Буриадын тосгон бөхөө 10 хониор мялаав

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 02

ОХУ-ын Агийн Буриадын тойргийн захиргаанаас нутгийнхаа бөх Арсалан Будажаповын алдрыг тэмдэглэлээ.

Арсалан Будажапов бол 2019 оноос Киргизийн нэр дээр барилдаж байгаа бөх. Аав нь буриад, ээж нь киргиз хүн. 2020 оны хоёрдугаар сард Энэтхэгт болсон Азийн аваргын тэмцээнд чөлөөт бөхийн 79 кг-ийн жинд түрүүлж, Азийн аварга болсон юм.

Энэ гавьяаг нь үнэлж, Агийн Буриадын тойргийн захиргаанаас түүнд “Гавьяаны одон” олгохоор болсон. Цар тахлын улмаас хагас жилийн дараа тэр нутагтаа  ирж, шагналаа гардан авлаа. Одонгоос гадна өөр олон шагнал түүнийг хүлээж байлаа. Байгалийн хязгаарын амбан захирагч түүнд бугуйн цаг бэлэглэсэн бол Цокто-Хангил тосгон 10 хониор аваргыг мялаалаа. Энэ тосгонд 27 жилийн өмнө Арсалан төрж байлаа.

Арсалан Будажаповын гэргий Дарима мөн бөх. Чөлөөт бөхийн ОУХМ цолтой. Тэд гурван хүүхэдтэй бөгөөд Спортын барааны дэлгүүр ажиллуулдаг.

Арсалан Будажапов нутгийн олондоо талархал илэрхийлээд “Ирэх жилийн олимпод амжилттай оролцох зорилготой” гэж ярьсан байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top