Японы нийслэлд болж байгаа мэргэжлийн сүмо бөхийн Намрын тэмцээнийг 12 даваатай сэкивакэ Шёодай тэргүүлж, 11 даваатай озэки Такакэйшёо, маэгашира Тобизарү нар нэхэж явна.
Өнөөдөр Шёодай Тобизарүтай, Такакэйшёо озэки Асанояматай барилдана. Шёодай давбал түрүүлж, ялагдсан ч 3 унаатай бөхтэй халз барилдаан хийх юм. Энэ тэмцээнд түүний барилдаан, ялангуяа озэки Асаноямаг давсан барилдаан холбооныхонд ихэд таалагдаж байгаа. Тиймээс өнөөдөр Тобизарүг ялж, 13 даваатай түрүүлэхэд озэки цол олгох талаар хэлэлцэхээр болжээ. Шёодайгийн хувьд анхны түрүүгээ, арслан цолтой авах сайхан боломж бүрдлээ. Харин тэр халз барилдаанаар биш 13 даваагаар түрүүлэх хэрэгтэй байна.
Холбооны дүрмэнд дараалан түрүүлэх, эсвэл санякү дээр сүүлийн гурван башёд 33 давсан бөхөд озэки цол олгоно гэсэн дүрэмтэй. Шёодай сэкивакэ болсон Хаврын тэмцээнд 8, долоодугаар сарын башёд 11 давсан, Намрын тэмцээнд 13 давбал 32 даваатай болно. Нэг даваа дутуу байгаа ч сүүлийн үед Кисэносато, Гоэйдо, Асанояма нар 32 даваатайгаар озэки цол хүртсэн. “Шёодай сүүлийн 3 башёд аварга, арслангуудтай барилдаад 4 давж, 2 унасан нь ч арслангийн энтэйг нь харуулж байна” гэж Такадагава ояката сэтгүүлчдэд мэдээлсэн байна.
Сэтгэгдэл ( 1 )
Япончууд дэвжээндээ эзэн сууж эхлэх нь дээ. Нээрэн ч цаг нь болсон. Аль юм бүр бүдүүлэг зэрлэг монголчуудад дэвжээгээ, улс түмнээ доромжлуулж байх билээ.