Месситэй анх хамт тоглосон БАРСАЧУУД одоо хаана байна вэ?

2020 оны 09 сарын 29

Цар тахлын үеийн наймааны цонхоор дэлхий даяар Лионель Мессигийн нэр цуурайтаж байлаа. Барселона багийн ахлагч, домог аргентин залуу багаа солихоор шийдсэн юм. Гэвч тэр багтаа үлдсэн. Месси Барселона багт анхны албан ёсны тоглолтоо 2004 онд хийж байлаа. Тэр үед түүнтэй хамт тоглож байсан багийн андууд нь одоо хаана байна?

Виктор Вальдес
 

Испани хаалгач 2017 онд Английн Мидлсбро багт зодог тайлсан. Энэ зун дөрөвдүгээр лигийн Каталоны Орта багийн ерөнхий дасгалжуулагчаар томилогдсон.

Карлес Пуйоль
 

Алдарт хамгаалагч, багийн ахлагч Карлес дасгалжуулагчийн ажилд шилжсэнгүй. Барса багийнхаа хуучин анд Иван де ла Пеньягийн хамт залуу хөлбөмбөгчдийн ашиг сонирхлыг хамгаалдаг компани байгуулсан. Мөн Испанийн хэвлэлд тайлбарлагч, шинжээчийн ажилтай.

Рафаэль Маркес
 

Маркес 2018 онд Мексикийн Атлас багт зодог тайлж, багийнхаа спортын захирлын үүрэг хүлээсэн. 2019 оны тавдугаар сард ажлаасаа гарч, Мексикт өөрийн нэрээр хөлбөмбөгийн академ нээсэн.

Жованни ван Бронкхорст
 

Ван Бронкхорст өнгөрсөн жил Манчестер Сити багт ажиллаж байгаад энэ өвөл Хятадын Гуанчжоу Фули багийн ерөнхий дасгалжуулагч болжээ.

Силвиньо
 

Силвиньо өнгөрсөн жилийн тавдугаар сард Францын Лион багийн дасгалжуулагчаар томилогдсон ч дөрвөн сарын дараа халагдсан. Одоо ажилгүй.

Жулиано Беллетти
 

Беллетти саяхан Бразилд хөлбөмбөгийн Arena Belletti академ нээсэн. Тэр мөн Барселона багийн Бразил дэх элчин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэдэг.

Эдмилсон
 

Зодог тайлаад бразил залуу сайн үйлсэд амьдралаа зориулсан. Fundação Edmílson хэмээх сан байгуулж, залуу тоглогчдод туслах Ska Brasil багтай болсон.

Тьяго Мотта
 

2019 оны аравдугаар сард Италийн Женоа багийн дасгалжуулагчаар томилогдсон ч хоёр сарын дараа халагдсан. Одоо шинэ ажил хайж байгаа.

Деметрио Альбертини
 

Альбертини спортын маркетинг, арга хэмжээ зохион байгуулдаг Dema4 агентлагт ажиллаж байгаад хэд хоногийн өмнө гарсан. Одоо уран бүтээлийн эрэл хайгуул хийж байгаа.

Шави
 

Шави Катарын Аль-Садд багт тоглож байгаад 2019 онд зодог тайлсан. Тэндээ дасгалжуулагчаар ажиллаж байна. Одоогийн байдлаар Шейх Яссимийн цом, Катарын Ханхүүгийн цом гэсэн хоёр тэмцээнд дасгалжуулагчийн хувиар түрүүлээд байна.

Андрес Иньеста
 

Харин 36 настай Иньеста ногоон талбайдаа тоглосоор байгаа. Японы Виссел Кобе багтай цуг тэр Японы цом, Японы Супер цом гэсэн хоёр тэмцээнд түрүүлсэн. Одоогийн байдлаар зодог тайлах бодолгүй байна.

Роналдиньо
 

Парагвайд хуурамч паспорттой нэвтэрсэн хэргээр энэ зунжингаа 171 хоног Парагвайд хорионд өнгөрөөсөн. Наймдугаар сарын сүүлээр суллагдаж, гэртээ харьсан.

Деку
 

Португал эр D20 Sports гэдэг агентлаг байгуулж, Латин Америк хөлбөмбөгчдийг Европын зах зээлд “борлуулж” байгаа. Түүний үйлчлүүлэгч дунд Фабиньо, Тикиньо Соарес, Йордан Осорио зэрэг олон алдартан бий.

Людовик Жюли
 

Жюли 2019 оны есдүгээр сард Монако багийн туслах дасгалжуулагчийн ажилд орсон. Мөн хөлөг онгоц зээлүүлэх бизнес эрхлүүлдэг.

Самуэль Это'О
 

Өнгөрсөн намар Катарын Катар СК багт зодог тайлсан. Одоо тэр “Катар 2022” дэлхийн аваргын тэмцээний албан ёсны элчингээр ажиллаж байна.

Хенрик Ларссон
 

Ларссон энэ зун Барсад буцан ирсэн. Тэр Роналд Куманы туслахаар 2022 оны зун хүртэл ажиллана.

Франк Райкард
 


2008 онд Барсаг орхисноосоо хойш Райкард Туркийн Галатасарай, Саудын арабын шигшээ багийг удирдсан. 2014 оны гуравдугаар сараас хойш хөлбөмбөгөөс холдсон.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
сонирхогч(192.82.70.12) 2020 оны 10 сарын 03

Месси алтан үедээ Аргентин улсаа дахин аврага болгож чадааүйдээ харамсаж явдаг.\nЭнэ залуу дэлхийн хөл бөмбөгийн түүхэнд нэр алдар нь дуурсагдаж байх болно.

2  |  0
Бишрэн хүндлэгч(103.229.123.19) 2020 оны 10 сарын 01

Месси ч удахгүй зодог тайлна гэхдээ хөл өмбөг сонирхогчид хэзээ ч түүнийг мартахгүй. Пелег үхэхэд хөл бөмбөгийн хаанаар өргөмжлөгдөнө

0  |  1
Top