Аваргуудын лиг: Хэсгээс хэн нь гарах вэ?

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 02

Европын Аваргуудын лигийн хэсгийн сугалаа өчигдөр Ньонд явагдлаа. Нэг сараар хоцорсон ч уламжлалт хэлбэрээр зохион байгуулагдсан. Гэхдээ мэдээж танхимд багийн төлөөлөгчид ирээгүй. Ингээд хэсэг тус бүрийг танилцуулья.

А: Бавари, Атлетико, Зальцбург, Локомотив

Атлетико нэгдүгээр байрны Баваритай өрсөлдөх нь тодорхой. Хүчирхэг аваргуудыг яаж ялахыг саяхан Хоффенхайм яруу тодоор харуулсан билээ. Гэхдээ энэ хэсгийн хамгийн сайхан тоглолтыг Зальцбург үзүүлнэ. Энэ баг довтлох дуртай, гоол алдсандаа гутраад байдаг баг биш. Өнгөрсөн жил Ливерпультэй ил задгай тулалдсан тэд энэ удаад өөр аварга загаснуудтай үзэлцэнэ. Харин ЛОКО-д гэрэлтэх зүйл тун бага байна.

B: Реал, Шахтер, Интер, Мёнхенгладбах

Өнгөрсөн намар Интер өөрсдийн буруугаас хоёрдугаар байраа Дортмундад алдсан. Харин энэ удаад тэгэж болохгүй. Учир нь Конте шууд халагдах болно. Интер Испанийн Эзэн хааны багтай өрсөлдөнө. Боломж их бий, учир нь Реал сүүлийн үед хэсгээсээ хоёроор гардаг болоод байгаа. Мёнхенгладбах гуравдугаар байранд орох магадлал өндөр гэж байгаа ч  Шахтер амархан боорцог биш.

С: Порту, Манчестер Сити, Олимпиакос, Марсель

Сити тун сайхан хэсэгт орсон. Үлдсэн гурван баг хоёрдугаар байрны төлөө эн тэнцүү өрсөлдөнө.

D: Ливерпуль, Аякс, Аталанта, Мидтьюлланн

Ливерпульд Аталанта, Аякс хоёр амгалан тайван байх зав өгөхгүй. Премьер лигийн байдлаасаа шалтгаалж, Клопп бүрэлдэхүүнээ өөрчлөнө. Энэ өөрчлөлтөөс бусад багуудын хувь заяа шалтгаална. Сүүлийн үеийн тоглолтоос харахад Аталанта Аяксаас илүү байгаа тул голландчуудыг Европын лигт үдэх байх.

E: Севилья, Челси, Краснодар, Ренн

Сугалаанд оролцсон Дрогба, Малуда хоёр Челси багтаа сулхан өрсөлдөгчид “бэлэглэсэн”. Челси тэргүүлээд Севилья удаална. Испаничууд түрүүлж дадсан Европын лигээ Аваргуудын лигээр солих болно. Үлдсэн хоёр багийн хэн нь хомоол хамахыг таашгүй.

F: Зенит, Борусси, Лацио, Брюгге

Санчо, Холанд гэсэн “цуврал алуурчид” өрсөлдөгчдөө булшлах нь тодорхой. Харин хоёрдугаар байранд Лацио юу, Зенит үү гэдэг сонирхолтой. Цар тахлын түр зогсолтын дараа Лацио танигдахгүй болтлоо формоо алдсан. Харин Зенит плей-оффт шалгарах цаг нь болсон.

G: Ювентус, Барселона, Динамо, Ференцварош

Хоёр жил уулзаагүй Роналду, Месси хоёрын хэн нь дэлхийн шилдэг вэ гэдгээ үзэх сүүлийн талбар нь Аваргуудын лиг боллоо. Мөн Ребров Киевийн Динамо багийнхаа  эсрэг гуравдугаар байрны төлөө тулалдах болно. Пирло ч гэсэн 2015 оны Аваргуудын лигийн финалын хариугаа Барсагаас авах гэж хичээх нь гарцаагүй.

H: ПСЖ, МЮ, Лайпциг, Истанбул

Истанбултэй салах ёс хийхэд болно. Харин үлдсэн гурван багийн дунд гал гарсан тулаан болох ёстой. ПСЖ Аваргуудын лигийн финалд тоглоод удаагүй байгаа бол Лайпциг ямар ч багийг устгах чадалтай. Ингэхээр тогтворгүй тоглолттой МЮ плей-оффт шалгарахгүй байх магадлал өндөр.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top