Будапештийн "Их Дуулга"-д манай 26 жүдоч барилдана

Автор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 19

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/ энэ сарын 23-25-ны өдөр Унгар улсын нийслэл Будапешт хотод Жүдо бөхийн "Их Дуулга" тэмцээн зохион байгуулахаар шийдвэр гаргасан билээ.

Дэлхийн дахиныг хамарсан /КОВИД-19/ коронавируст цар тахлын улмаас хагас жилийн турш тэмцээнгүй байсан жүдо сонирхогчдын хамаг анхаарал Будапештэд төвлөрөх нь гарцаагүй болж байна.
 


Тус тэмцээн нь 1-т цар тахлын 2 дахь давалгааны үеэр тэр дундаа өвчлөл ихтэй Европ тивд зохион байгуулагдаж байгаараа, бас халдвараас урьдчилан сэргийлэх дээд зэргийн арга хэмжээг авч хэрэгжүүлж буй Унгар улсад, 2-т Унгар улс олон улсын харилцааны арга хэлбэрүүдээс спортын уралдаан, тэмцээнийг өөрийн улсад зохион байгуулах тал дээр ихээхэн анхаарал тавьж, спортын арга хэмжээг дипломат арга хэмжээ болгон ач холбогдлыг нь нэмэгдүүлж байгаагаараа онцлог юм.

Будапештийн "Их Дуулга"-г жүдо бөх сонирхогч хөгжөөн дэмжигчид асар ихээр сонирхож байгаа ч цар тахлаас шалтгаалан үзэгчгүй, маш өндөр хяналтан дор зохион байгуулагдах учраас ТВ, онлайнаар шууд дамжуулалтыг үзэхийг уриалж байгаа юм. IJF-ээс зарласан "Токио 2021" зуны олимпийн наадамд оролцох эрхийн оноо өгөх 3-н тэмцээний нэг энэ тэмцээнд 5 тивийн 76 орны 538 жүдоч эрэгтэй 7, эмэгтэй 7 жинд 2 өдрийн турш өрсөлдөх юм.

Манай улсын хувьд Гавьяат тамирчин М.Бундмаа, ОУХМ Б.Батгэрэл, Мохаммед Мансури /Саид Моллай/ гэсэн гурван дасгалжуулагчтай, эмэгтэй 13, эрэгтэй 13, нийт 26 жүдоч барилдахаар мэдүүлгээ өгөөд байна.

Эрэгтэйчүүдийн 60кг жинд Л.Өнөболд, Б.Цогтбаяр, 66кг жинд Б.Эрхэмбаяр, Б.Нармандах, 73кг жинд Л.Анхзаяа, Б.Эрдэнэбаяр, 81кг жинд С.Моллай, Б.Мөррэнцэн, 90кг жинд Г.Алтанбагана, Г.Пунцагцэрэн, 100кг жинд Б.Гончигсүрэн, Б.Мөнхбаяр, +100кг жинд О.Цэцэнцэнгэл, эмэгтэйчүүдийн 48кг жинд Г.Наранцэцэг, А.Нямхишиг, 52кг жинд Б.Хорлоодой, Ц.Гал-Од, 57кг жинд Б.Алтанцэцэг, 63кг жинд Л.Дэлгэрмаа, О. Саруул, 70кг жинд М.Даваасүрэн, Ц.Буянжаргал, 78кг жинд О.Мөнхцэцэг, Б.Эрдэнэт-Од, +78кг жинд Э.Гандиймаа, А.Адьяасүрэн гэсэн бүрэлдхүүнтэй оролцоно.

Тамирчид, дасгалжуулагчид онцгой байдлын ерөнхий газраас өгсөн зөвлөмжийг дагаж, ХӨСҮТ-ийн эмчийн хяналтанд байж коронавирусийн шинжилгээг өгсөн бөгөөд тусгай нислэгээр Унгар улсыг зорих юм. Мөн тэнд очоод зочид буудал, тэмцээн болох танхим, бэлтгэлийн заал бүрэн тусгаарлалтанд байж, хэнийг ч гаргахгүй, бас оруулахгүйгээр зохион байгуулалтанд орох юм гэж Монголын жүдо бөхийн холбооноос мэдээллээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Bat(86.49.251.85) 2020 оны 10 сарын 21

Sosorbaram yasan yum bol

0  |  0
Top