Сонгомол барилдааны олимпын мөнгөн медальт, дэлхийн аварга, Азийн аварга, Японы бөх Шинобү Ота холимог тулаанд шилжиж магадгүй болжээ.
Өнгөрсөн дөрөвдүгээр сард 2017 оны залуучуудын дэлхийн аварга, чөлөөт бөхийн 25 настай тамирчин Накамүра Риня холимог тулаанд шилжсэнээ зарласан нь нэлээд шуугиан тарьсан. Тэгвэл олимпын мөнгөн медальт Шинобү Ота их спортоо орхих бол чөлөөт бөхийн ертөнц бүр их доргих нь ойлгомжтой.
Ота дөрвөн жил харьялагдсан ALSOK компаниас гарснаа зарлаж “Шинэ зүйлд хүч сорих хүсэлтэй” гэж мэдэгдсэн бөгөөд холимог тулааны бэлтгэл хийж байгаа зургаа олон нийтийн сүлжээнд тавьсан зэргээс үзэхэд тулааны спортод шилжиж байгаа нь бараг 100 хувь батлагдаж байгаа юм.
Тэрбээр Токиогийн олимпын сонгомол барилдааны 60 кг-ийн жинд шигшээ багт орохыг зорьж байсан ч Фүмита Кэничирод суудлаа алдаж, 63 кг-д шилжсэн. Өнгөрсөн жилийн ДАШТ-д 63 кг-д 2018 оны дэлхийн аварга Оросын Степан Маряняныг ялж түрүүлсэн ч олимпын бус жин тул орхиж, 67 кг-д барилдахаар шийдсэн. 165 см өндөртэй түүний хувьд 67 кг-д барилдах тун хэцүү байлаа. 2019 оны 12 дугаар сард болсон улсын аваргын тэмцээнд эхний тойрогт цэвэр ялагдсанаар Токиогийн олимпод оролцох мөрөөдөл нь тасарсан билээ.
Сэтгэгдэл ( 0 )