Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын зарлигаар өнөөдөр (2020.10.05) Монгол Улсад чөлөөт бөхийн спортын суурийг тавилцаж, дэлхий нийтэд нэр алдраа дуурсгасан олон арван шилдэг тамирчид төрүүлж, бүх нийтийн биеийн тамирыг хөгжүүлэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, “Хөдөлмөр” нийгэмлэгийн дасгалжуулагч Хангайн Намширт Монгол Улсын Ардын багш цол олголоо.
Завхан аймгийн Түдэвтэй сумын харьяат, Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Хангайн Намшир чөлөөт бөхийн спортоос төрсөн тав дахь Ардын багш болж байна. Түүнээс өмнө нь 2006 онд Д.Сэрээтэр, 2008 онд Ч.Дамдиншарав, 2009 онд С.Магсар, 2014 онд А.Басхүү нар ардын багш цол хүртэж байв.
Мөн энэ өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын Ерөнхий боловсролын сургуулийн ахмад багш, волейболын спортын Монхорын Гаамаа Монгол Улсын Гавьяат багш цол хүртэв.
Түүнчлэн спортын салбараас Монголын байт харвааны холбооны дэргэдэх өсвөрийн шигшээ багийн дасгалжуулагч Натжавын Дариймаа, Монголын үндэсний сурын холбооны дасгалжуулагч Батдалайн Өлзийдэлгэр, Монголын үндэсний сурын холбооны дасгалжуулагч Дашийн Санжаасүрэн нар Гавьяат дасгалжуулагч цолоор шагнагдлаа.
Мөн Монгол Улсын Гавьяат тамирчин цолоор Монголын Ширээний теннисний холбооны тамирчин Тогосын Болд шагнуулсан юм.
Нийт төрийн дээд шагнал хүртсэн эрхэмүүддээ спорт сонирхогчид, дасгалжуулагчид, шүүгчид, бөхчүүдийн нэрийн өмнөөс халуун баяр хүргэж эрүүл энх, аз жаргал, урт удаан наслахын ерөөл өргөе гэж МҮОХ-ноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 0 )