31 жилийн өмнөх үр хөврөлөөс Дэлхийн хамгийн “хөгшин” хүүхэд мэндэлжээ

Э.Мөнхжин | Zindaa.mn
2025 оны 08 сарын 01

Долоодугаар сарын 26-нд АНУ-ын Охайо мужийн Линдси болон Тим Пирсийн гэр бүлд Дэлхийн хамгийн “хөгшин” хүүхэд мэндэлж, Даниел гэж нэрлэжээ. Яагаад хөгшин гэж тодотгов гэвэл 1994 онд буюу 31 жилийн өмнө Линда Арчер болон түүний нөхрийн хөлдөөж хадгалуулсан үр хөврөлийг Пирсийн гэр бүл “ашиглаж”, хүүхэдтэй болсон юм байна.

1990-ээд оны эхээр Арчерийн гэр бүл үр шилжүүлэн суулгах замаар хүүхэдтэй болох замыг сонгосон байна. Ингээд дөрвөн эмбрион буюу үр хөврөл бий болгосны нэгийг хэрэглэсэн нь одоо 30 настай бүсгүй болжээ. Харин үлдсэн гурван үр хөврөлийг хөлдөөж хадгалуулсан байна.

Линда Арчер нөхрөөсөө салсны дараагаар хөлдөөсөн гурван үр хөврөлийг бусдад “үрчлүүлэх” эрхийг эзэмших болжээ. Тэрбээр Христийн шашинтай, цагаан арьст гэр бүлд үр хөврөлөө өгөхийг хүссэнээр Пирсийн гэр бүлийг сонгосон гэнэ.
 


“Бид ямар нэгэн дээд амжилт гэх мэт зүйл огт бодоогүй. Зүгээр л хүүхэдтэй болохыг хүссэн юм. Төрөлт хүндрэлтэй, хэцүү боллоо. Гэхдээ одоо бол бүх юм сайхан байна. Их тайван өхөөрдөм хүүхэд юм аа. Ийм үнэт эрдэнэтэй болсондоо сэтгэл үнэхээр их хөдөллөө” хэмээн Линдси Пирс өгүүлжээ.

Харин Линда Арчер “Линдсигийн илгээсэн зургийг хараад би шууд охиныхоо багын зургийг хайж эхэлсэн. Учир нь миний охины нялхын төрхтэй яг адилхан санагдсан юм. Үнэхээр адилхан байна лээ. Тэгэхээр энэ хоёр эгч дүүс гэдэг нь ойлгомжтой” хэмээн өгүүлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top