И.Ариунсайхан: Гурван төрлийн хүнсний бүтээгдэхээс зохиомол цацраг идэвхт цезий-137 изотоп илэрсэн

Админ | Zindaa.mn
2020 оны 10 сарын 16

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын цөмийн болон цацрагийн аюулгүй байдлын хяналтын газрын улсын ахлах байцаагч И.Ариунсайхантай гадаад орчин, хүн амын шарлагын хяналтын талаар ярилцлаа.


-Гадаад орчин, хүн амын шарлагын хяналтын талаар ярилцахаасаа өмнө цацрагийн хяналтын чиглэлээр товчхон мэдээлэл өгөхгүй юу?

-Цацрагийн хяналтын чиглэл нь гурван төрлийн хяналтыг хэрэгжүүлдэг. Нэгдүгээрт, цацрагийн үүсгүүрийн хамгаалалт, аюулгүй байдалд тавих хяналт. Хоёрдугаарт,  цацрагийн үүсгүүртэй харьцан ажиллаж байгаа ажилтнуудад тавих хяналт буюу мэргэжлийн шарлагын хувийн тунгийн хяналт. Гуравдугаарт, хүн амд нөлөөлж болох цацрагийн шарлагын хяналтыг хийж гүйцэтгэдэг.

-Гадаад орчны цацрагийн хяналтыг хэрхэн хийдэг вэ. Ноцтой өөрчлөлт гарч байсан ямар тохиолдлууд байна?

-Манай байгууллагаас цаг уур, орчны шинжилгээний газрын Улаанбаатар хот, 21 аймгийн цаг уурын станцын материаллаг баазад түшиглэн гадаад орчны цацрагийн хяналтыг хэрэгжүүлж байна. Байгалийн цацрагийн дэвсгэр түвшний хяналтыг гүйцэтгэхдээ гамма цацрагийн тунгийн чадлын хэмжилтийг өдөрт 2 удаагийн давтамжтайгаар, тунадас тоосонцрын хэмжилтийг 10 хоног тутамд хийдэг.

Онцгой өөрчлөлт гэх юм бол, Чернобылийн атомын цахилгаан станц болон Фүкүшима Дайчи цөмийн цахилгаан станцын ослын дараах үеийг хэлж болох юм.   Улаанбаатар хотын агаарын аерозолын нийлбэр бета идэвхийн сарын дундаж хэмжээ 1.5мБк/м3 орчим байснаа Чернобылийн атомын цахилгаан станцын ослын дараа 1986 оны 05 дугаар сард 51.6 мБк/м3 хэмжээнд хүрч ердийн хэмжээнээс 34 дахин ихэссэн.

-Өндөр хувь байна шүү. Энэ нөхцөл байдал хэр хугацаанд үргэлжилсэн бэ?

-Дээрх үзүүлэлт аажмаар буурч, 10 хоногийн дараа хэвийн хэмжээтэй болсон байдаг. Харин Фүкүшима Дайчи цөмийн цахилгаан станцын ослын дараа 2011 оны 03 сард гамма цацрагийн тунгийн чадлын хэмжилтийн давтамжийг ойртуулж, цаг тутамд хэмжилтийг гүйцэтгэж байсан. Тухайн үед хэмжилтийн дүнгээр байгалийн цацрагийн дэвсгэр түвшин (0.02мкЗв/цаг)-аас хэтэрсэн тохиолдол гараагүй.

-Таны хийж гүйцэтгэдэг гол ажил бол хүн амд нөлөөлж болох цацрагийн шарлагын хяналт. Хүн амын шарлага гэдэг ойлголтын тухай дэлгэрэнгүй тайлбарлаж өгөхгүй юу?

-Сансрын туяа болон байгалийн цацрагийн дэвсгэр түвшний шарлагаас бусад эх үүсвэрээс хүн амын авч буй шарлагыг хэлдэг. Хүн амын шарлагын хэмжээ нь хүнсний бүтээгдэхүүн, ундны ус, хөрс, дулааны цахилгаан станц, нам даралтын зуухны хаягдал үнс, барилгын материалын дээжид агуулагдах цацраг идэвхийн хэмжээ, барилга байгууламжийн агаарт агуулагдах байгалийн гаралтай цацраг идэвхт радон хийн хуримтлалаас шууд хамаардаг.

Цацрагийн үүсгүүртэй харьцаж ажилладаг хүмүүсийн сард авч болох шарлагын дундаж хэмжээ 20 милли Зиверт/сар байдаг бол хүн амын авч болох зөвшөөрөгдөх хэмжээ 1 миллиЗиверт/жил байдаг. Хүн амын шарлагын 40-50 хувийг цацраг идэвхт хий болох радоны шарлагаас авдаг болох нь судалгаагаар тогтоогдсон байна.

-Тэгэхээр дулааны цахилгаан станц, нам даралтын зуухны хаягдал үнс, импортын хүнсний бүтээгдэхүүн, барилгын материалын дээжид цацраг байдаг гэсэн үг үү?

-Цөмийн цахилгаан станцын ослоос үүссэн цацрагийн бохирдолтой хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэгдсэн байж болзошгүй байдаг. Иймээс Мэргэжлийн хяналтын байгууллага импортоор орж ирж буй хүнсний бүтээгдэхүүнд эрсдэлд суурилсан хяналтыг хэрэгжүүлж, тодорхой бүс нутгаас импортлогдсон тодорхой нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүнд байнга хяналт тавьж ажилладаг.

2020 оны байдлаар 3 нэр төрлийн бүтээгдэхүүний дээжид зохиомол цацраг идэвхт Цезий-137 изотоп илэрсэн ч Монгол Улсад мөрдөгдөж буй Цацрагийн аюулгүйн нормд заасан стандартаас хэтрээгүй байсан.

 Хаанаас олборлосон нүүрс вэ гэдгээс шалтгаалан нүүрсэнд харилцан адилгүй хэмжээгээр цацраг идэвхт изотопууд агуулагддаг. Нүүрсийг шатаасны дараа хаягдал үнсэнд цацраг идэвхийн хэмжээ нэмэгдсэн байдаг. Дулааны цахилгаан станцын хаягдал үнс болон хаягдал үнс ашиглан үйлдвэрлэсэн барилгын материалын дээжид цацраг идэвхт изотопууд агуулагдсаар байдаг.

Эдгээрээс шалтгаалан хүн амд цацрагийн нөлөөлөл байгаа эсэхэд тухай бүр хяналт тавьж ажилладаг юм. Аливаа уурхайн нүүрсний дээжид хийсэн цацрагийн шинжилгээний дүнг үндэслэн ахуйн хэрэглээнд эсвэл эрчим хүчний станцад ашиглаж болох эсэх талаарх ангиллыг Цацрагийн аюулгүйн нормоор тогтоож өгсөн байдаг.

Мөн Цацрагийн аюулгүйн нормд дулааны цахилгаан станцын хаягдал үнсийг нэмэлтээр ашиглан үйлдвэрлэсэн барилгын материалыг цацраг идэвхийн хэмжээнээс нь хамааруулан зориулалтаар ангилсан байдаг. Сүүлийн 3 жилийн хугацаанд 39 барилгын материал үйлдвэрлэгчдийн 86 эцсийн бүтээгдэхүүнд хийсэн цацрагийн шинжилгээний дүнгээс үзэхэд Цацрагийн аюулгүйн нормд заасан зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн тохиолдол илрээгүй.

-Монгол улсын хэмжээнд ундны ус болон хөрсөнд цацрагийн хяналт хийдэг гэж байсан. Энэ талаар тодруулбал?

-Дэлхийн царцдаст уран, тори, кали гэх мэт байгалийн гаралтай цацраг идэвхт изотопууд агуулагдаж байдаг. Хөрс, усанд байгалийн гаралтай цацраг идэвхт изотопууд тодорхой хэмжээгээр агуулагддаг. Мөн цөмийн цахилгаан станцын осол, цөмийн зэвсгийн туршилтаас үүссэн зохиомол цацраг идэвхт изотоп салхиар дамжин гадаргын ус болон хөрсний гадаргууд цацрагийн бохирдол үүсгэж болзошгүй учир цацрагийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх замаар Улаанбаатар хот, 21 аймагт хөрсний хяналт шинжилгээг хэрэгжүүлэн ажиллаж байна.

-Хүн амын шарлагын ихэнх хувийг радон хий эзэлдэг гэж ярилаа. Радон хийг хэрхэн хэмжиж тогтоох боломжтой вэ?

-Радон гэдэг нь байгалийн гаралтай, цацраг идэвхт хий. Өнгөгүй, үнэргүй, хүний нүдэнд үзэгдэхгүй учир тусгай цацрагийн хэмжилтийн багажаар хэмжиж, хуримтлалын хэмжээг тодорхойлдог. Хөрсөнд агуулагдах уран, торийн бүлийн элементийн агууламж, барилгын насжилт, хөрсний геологийн бүтэц, улирлын онцлог зэргээс шалтгаалан радоны хуримтлалын хэмжээ өрөө тасалгаа, гүний худгийн усанд янз бүр байж болно.

-Энэ хий уушгины хорт хавдрын нэг шалтгаан болдог гэсэн, үнэн үү. Үүнээс хэрхэн сэргийлэх вэ. Сүүлийн үед энэ чиглэлээр хийсэн хяналт шалгалтын дүн ямархуу гарав?

-Мэргэжлийн хяналтын байгууллагаас сүүлийн 4 жилийн хугацаанд Улаанбаатар хотын 196 цэцэрлэг, сургууль, музей, номын сан, архивын өрөө, танхимуудад хуримтлагдсан радон хийн хуримтлалыг тогтоох, тандалт судалгааг явуулсан. 2019 онд улсын төсвийн хөрөнгөөр 1 радоны багаж шинээр авч, Дорноговь, Дорнод, Өмнөговь, Дархан-Уул, Орхон аймгийн 40 объектод тандалт судалгааг өргөжүүлэн явуулсан. Тандалт судалгааны дүнгээр 209 барилгын өрөө, тасалгаанд байгалийн гаралтай цацраг идэвхт хий радоны хуримтлал стандарт хэмжээнд байсан бол  27 байгууллагын 41 цэгт зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн үзүүлэлттэй гарсан. Зөвшөөрөгдөх хэмжээнээс хэтэрсэн байгууллагуудад улсын байцаагчийн зөвлөмжийг хүргүүлж ажилласан.

Хүүхдийн бодисын солилцоо эрчимтэй, эсийн хуваагдал байнга явагдаж байдаг учраас цацрагт насанд хүрсэн хүнээс илүү мэдрэмтгий, хожим үүсэх үр дагавар нь илүү байдаг. Тиймээс хүн ам ялангуяа хүүхэд байнга байх үзүүлэлт өндөр барилгуудад (ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, эмнэлэг, музей, номын сан гэх мэт) байгалийн гаралтай радон хийн тандалт судалгааг хийж гүйцэтгэдэг.  

ДЭМБ-ын судалгаагаар уушгины хорт хавдрын анхдагч шалтгаан нь тамхидалт байдаг бол тамхи татдаггүй хүмүүсийн хувьд радон хий нь уг хавдрыг үүсгэгч анхдагч шалтгаан болохыг тогтоосон байна.

Монгол Улсад мөрдөгдөж буй стандартын хувьд радон хийн хуримтлал 1 метр куб агаарт 200 Бк (Беккерель) байвал зөвшөөрөгдөх хэмжээнд байна гэж үздэг. Түрүүн хэлсэнчлэн радон нь өнгөгүй, үнэргүй, хүний нүдэнд үзэгдэхгүй учир тусгай цацрагийн хэмжилтийн багажаар хэмжиж, хуримтлалын хэмжээг тодорхойлдог. Гэхдээ иргэд, байгууллагууд өрөө тасалгаандаа агааржуулалтыг тогтмол хийж, агаар сэлгэж байх нь сэргийлэх нэг арга юм. Ялангуяа хуучны барилгуудад үйл ажиллагаа явуулж байгаа бол.

-Ярилцахад сонирхолтой байлаа. Танд баярлалаа.

Top