарын нийслэл Будапешт хотын Пушкаш-Арена цэнгэлдэхэд УЕФА-гийн Супер Цомын төлөө Германы Бавари, Испанийн Севилья багууд өрсөлдөх болно. Цар тахал гарснаас хойш УЕФА-гаас үзэгчтэй зохион байгуулж байгаа анхны тэмцээн нь энэ юм.
67 мянган хүнтэй Пушкаш-Арена-гийн 30 хувьд нь л үзэгч оруулна. Үзэгчид зайгаа барьсан, бүгд амны хаалттай байх ёстой.Хоёр багийн фэнүүдэд тус бүр 3000 тасалбар хуваарилсан байна. Мөн цар тахалтай амжилттай тэмцэж байгааг нь үнэлэн, Унгарын 500 эмнэлгийн ажилтанд тоглолт үзэх урилга гардуулах юм.
Гадаадаас ирж, тоглолт үзэх хүмүүс коронавирусний шинжилгээ өгсөн эрүүл мэндийн бичигтэй байхаас гадна Испани, Германы фэнүүдийг тоглолт дуусаад 72 цагийн дотор Унгараас гарсан байх шаардлага тавьж байгаа юм.
"Бавари" баг энэ Цомын төлөө тав дахь удаагаа тоглох гэж байгаа бол "Севилья" зургаа дахь удаагаа өрсөлдөнө. Хоёр баг тус бүр нэг удаа энэ тэмцээнд түрүүлж байжээ.
Сэтгэгдэл ( 0 )