ШӨХТГ: Ломбардууд өндөр хүү, алданги тооцдог асуудлыг ШИЙДЭХ ЁСТОЙ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 25

Хүний эрхийн үндэсний комисс, Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Цагдаагийн Ерөнхий газар хамтран өнөөдрөөс  /2020.09.25/  эхлэн барьцаалан зээлдүүлэх үйлчилгээ эрхлэгч буюу ломбардын ажиллагаанд хяналт шалгалт хийж байна.

Өмнө нь ШӨХТГ-аас нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 180 ломбардын үйл ажиллагаанд шалгалт хийж дууснаа мэдэгдэж байсан. Түүнчлэн ломбардуудын 36 хувь нь зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулж байна гэсэн мэдээллийг өгч байсан юм.

Тэгвэл өнөөдөр ШӨХТГ-ын төлөөлөл хэлэхдээ “Нийслэлийн хэмжээнд 997 ломбард байдаг гэсэн тоо бий. Зарим нь зөвшөөрөл авалгүйгээр үйл ажиллагаа явуулж байна. Нэг талаас төрөөс зөвшөөрөл аван ажиллаж буй газрууд хууль, журамд заасан үүргийг биелүүлэх ёстой учраас бид дараалсан хяналт шалгалтуудыг хийж байна. Ломбардууд иргэдийн бараа бүтээгдэхүүнийг нийт үнийн дүнгийн 40-60 хувиар үнэлж, тооцож авлаа гэхэд дараа нь зарж борлуулах асуудал үүслээ гэхэд иргэдийг хохироохгүй байхаар шийдвэрлэх ёстой. Хоногийн хүү, алдангийн асуудлыг шийдэх ёстой” гэлээ.

Ломбардууд алт, мөнгө, монетон эдлэл, хөөрөг, хэт хутга, эмээл, хазаар, эртний эдлэл, автомашин, гар утас, гар утасны дугаар, зургийн аппарат, зөөврийн болон ширээний компьютер, гэр ахуйн цахилгаан бараа, мөн автомашин зэрэг иргэдийн хөдлөх эд хөрөнгийг барьцаалан зээл олгож байна.

Хяналт шалгалтад хамрагдсан ломбардууд барьцааны эд зүйлсийг үнэлэхдээ зах зээлийн үнээс 50-80 хувиар доогуур үнэлж авдаг ба зээлийн хүү нь барьцаалсан эд зүйлээс шалтгаалан 7, 14, 21, 30 хоногийн хугацаатайгаар хүү тооцдог, хугацаа хэтэрсэн хоног тутмаас алданги тооцон авдаг бол зарим газрууд нь алданги тооцдоггүй зэрэг нийтлэг зөрчил илэрсэн байгаа юм. Харин Иргэний хууль болон Хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн хүрээнд: 

Барьцаалан зээлдүүлэх үйлчилгээний талаар хэрэглэгчийг бодит мэдээллээр хангаж ажилладаггүй;

Хэрэглэгч эрхээ хамгаалах тухай болон санхүүгийн мэдлэггүй байдлыг ашиглан хэт нэг талын ашиг сонирхол давамгайлсан, хууран мэхэлж, төөрөгдүүлсэн шинжтэй гэрээг шууд тулган байгуулдаг;

Цахилгаан бараа, гар утас, нөүтбүүк, ТВ-ийг зах зээлийн ханшаас доогуур буюу 40-50 хувиар үнэлж авдаг, хугацаа богино, хүү өндөр, хоногоор алданги тооцдог;

Иргэний барьцааны эд зүйлсийг зээлийн хугацаа дуусмагц сануулах мессежийг илгээдэг ба дараагийн өдрөөс зөрүү тооцохгүйгээр үл маргах журмаар худалдан борлуулж ломбардын орлого болгох талаар гэрээнд тусгасан;

Зээлийн гэрээний хугацаанаас өмнө иргэн эд зүйлээ авсан ч тухайн зээлийн гэрээнд заасан хоногоор хүүг тооцож төлөхөөр гэрээнд тусгах зэрэг зөрчлүүд илэрснийг ШӨХТГ-аас мэдэгдэж буй юм.

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top