"Хакатон - Дата соёл" тэмцээний шилдгүүд тодорлоо

Э.Мөнхжин | Zindaa.mn
2020 оны 09 сарын 27

“Эрдэнэс Монгол” нэгдлийн охин, хараат компаниуд болон төслийн нэгжүүдийн залуусыг чадавхжуулах, дата өгөгдлийн ач холбогдлыг таниулах #ЭМГЛ_БидНэгБаг-Хакатон_ДатаСоёл тэмцээнд нэгдлийн харьяа 13 компанийн 70 гаруй залуу оролцож, ур чадвараа сорилоо.

Тэд өгөгдсөн сэдвээс 1 асуудлыг сонгож, 36 цагийн турш УЛААНБААТАР ИННОВАЦЫН ТӨВ-д байрлаж, оюун бодлоо уралдуулж, шинэлэг, бүтээлч шийдлүүдээ дэвшүүлж, уралдлаа. Тэмцээний тэргүүн байрт “Төрийн өмчит компаниудын нийтэд тайлагнаж буй мэдээллийг тоо болон чанарын хувьд хэрхэн сайжруулах вэ” гэсэн сэдвээр шийдэл танилцуулсан баг шалгарсан бол “Эрдэнэс Монгол” нэгдлийн Монгол Улсын эдийн засагт үзүүлж буй нөлөө”, “Мэдээллийн нэгдсэн сан хэрхэн үүсгэх вэ” сэдвээр өрсөлдсөн багууд удааллаа.

Энэ удаагийн тэмцээнийг “Эрдэнэс Монгол” ХХК Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнтэй хамтран зохион байгуулсан бөгөөд нэгдлийн залуучууд анх удаагаа хамтран оновчтой шийдлийг эрэлхийлэв. Тэмцээний ментороор МУИС-ийн дэд захирал Ч.Лодойравсал, Байгалийн баялгийн засаглалын хүрээлэнгийн Монгол дахь менежер Н.Дорждарь, МУИС-ийн Судалгааны хэлтсийн дарга дэд профессор, доктор Г.Амарсанаа, ШУТИС-ийн Бизнес процессын удирдлага, загварчлалын багш, докторант Ц.Мөнхтуяа, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын зөвлөх Г.Мөнхгэрэл, Олон улсын санхүүгийн корпорацийн Дэд бүтэц, байгалийн нөөцийн зөвлөх Г.Дэлгэрмаа нар ажиллаж, залуусыг чадавхжууллаа.

Монгол Улсын стратегийн ач холбогдол бүхий ордуудад төрийн төлөөллийг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий “Эрдэнэс Монгол” ХХК нь Монгол Улсад анх удаагаа #ЭМГЛ_БидНэгБаг #Хакатон_ДатаСоёл тэмцээнийг зохион байгуулж, шийдвэр гаргах түвшин дэх залуучуудын оролцоог хангах шинэ жишгийг тогтоож буйгаараа онцлогтой юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top