Манайд хурдан морины уралдаан байдагтай нэгэн адил Тайландад хурдан бухны уралдаан бий. Харахад болхи мэт бух наадмын үеэр хурдан хүлэг болон хувирдаг.
Паттайяд бухны уралдаан эхэллээ. Энэ бол Тайландын Чонбури мужийн хамгийн том наадам. Улс орны өнцөг булан бүрээс бух уяачид цугларч, гадаад, дотоодын жуулчид ирнэ.
Албан ёсоор энэ уралдаан 150 жилийн өмнө эхэлсэн. Албан бусаар бол бүр эрт үед явагддаг байжээ.
Орон нутгийн тариачдын хувьд баярлаж цэнгэх хамгийн том баяр нь энэ.
Уралдаан борооны улирлын өмнө тариачдын ажил эхлээгүй байхад явагддаг.
XIX зууны сүүлээр уралдааныг Эзэн хаан V Рамад сонирхуулахад ихэд таалж, жил бүр зохион байгуулж байхыг тушаажээ.
Энэ бол уралдаан төдийгүй баяр наадам юм.
Наадам “Гоо үнээ” шалгаруулах миссийн тэмцээнтэй.
Бухыг багаас нь уралдаанд бэлтгэдэг. Хурдан шинжийн тугал сонгож аваад дасгал бэлтгэл хийлгэж, хоолны дэглэм бариулан, шар айраг, өндгөөр тэжээнэ.
Нутгийн тариачдын хувьд хурдан бухыг бэлтгэл хийлгэх нь нэмэлт орлого болдог. Манай уяачдын нэгэн адил тэд баячуудын бухыг маллаж, дасгал сургууль хийлгэнэ. Сургуультай болсон бух 80 мянган батын үнэтэй. Ирээдүйтэй тугал 40 мянган бат.
Хурдан бухыг газар тариалангийн ажилд дайчлахгүй. Асран халамжилж, тордоно.
2012 онд бухын уралдаан нь Тайландын биет бус соёлын өвөөр бүртгэгджээ.
Сэтгэгдэл ( 0 )