Г.Энхбат: Соёлын өвд орох ёстой барилгууд ресторан, дэлгүүр болсон нь харамсалтай

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 02

Соёлын өвийн үндэсний төвийн захирал, доктор Г.Энхбаттай дурсгалт уран барилгын хадгалалт, хамгаалалт, хэрхэн соёлын өв болох тухайд ярилцлаа.


-Монгол Улсын хэмжээнд дурсгалт уран барилгын төрөлд хамаарах хэдэн дурсгал байдаг вэ?

 -Дурсгалт уран барилгын төрөлд эртний хотын туурь, үлдэгдлүүд, балгас, хэрэм, суварга, сүм, хийдийн үлдэгдэл, одоо үйл ажиллагаа явуулж байгаа сүм, хийдүүд, соёлын өвд хамаарах дурсгалт уран барилга зэргийг хамааруулж үздэг. 2019 онд Археологийн хүрээлэнгээс гаргасан “Монголын эртний хот суурин” цуврал номонд эртний хот суурин ангилалд нийт 300 гаруй хот суурингийн дурсгалыг илрүүлж, бүртгэн тэмдэглэсэн байна. Сүм, хийдийн барилгатай холбоотой дурсгалыг 1930-1940 оны судалгаагаар 1000 гаруй байсан гэсэн бол одоогийн байдлаар үйл ажиллагаа жигд явуулж байгаа барилга, архитектурын хэв шинжээ хадгалж байгаа 20 гаруй дурсгал бий. Харин сүм, хийдийн үлдэгдэл, туурь 800 гаруй байдаг. Эртний хот суурин, өнөөдрийн байгаа сүм, хийд, дурсгалт уран барилгатайгаа нийлүүлж тооцвол Монгол Улсад 1500 орчим дурсгалт уран барилгын төрөлд хамаарах үлдэцүүд, барилга, архитектурын дурсгалууд байна.

-Тэдгээр дурсгалын ач холбогдол, үнэ цэнийг судлаачид хэрхэн дүгнэдэг вэ?

-Эрдэмтэн, судлаачид тухайн цаг үеийн барилга архитектурын хэв шинж нь ямар байсан гэдгийг судлаад үнэ цэнийг нь тодорхойлох ёстой. Тухайн үнэ цэнээс хамаарч соёлын өв болох эсэхийг шинжилнэ. Сүүлийн үед социализмын үед бүтээн байгуулагдсан барилгуудыг соёлын өв мөн үү, биш үү гэдэгт нэлээн маргаан гараад байгаа. Аливаа дурсгалт уран барилгыг соёлын өв болгохын хувьд үндсэн хэдэн шалгуур үзүүлэлтээр дүгнэдэг.

Нэгдүгээрт, тухайн барилгын үндсэн ур хийц нь барилга архитектурын ямар онцлог хэв шинжтэй вэ, барилгын эх төрх, дүрслэгдэж байгаа дүрслэл, хийц ямар байна вэ, урлаг, уран сайхны онцлог түүнд шингэсэн байна уу гэдгийг дүгнэнэ. Хоёрдугаарт, тэр барилгыг барьсан архитекторч, инженер нь яг тэр барилгадаа зориулж тухайн үеийн бусад барилгаасаа онцолж ялгарах хэв шинжийг бүтээсэн үү гэдгийг судална. Гуравдугаарт, тухайн барилгын барихдаа ашигласан материалын чанарыг харж үзнэ, материал бусад барилгуудтай адил нийтлэг юм уу, үнэхээр үнэ цэнтэй материалыг зорьж ашигласан эсэх, Дөрөвдүгээрт, тухайн барилга нь тухайн үндэстнийхээ өвөрмөц илэрхийлэл болж чадаж байна уу. Тавдугаарт, он цагийн шалгуур үзүүлэлтээр соёлын өв болж чадаж байна уу гэх мэт шалгуураар үнэлж дүгнэдэг. 1920 оны Ардын хувьсгалтай холбоотой модон барилгууд он цагийн хувьд ч тэр, тухайн үед түүхэн үйл явдал болсонтой улбаатайгаар ч тэр соёлын өв болох тохиолдол цөөнгүй байдаг. 1940-1950 оны үед манай улс Орос улсад үндэсний боловсон хүчин болох архитекторчдыг бэлтгэж, тэдгээр хүмүүс Монголдоо ирээд үндэсний хэв шинжийг агуулсан барилгууд барих болсон, үүрэг даалгавар хүлээж авсан. Үр дүнд нь баригдсан өнөөдрийн яригдаж байгаа Улсын дуурь бүжгийн эрдмийн театр, Гадаад харилцааны яам зэрэг барилгыг соёлын өв мөн үү гэдэг асуудал яригдаж байна. Түрүүн хэлсэн таван шалгуур үзүүлэлтийг Чингис хааны музей баригдаж байгаа газарт байсан Байгалийн түүхийн музей дээр жишээ болгож яръя.

 

БАЙГАЛИЙН ТҮҮХИЙН МУЗЕЙН БАРИЛГЫГ СОЁЛЫН ӨВД ТООЦОХ БОЛОМЖГҮЙ БАЙСАН

 

-Тэгье. Байгалийн түүхийн музейн барилга соёлын өв мөн байсан уу?

-Байгалийн түүхийн музей байсан барилгыг анх Санхүүгийн техникум буюу оюутнуудад зориулсан сургуулийн зориулалтаар барьсан. Анхнаасаа музей гэж баригдаагүй. Барилгын хийцлэл нь зөвхөн манайх болон Орос улсад хэрэглэгддэг модон өрлөгтэй, өрлөгийн гадуур дахин дранкан мод хадаад шаварддаг. Барилга ашиглалтын хувьд 60 жилийн настай. Тиймээс барилгын өөрийнх нь ур хийцлэл өв болж цааш олон 100 жил хадгалагдах ямар нэгэн үндэслэл байхгүй. Архитекторч нь манай уугуул, анхдагч боловсон хүчний нэг. Мэдээж тухайн хүн барилгын зургаа зурахдаа нүүрэн талд нь монгол үндэстнийхээ хээ хуар гээд чимхлүүр ажлыг хийсэн. Европын барилгуудад дүрслэгдэх жижиг элементүүдийг ашиглахдаа уламжлалт тоосго, шаврыг ашигласан. Тухайн Байгалийн түүхийн музейн барилга 1950-аад оны үед баригдсан. 2015 онд үл хөдлөх дурсгалын үзлэгийг Монгол Улсад анх удаа хийхдээ 1965 оноос өмнө баригдсан барилгыг үзлэгт хамруулсан. Хамруулахдаа тухайн дурсгалд миний түрүүнд хэлсэн шалгуур үзүүлэлтүүдийг харж үзэх ёстой гэдэг арга зүйг өгсөн. Гэтэл тухайн үед оноор нь буюу 1965 оноос өмнө баригдсан бүх барилгыг соёлын өвийн үзлэгтээ хамруулчихсан. Үзлэгт хамрагдсан учраас ямар нэг дугаар, код өгөгдсөн. Тэгэхээр зөвхөн үзлэгт хамрагдсан учраас соёлын өв болно гэсэн үг биш. Шалгуур үзүүлэлтийг хангаж, эрдэмтэн судлаачид олон удаагийн судалгаагаар соёлын өв гэдгийг нь нотолсон байх ёстой. Одоо яригдаж байгаа барилгуудад судлагдаагүй, шинжлэх ухааны эргэлтэд ороогүй нь олон байна. Улмаар тухайн барилгад үйл ажиллагаа явуулах гэхээр даац хэтрэх, ан цав гарах, газар хөдлөлтөд тэсвэргүй зэрэг олон асуудал үүсэх болсон. 6-7 баллын газар хөдлөлтөд 1940-1950 онд баригдсан модон барилгууд нурах эрсдэлтэй. Ийм учраас зарим барилгыг соёлын өвд тооцох боломжгүй гэсэн байр суурьтай байна. Соёлын өвд тооцно гэвэл материал, ур хийц, урлаг, архитектур талаас нь судлагдсан байх, судалгаагаа бүтээлдээ тусгасан байх ёстой. Эдгээр шалгуурыг хангаж хамгаалалтад авна гэвэл дүүрэг, аймаг, нийслэл, сум, улсын хамгаалалтад авах эсэх тухай асуудлыг холбогдох яам, Засгийн газар шийднэ.

 

БАРИЛГЫН ЗӨВХӨН ГАДНАХ ХИЙЦИЙГ НЬ ХАРААД СОЁЛЫН ӨВ ГЭЖ ДҮГНЭХ НЬ ӨРӨӨСГӨЛ

 

-Монгол Улсын хэмжээнд 1500 орчим дурсгалт уран барилга байгаа гэлээ. Яг нийслэлийн хэмжээнд ямар барилгууд байна вэ. Талбай тойрсон барилгуудыг ижил загварын ур хийцтэй учраас тухайн цаг үеийнхээ үүх түүхийг агуулдаг гэж нэг хэсэг ярьж байна?

-Мэдээж тухайн цаг үед архитекторчид хот төлөвлөлт, барилгын дүр төрхөнд анхаарсан байх ёстой. Тухайн цаг үеийнхээ урлаг, уран сайхны хэв шинжийг агуулсан эх төрхөө хадгалсан уу гэвэл соёлын өвд орж болох зөвхөн нэг шалгуурыг хангалаа гэсэн үг. Гэтэл бусад шалгуурыг хангаагүй тохиолдолд яах вэ гэсэн асуудал яригдана. Өнөөдөр Монгол Улсын хэмжээнд дурсгалт уран барилгын төрөлд Богд хааны ордон музей, Цоожин ламын сүм музей, Гандантэгчэнлин хийд, нийслэл хүрээний консулын барилга, хувьсгалын үеийн түүхэнд холбогдсон барилгуудыг соёлын өвд бүртгэж, хамгаалалтад авсан.

-Дурсгалт уран барилгыг сэргээн засварлах үйл ажиллагааг яаж явуулдаг вэ?

-Дурсгалт уран барилгын арчлалтыг эзэмшиж байгаа байгууллага нь хариуцах ёстой. Анхнаасаа тогтмол арчлалтаа хийгээд явбал асуудал үүсэхгүй. Улсын төсөвт хэсэгчилсэн байдлаар төсвийг нь тусгуулаад арчлах, хамгаалах эрх ч тухайн дурсгалт барилгыг эзэмшигч байгууллагад бий.

-Соёлын өвийн арчлалтыг эзэмшигч байгууллага хариуцах ёстой боловч хамаагүй засвар хийж болохгүй байх?

-Тэгнэ ээ. Эзэмшигч байгууллага соёлын өвийн өнгийг бүрэн өөрчлөх, дотор нь шинэ өрөө тасалгаа гаргах, шинэ байшин барих, барилгын материалыг эрс өөрчлөх буюу модыг тоосго болгох зэргээр дур мэдэн солих нь хууль бус үйл ажиллагаа болно.

-Хамгаалалтад аваагүй түүхэн дурсгалт барилгын үнэ цэнийг нь мэдэхгүй учраас сүйтгэж гэмтээсэн тохиолдол байдаг уу. Энэ тохиолдолд ямар арга хэмжээ авдаг вэ?

-Дурсгалт уран барилгыг нураах, гэмтээх тохиолдол байна. Ихэвчлэн эзэмшигчгүй, эзэмшигч тодорхойгүй байгаа тохиолдолд нураах, гэмтээх тохиолдол гардаг. Хуулиараа дурсгалт уран барилгыг хэн нэгэнд гэрээгээр эзэмшүүлээд хамгаалаад явах эрх Засаг дарга нарт байдаг. Хот суурин газраас хол, зэлүүд газарт байдаг дурсгалуудад мал орох зэргээр гэмтээх тохиолдол элбэг. Мөн соёлын өв гэдгийг нь мэдсээр байж хувьчилж аваад шинээр байшин барьсан тохиолдол ч байна. Тиймээс бид өмчийг хувьчлах тохиолдолд соёлын өвийг яах ёстой юм гэдгийг авч үзэх ёстой. Улаанбаатар хотод соёлын өвд орох ёстой зарим уран барилга нь одоо ресторан, дэлгүүр болсон байна.

 

ДУРСГАЛТ БАРИЛГЫГ АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫН ЗОРИУЛАЛТААР ЗАСВАРЛААД АШИГЛАСАН АЖ АХУЙН НЭГЖ АЛГА

 

-Дурсгалт уран барилгыг аялал жуулчлалын зориулал­таар ч юм уу засварлаад, хөгжүүлээд ашиглаж болох санагдлаа?

-Дурсгалт уран барилгыг аялал жуулчлалын зориулалтаар засварлаад ашигласан аж ахуйн нэгж одоогоор алга. Харин соёлын өв дээр түшиглэсэн аялал жуулчлалыг хөгжүүлсэн аж ахуйн нэгжүүд маш цөөхөн. Аж ахуйн нэгж тухайн барилга, хотын туурь, балгасыг эзэмшиж аваад түүндээ менежмент, хадгалалт, хамгаалалтыг зохион байгуулаад, аялал жуулчлалын зориулалтаар хөгжүүлээд, хөрөнгө татах үйл ажиллагаануудад асуудал их гарна. Тиймээс дурсгалт уран барилга, соёлын өвийг шууд аялал жуулчлалын компани ав гээд тулгах боломжгүй. Сүүлийн үед дурсгалт уран барилгыг хадгалж хамгаалах чиглэлээр төр, хувийн хэвшил хамтрах хэрэгтэй гэсэн саналыг нэлээд ярих болсон.

-Монголоос олдсон хамгийн эртний түүхэн дурсгалт барил­гад хамаарах дурсгал юу вэ?

-2000 гаруй жилийн өмнөх Хүннүгийн үеийн хот суурин хамгийн эртний гэж тооцогдоно.

-Түүхэн дурсгалт барил­гуудыг арчилж хамгаалаад олон жил хадгалж үлдээх талаас нь олон улсын туршлагад үндэслэн ямар зохицуулалт хийдэг вэ. Жишээлбэл, Германы уран барилгуудын арчлалт хамгаалалтыг сайн гэж ярьдаг?

-Дурсгалт барилгуудыг арчилж хамгаалах хоёр янзын арга зүй байдаг. Азийн улс орнуудын соёлын өвийг хамгаалах арга бол тухайн хийсэн арга технологиор нь эвдэрч гэмтсэн барилгыг дахин сэргээдэг. Европын орнуудын хувьд чулуу, гантигаар хийсэн нүсэр байгууламжууд олонтой. Тиймээс ихэнхдээ тухайн дурсгалуудаа байгаа хэвээр нь багахан арчилгаа хийгээд хадгалах зарчмаар хамгаалалт явагддаг. Азийн улсуудын хувьд модон байгууламж давамгайлдаг онцлогтой. Модон байгууламж, чулуун байгууламжийн насжилт тэнгэр, газар шиг ялгаатай. Модон барилга муудсан бол ихэнхдээ солихоос өөр аргагүйд хүрдэг. Олон улсын байгууллагуудын зүгээс энэ хоёр арга зүйг аль алиныг нь ашиглаж болно гэдэг. Монгол Улсын хувьд энэ хоёр арга зүйг хосолсон байдлаар ашигладаг. Сэргээн засварлах үйл ажиллагааны зураг төсөл яаж хийгдсэнээс хамаарч бүрэн сэргээн засварлах уу, хэсэгчлэн сэргээн засварлах уу, хүчитгээд орхих уу гэдэг нь тухайн дурсгалын эвдрэл, гэмтлээс шалтгаалж хийгддэг.

-Монголын нөхцөлд сая таны хэлсэн шиг сэргээн засварлалт хийгдсэн жишээ байна уу?

-Монгол Улсын хувьд эртний хотын туурь балгасыг сэргээсэн туршлага бий. Хэрлэн барс хотын туурь нь 10 дугаар зуун, Хятан улсын үед холбогдох байгууламж. Хятан улсын үед холбогдох уран барилгууд БНХАУ, Өвөр монголд маш олон байдаг. Тэдний хийсэн барилга, архитектурын онцлог, хийц нь адилхан. Хэрлэн барс хотын суварганы үлдэц сэргээн засах бэхжүүлэхээс өмнө энгийн хүн харахад бүтэн юм шиг мөртлөө нурахад бэлэн болсон байсан. Иймд хүчитгэл хийж, эх төрхийг нь ойртуулахын тулд нөхөн сэргээлтийг ч хийсэн. Нүдэнд харагдсаар байгаад нэг хэв шинжид орсон дурсгалуудыг анхны эх төрх рүү нь ойртуулахад мэргэжлийн бус хүмүүсийн нүдэнд цоо шинэ юм хийсэн мэт харагдаж байгаа юм. Угтаа бол мэргэжлийн хүмүүс шинжлэх ухааны үндэслэлээр судалгааны дагуу хийсэн учраас олон нийтэд яаж харагдах тийм чухал биш. Хийх ёстой ажлаа хийсэн гэсэн үг. Гэхдээ аль болох өнөөдрийн эх төрхөөр нь хадгалах нь хүмүүст эртний гэж харагддаг учраас тэр талыг ч мөн анхаарч байгаа.

-Богд хааны ордон музей зэрэг түүхэн дурсгалт барилгыг анх барихдаа тухайн барилгыг судалсан судлаачдаас нь зөвлөгөө авч байсан болов уу. Бид цаашдаа барилга барихдаа соёлын өв болгож үлдээх талаас нь анхаарч болох юм?

-Жишээлбэл, Японы хэд хэдэн хотод 1800 оны үеийн Европын хэв маягийг агуулсан том чулуун байгууламжийн бүтэцтэй байшингуудыг барьсан. Өнөөдөр тэр барилгууд хэдийгээр Японд байгаа хэдий ч Европын хэв маягтай дурсгалт уран барилгууд болчихоод байна. 1900 оны үед баригдсан Япон дахь тухайн барилгууд Европын барилга архитектурын хэв шинжийг Японы уламжлал, соёлтой хослуулж, тухайн үедээ шинэ өвөрмөц шийдэлтэйгээр барьсан учраас өнөөдөр соёлын өв болох шалгуураа эхнээсээ хангаад явж байна. Тиймээс бид магадгүй 1950 оны үед баригдсан барилгаа арай өөр өнцгөөс хараад барьсан бол Япон шиг болсон байхыг үгүйсгэхгүй. Гэтэл тухайн үед социализм өрнөж байсан учраас 14 хоногийн дотор ч байшин барьдаг нийгмийн зурвас үе байсан. Зүгээр л маш хурдан хот босох ёстой үе байлаа. Тэр үед баригдсан барилгуудыг өнөөдөр бид соёлын өв болгохын тулд яг тэр чигээр нь арай илүү хүчитгээд, арай илүү инженерийн байгууламжтайгаар дахин барьж болно. Тэгснээр эх төрх нь яг хэвээрээ. Барилгын хийцлэл нь чанаржиж, мөн соёлын өв болгох боломжтой.

-Соёлын өвийг хайрлан хамгаалдаг иргэд олон байдаг уу, тухайн үнэ цэнийг нь олон нийтэд таниулах тухайд яаж ажилладаг вэ?

-Соёлын өвийн мэдлэгээ та өөрөө олж авч бас дээшлүүлэх ёстой. Үүнээс биш хүн болгон соёлын өвийн мэдлэгтэй бай гэсэн зүйл байж болохгүй. Тухайн хүн өөрийнхөө хүслээр л тэр мэдлэгийг эзэмшинэ. Гэхдээ аялж явахдаа ч юм уу аливаа эд өлгийн зүйлтэй харьцахдаа энэ чинь соёлын өв, соёлын өвтэй ингэж харьцах ёстой гэсэн хүмүүжил, төлөвшил, ухамсар хүнд байвал зүгээр. Соёлын өвийг аялал жуулчлалын байгууллагуудтайгаа хамтраад сурталчлан таниулах боломжууд байна.

Эх сурвалж: ӨГЛӨӨНИЙ СОНИН
 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Со ах (202.179.24.136) 2020 оны 10 сарын 04

Соёлын өвийн үндэсний төв хаана байдаг газар вэ?

0  |  0
Top