Намрын нээлтийн барилдаанд Ховдын Г.Ганхуяг түрүүлэв

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 05

Сумын цолтой болон залуу бөхчүүдийн Намрын нээлтийн 91 дэх удаагийн барилдаан өчигдөр /2020.10.04/ МБӨ-нд боллоо. Барилдаанд 512 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Ховд аймгийн Булган сумын харьяат, сумын заан Ганбаатарын Ганхуяг түрүүлж, Өмнөговь аймгийн Манлай сумын харьяат, сумын заан Батхүүгийн Бат-Эрдэнэ үзүүрлэв. Их шөвөгт Өвөрхангай аймгийн Сант сумын харьяат, сумын заан Дамдиннямын Бат-Эрдэнэ, Архангай аймгийн Хашаат сумын харьяат, сумын заан Сүхбаатарын Сүхбат нар шалгарлаа.

Барилдааны үеэр МҮБХ-ны дэд тэргүүн Ц.Магалжавын санаачлагаар уран барилдаант болон уран гараа дэвээт бөхийг шалгаруулсан бөгөөд уран барилдаант бөхийн шагналыг түрүү бөх Г.Ганхуягт гардуулсан бол уран гараа дэвээт бөхийн шагналыг Өмнөговь аймгийн Гурвантэс сумын харьяат, сумын заан Б.Баянсүхэд олгов. Мөн УДЭТ-ын дарга Д.Цэрэнсамбуу түрүү, үзүүрт шалгарсан хоёр бөхийг өчигдөр нээлтээ хийсэн дэлхийн сонгодог “Анна Каренина” жүжгийн хос урилгаар шагнаж урамшууллаа.

МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top